Шинэчилсэн журам бичил уурхайчдад таатай орчин нөхцлийг бий болголоо


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Press releases, 19.06.2017

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл болон бусад бичил уурхайн салбарын хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” шинэчлэн батлагдлаа.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирт дахь Бичил уурхай эрхчлэгч © SDC

2010 онд батлагдсан өмнөх журам нь Монгол Улсын бичил уурхайн салбарыг эрх зүйн хувьд зохицуулж байсан боловч хэрэгжилтийн явцад хүний эрхийн асуудлуудыг тусгаагүй, бусад хууль тогтоомжтой зөрчилдөх, техникийн хувьд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байсан билээ.
 
Шинэчлэгдсэн журмыг бичил уурхайн салбарын оролцогч талууд өргөн хүрээний олон удаагийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж, хуримтлуулсан практик туршлага, сургамж дээр үндэслэн боловсруулсан билээ. Журмаар бичил уурхайд чиглэсэн төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилготой салбар хоорондын зөвлөл байгуулагдана.

Түүнчлэн аймгийн Засаг даргын үүрэг, оролцоог нэмэгдүүлж өгсөнөөр бичил уурхайчдад тухайн аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох боломж олгож, улмаар бичил уурхайд ашиглах техникийн хүчин чадлыг долоо дахин нэмэгдүүлж, ашигт малтмал олборлох гэрээг тухайн талбай дахь ашигт малтмалыг дуусах хугацаагаар байгуулах боллоо.

Шинэчлэгдсэн журам бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлт хийхийг бичил уурхайчдад үүрэг болгож ингэснээр тэдний байгаль орчны хариуцлагыг дээшлүүлэх юм. Энэхүү байгаль орчны нөхөн сэргээлтийн аргачлалыг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр боловсруулсан билээ.

Швейцарийн хөгжлийн агентлаг, Тогтвортой бичил уурхай төслийн  зүгээс Монгол Улсын Засгийн газарт болон Монгол Улсын бичил уурхайн салбарын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход гол үүрэг гүйцэтгэсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд талархал илэрхийлж байна. Шинэчлэн баталсан энэхүү журам нь Монгол Улсад ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Тогтвортой бичил уурхай төслийн тухай
Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хал багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна.

Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм.

Холбоо барих

Ц.Тансагмаа -Тогтвортой бичил уурхай төслийн хэвлэл мэдээллийн ажилтан, +976 11 328848, tansagmaa.tsog@sam.mn