Монголд үйлдвэрлэсэн сарлагийн арьсан хөл бөмбөг Дубайд хүрлээ


Questa pagina non è disponibile in italiano. Selezionare una delle lingue seguenti:

Local news, 19.03.2022

Монгол Улс 600 мянга орчим сарлагтай. Сарлагийн сүрэг ихэвчлэн өндөр уулархаг бүс нутагт амьдардаг. Сарлаг маллаж амьжиргаагаа залгуулдаг 20,000 малчин өрх байдаг байна. Сарлаг бол байгальд ээлтэй амьтан бөгөөд ихэвчлэн Алтай Хангайн нурууны өндөр уулын бэлчээрт нутагладаг.

Сарлагийн арьсан бөмбөг
Сарлагийн арьсан бөмбөг ©ШХА

Сарлагийн арьс, сарлагийн хөөвөр их дулаахан, ая тухыг мэдрүүлдэг нь энэ амьтан хүйтэн орчинд зохицон амьдардагтай нь холбоотой юм. Мөн өөр орчинд ч дасан зохицон амьдрах чадвартай байдаг.

Малчид сарлагийн арьсаа хоршоодод авчирч чанарыг нь шалгуулж, гарал үүслийг нь тодорхойлон бүртгүүлдэг байна. Арьс ширийг бүртгэсний дараа хоршоод нь арьс боловсруулах үйлдвэрүүдэд борлуулах ажлыг зохион байгуулдаг байна. Дөрвөн үе шат дамжсаны дараа малчдын бэлтгэсэн мөшгих тогтолцоотой, чанартай сарлагийн арьс нь хөл бөмбөг хийхэд бэлэн болдог.

“Ханаан нутаг” компани нь “ЗЭВ” брэнддээ зориулан сарлагийн арьсаар гараар оёсон хөл бөмбөг үйлдвэрлэдэг. Уг гарааны компани нь ихэвчлэн гарын ур дүйтэй залуучууд ажилладаг ба тэдгээр ажилчдын зарим нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Залуучуудыг дэмжиж, сургалтад хамрагдах боломжийг олгодог. Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт малын эрүүл мэнд” төслөөс “ЗЭВ” брэндийг санаачлан дэмжсэн.

ШХА-ийн “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл 17 гаруй жил хэрэгжиж, өнгөрсөн онд амжилттай хэрэгжиж дууссан юм. Энэхүү төсөл нь Монгол Улсын хэмжээнд 90,000 гаруй мянган малчин өрхийн амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүлж, бэлчээрийн даац хэтэрсэн 20 гаруй сая га талбайг нөхөн сэргээсэн зэрэг томоохон үр дүнтэй хүрсэн билээ. Малын эрүүл мэндийг сайжруулснаар малын түүхий эд болох ноос, арьс шир, махны чанарыг дээшлүүлж улмаар өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэргэжлийн маркетингийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

“ЗЭВ” брэндийн хөл бөмбөг нь сарлагийн арьсаар хийгдсэн. Бөмбөлөг хийх арьс ширийг Монголын малчид тогтвортой үйлдвэрлэж, “Хариуцлагатай Нүүдэлчид” брэндээр баталгаажуулсан байна. Энэхүү брэнд нь тухайн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, гарал үүслийг мөшгин тодорхойлох, бэлчээрийг зохистой ашиглалт, малын эрүүл мэнд, арчилгаа маллагаа, малчин өрхүүдийн шууд оролцоог баталгаажуулан хэрэглэгчдэд олгодог юм.

“Хариуцлагатай Нүүдэлчид” - малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн мөшгих системээр дамжуулан хэрэглэгчид бүтээгдэхүүний шошгон дээрх QR кодыг уншуулж тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн малчид, бэлчээрийн нөхцөл, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэг суурь мэдээллийг авах боломжтой.

Өнөөдөр сарлагийн арьсан хөл бөмбөг дэлхийн өнцөг булан бүрт хүрч, Монголын бэлчээр нутаг, нүүдэлчин ахуй, уламжлал, соёлыг сурталчилж байна. Швейцарын Женевт байрлах Олон улсын худалдааны төвийн Мэдээлэл, харилцааны албаны дарга ноён Витторио Каммарота Саудын Арабын Эрхэмсэг гүнж Рийм Бинт Абдулла Бин Мосаад Монголын сарлагийн арьсан хөл бөмбөгийг мөшгих тогтолцоо нь тодорхой, тогтвортой, шинэлэг бүтээгдэхүүний жишээ болгон бэлэглэжээ. Та энэ сайтаас Монголын сарлагийн арьсан хөл бөмбөг захиалах боломжтой.