Нэг цэгийн үйлчилгээний төвүүд хүчирхийллийн хохирогчдод шаардлагатай үйлчилгээ авах боломжоор хангаж байна


Cette page n’est pas disponible en français. Veuillez choisir une langue ci-dessous:

Press releases, 11.06.2019

Монгол Улсын хувьд ЖСХ-ийн (Жендэрт суурилсан хүчирхийлэл) хохирогчдод хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллээс  өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалах, хүчирхийллийг даван туулах, шаардлагатай бүхий л   үйлчилгээг нэг дороос авах боломжийг олгосон Нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг (НЦҮТ) аймаг, дүүргийн түвшинд байгуулан ажиллуулж эхлээд билээ.

Нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлт
Нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлт ©НҮБХАС

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг болон Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд өнгөрсөн жилийн хугацаанд долоон НЦҮТ-ийг Хөвсгөл, Баян-Өлгий, Дархан-Уул, Хэнтий, Дорнод гэсэн таван аймаг, Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд байгуулаад байгаа бөгөөд энэ онд ахин хоёр төвийг Өмнөговь, Өвөрхангай аймгуудад нээхээр ажиллаж байна.

Дээрх аймаг, дүүргүүдийг 2017 онд үндэсний хэмжээнд хийгдсэн хүчирхийллийн тархаалтын судалгааны дүнд суурилан сонгосон бөгөөд энэхүү төвүүдийг байгуулснаар хүчирхийллийн хохирогчид аюулгүй байдлаа хамгаалуулж, тусламж дэмжлэг авахаар олон байгууллагыг дамжин явалгүй, нэг дороос хэрэгцээтэй бүх үйлчилгээг авах боломжоор хангаж байгаад гол ач холбогдол нь оршиж байгаа юм. НЦҮТ-д ирсэн үйлчлүүлэгч хүчирхийлэл үйлдэгчийг үйлдсэн хэргийнх нь төлөө шалган арга хэмжээ авч байх хооронд сэтгэл зүйн хямралаас гарах,  амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох хүртлээ тав тухтай орчинд байрлан эрүүл мэнд, сэтгэл зүй, хууль эрхзүйн зөвлөгөө, хамгааллын шаардлагатай үйлчилгээг авах боломжтой.

Энэхүү шинээр байгуулагдсан долоон төвөөс гадна өмнө нь байгуулагдан үйл ажиллагаагаа явуулсаар байгаа зургаан НЦҮТ-д төслийн зүгээс техник арга зүйн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байгаа бөгөөд эдгээр төвүүдээр дамжуулан илүү олон хүнд хэрэгцээтэй үйлчилгээг хүргэж байгаа билээ. Эдгээр төвүүдээр 2018 онд 1,195 эмэгтэй, 1,628 хүүхэд, 27 эрэгтэй нийт 2,850 хүнд шаардлагатай үйлчилгээг үзүүлсэн ба энэ тоо нь 2017 оныхтой харьцуулахад 37%-иар өссөн байна.

НЦҮТ-ийг өргөжүүлэн шинээр байгуулахад түлхэц болсон бас нэгэн гол хүчин зүйл нь үйлчлүүлэгч, хохирогчдод гарсан өөрчлөлт, үр нөлөө юм. Өөрийн гэр орондоо бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн нэгэн үйлчлүүлэгч ярихдаа НЦҮТ-өөр үйлчлүүлсэнээр манай гэр бүлийнамьдрал, гэр бүлийн уур амьсгал  хэвийн байдалдаа эргэн орж,  хүчирхийлэл давтагдахгүй байхад маш том дэмжлэг болсон НЦҮТ-өөр хүүхдүүдтэйгээ хамт үйлчлүүлж байх хугацаанд хамтарсан баг нөхөртэй маань  ажиллаж, өөрийнх нь хүсэлтээр архины эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулан эрүүлжүүлж ажилдаа эргэн ороход нь тусалсан.  Мөн хүүхдүүд маань тус төвөөр үйлчлүүлж байхдаа боловсролын үйлчилгээг тасралтгүй авч өөртөө итгэх итгэл нь нэмэгдсэнээр зогсохгүй сургуулийн манлай сурагчаар шалгарч, хүүхдийн оролцооны байгууллагад гишүүнээр элссэн. Хохирогч эмэгтэйн хувьд стресс бухимдлаа тайлах, өөрийгөө хамгаалах аргад суралцсан бөгөөд өөртөө итгэх итгэл нь бэхжин ажилд орсон байна. Энэ бүхнийг тэрээр НЦҮТ-ийн ажилтнуудын сэтгэл харамгүй тусламж, үйлчилгээний үр дүн гэж үзэж байгаагаа хэлэв.

Тэрээр хэлэхдээ: "НЦҮТ-ийн ажилчдад маш их талархаж байгаа. Цэцэрлэгийн насны 2 хүүхдийг маань цэцэрлэгт хамруулж ажил хийх боломжийг бас бүрдүүлж өгсөнд маш их баярлалаа”.

Хөвсгөл аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Р.Машбат НЦҮТ-ийн үйл ажиллагаа нь аймгийн хувьд ЖСХ-тэй тэмцэхэд маш том түлхэц болж байгааг хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ: “Төрийн байгуулагууд, тэр дундаа аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хувьд аймагт хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх НЦҮТ-тэй болсонд талархалтай байгаа. Яагаад гэвэл Хөвсгөл аймгийн хувьд үндэсний хэмжээний судалгааны дүнгээр хүчирхийллийн тархалтаар улсдаа 10-р байранд орсон ч тэрний цаана эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэр бүлүүд хохирч байгаа гэдэг нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа. Үнэндээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, түүнийг дагаж гарсан журмууд батлагдсан хэдий ч тэдгээрийг хэрэгжүүлэхэд тулгамдаад байсан асуудал нь  хохирогчдыг хамгаалах, шаардлагатай үйлчилгээг үзүүлэх НЦҮТ-ийг байгуулах асуудал байсан, энэхүү төвийг байгуулсанаар энэхүү хууль, журмуудийг хэрэгжүүлэх нэг гол тулах цэг нь болж байна гэж миний хувьд үзэж байна”.   

Монголд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр (1) илүү оновчтой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоон мэдээ, мэдээлэл цуглуулж; (2) жендэрт суурилсан хүчирхийллийн бодит байдлын талаарх олон нийт, холбогдох албан тушаалтнуудын мэдлэгийг нэмэгдүүлж; (3) жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбархоорондын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэн  ажиллаж байгаа бөгөөд нэг цэгийн үйлчилгээний төв бол энэхүү өргөн хүрээний үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм. Төслийн хүрээнд сүүлийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улсад ЖСХ-ийг таслан зогсоох зорилгоор хэд хэдэн чухал ажлуудыг хийснээс дурьдвал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг хэрэгжүүлэх журмуудыг батлуулсан, ЖСХ-ийн үндэсний хэмжээний судалгааг хийж тайланг хэвлүүлэн үр дүнг үндэсний хэмжээнд тархаасан, ЖСХ-ийн нэгдсэн тоон мэдээллийн eGBV санг хөгжүүлэн ашиглаж эхэлсэн, мөн НЦҮТ-үүдийг байгуулан, хамтарсан багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаануудыг тасралтгүй явуулсаар ирсэн.