“Монгол хувцасны нууц товчоон” баримтат кино


Cette page n’est pas disponible en français. Veuillez choisir une langue ci-dessous:

Local news, 21.03.2022

Та Монгол үндэсний хувцас болох өвөрмөц, дахин давтагдашгүй, өнгөлөг, ихэвчлэн гоёмсог хатгамалаар чимэглэсэн “дээл”-ийг мэдэх үү? Та толгойн гоёл чимэглэлийн бэлгэдэл болсон өвөрмөц, гайхалтай үндэсний хэв шинжийг агуулсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн малгайн ялгааг олж чадах уу?

Баримтат киноны уран бүтээлчид
Баримтат киноны уран бүтээлчид ©ШХА

Монголчууд тэр дундаа эрчүүд, эмэгтэйчүүд өөр өөрсдийн онцлогийг харуулсан өвөрмөц загвартай дээл өмсдөг ба сүүлийн үед өсвөр насны охид, хөвгүүд ялангуяа баяр, тэмдэглэлт өдрүүд болох Цагаан сар, Наадмаараа үндэсний хувцсаа өмсөж заншиж байгаа ч тухайн хувцасныхаа язгуур өв, үүх түүхийг сайн мэдэхгүй байна.

Монгол дээл нь олон зууны туршид Монгол Улс дэлхийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монголын түүхийн нэг хэсэг болохоос гадна хүн төрөлхтний хувцасны соёлд тодорхой хэмжээнд нөлөөлөл үзүүлсээр ирсэн юм. Хувцасны дизайнерууд, оёдолчид, урчууд, уран бүтээлчид эдгээр хувцасны соёлыг өнөөгийн бидэнд болон хойч үедээ өвлүүлэн үлдээж, сурталчилан таниулах гол ажлыг хийсээр иржээ. Энэхүү биет бус соёлын өв нь Монголын айл өрх бүрт шингэж үлдсэн үндэсний хувцасны хэрэглээ, хадгалалт, судалгаа, сурталчилгаа, зэргээс ихээхэн хамааралтай юм. Монгол хувцасны жижиг элемент, нарийн чимхлүүр оёдлыг кино урлагийн дүрүүдийн өвөрмөц байдлыг гаргахад тусгахаас гадна орчин үеийн загварын дизайнд болон өдөр тутмын хувцасны загварт ч өргөнөөр ашигладаг болжээ. Монгол үндэсний хувцасыг цаашид судалж, олон улсын шинэ зах зээлд гаргах асар их нөөц байсаар байна.

“Монгол Костюмс” компани бол бизнес эрхлэгч гайхалтай эмэгтэйчүүдийн удирддаг үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг компани юм. “Монгол костюмс” компани нь Монгол хувцасны түүхийг судлах, бичиж үлдээх, сурталчилан таниулах гол зорилготой. Тэд сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн 40 гаруй улс орон, Монголын бүх аймаг, сумдын орон нутгийн судлах музей, номын сангаас монгол үндэсний хувцас, хэрэглэлтэй холбоотой түүх, судалгаа, мэдээ мэдээлэл, материалыг цуглуулж нэгтгэн баримтжуулжээ. Ингэснээрээ Монголын олон ястны гайхалтай хувцас хэрэглэл, дээл, малгай, гоёл чимэглэлийн түүх, тэдгээрийн онцлог, ялгааг харуулсан нотлох баримт, мэдээллийг нямбайлан цуглуулж мэдээллийн сан үүсгэсэн байна. Тухайн хувцасны хэсэг бүр нь өвөрмөц, гараар урласан бөгөөд өөр өөр бэлгэдэл, утга санааг агуулсан байдаг.

2020 онд “Монгол Костюмс” компани нь Швейцарын хөгжлийн агентлагийн соёл урлагийг дэмжих төслийн уралдаанд “Монгол хувцасны нууц товчоон” зохиолыг бүтээл болгох зорилгоор төслийн саналаа ирүүлсэнд бидний зүгээс 34,400 швейцар франкийн дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан юм. КОВИД-19 цар талын хөл хорионоос үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг үл харгалзан нэрт түүхч, археологич, эрдэмтэн, дизайнерууд, уран сайхны болон баримтат киногоор нэрд гарсан “Сэмүүн” студийн хамтын хүчин чармайлтаар “Монгол хувцасны нууц товчоон” баримтат киног 2021 оны сүүлээр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр үзэгчдийн хүртээл болгосон юм.

Энэхүү баримтат кино нь монголчуудад өөрсдийн түүх, өвөрмөц, гайхалтай соёлыг илүү ихээр таниулах боломжийг олгосон байна. Монгол үндэсний дээл нь  эрт үеэс үед уламжлагдан ирсэн бөгөөд монголчууд энэхүү өнгөлөг, дахин давтагдашгүй хувцасаараа бахархан гоёж, өөр орны соёл, үндэстнээс ялгардаг онцлогтой билээ. Үүнээс гадна бусад улсын загвар зохион бүтээгчдэд ч урам, шинэлэг санаа өгч байдаг билээ. Мэдээлэл сайтай, сонирхол татахуйц энэхүү баримтат киног үзээд найз нөхөд, хайртай хүмүүстээ түгээгээрэй.