Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль шинээр батлагдлаа


Questa pagina non è disponibile in italiano. Selezionare una delle lingue seguenti:

Press releases, 15.12.2017

Улсын Их Хурлын чуулганаар хөдөө аж ахуйн салбарыг бэхжүүлэх ач холбогдол бүхий шинэчлэсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 оны 12 сарын 08-ны өдөр соёрхон баталлаа.

Малаа эрүүлжүүлэх талаарх малчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх нь эрүүл мал сүрэгтэй байх үндэс юм. © SDC

Энэхүү хуулийг баталснаар Монгол улсын мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэх чухал алхам болж байгаа бөгөөд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Монгол Улс энэхүү хуулийг баталсан явдалд Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн Хамтын ажиллагааны захирал Габриелла Cпирли баяр хүргэж, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарыг чадавхжуулж, улсын эдийн засгийг солонгоруулахад чухал хувь нэмрээ оруулах болно” гэж хэллээ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчилснээр мал эмнэлгийн салбарын сайн засаглал хөгжиж мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах ажил илүү үр дүнтэй болно. Түүнчлэн шинэ хуулиар мал эмнэлгийн албаны тогтолцоо босоо болж, мал аж ахуйн салбарт оролцогчдын үүрэг хариуцлагыг илүү тодорхой болгосон байна.  Өвчинтэй тэмцэх арга хэмжээг илүү шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, малын бүртгэл мэдээлэл мөшгих тогтолцооны асуудлуудыг ч тусгасан байна. Энэ хуулийг хэрэгжүүлснээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах замаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах юм.

ШХА нь сүүлийн 10 гаруй жилийн турш Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд шинэ хуулийг талархалтайгаар хүлээн авч байна. ШХА Монголын мал эмнэлгийн салбарыг чадавхжуулах зорилгоор Малын эрүүл мэнд төслийг 2008 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн.

Швейцарийн Холбооны Улсын зүгээс шинээр батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт, хуультай холбогдон гарах журам, зааврын өөрчлөлт зэргийг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.