Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод цогц үйлчилгээ хүргэх олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ

Local news, 09.05.2017

2017 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас гурван хүн нас барсан гэж Хууль зүй, дотоод хэргийн (ХЗДХ) яамнаас мэдээлсэн.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, 2016 оны байдлаар

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 2016 онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1449 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2015 онтой харьцуулбал 93 хэргээр нэмэгдсэн гэсэн үг юм. Гэр бүлийн хүчирхийлэлд нийт 1357 иргэн өртсөнөөс  1217 хүн гэмтэж, 18 хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон талт хамтын ажиллагаа сэдэвт үндэсний чуулган дээр НҮБ-ийн Хүн амын сан (НҮБХАС)-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара хэлсэн үгэндээ гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл (ЖСХ) нь олон нийтийг түгшээсэн асуудал бөгөөд улс орны тогтвортой хөгжилд саад болж буй хүчин зүйл юм гэдгийг цохон тэмдэглэлээ.

Энэхүү чуулганд аймаг, дүүргийн холбогдох бүх байгууллагуудын ажилтнууд оролцож, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мөн хохирогчдод иж бүрэн дэмжлэг тусламжийг олон улсад хэрэгжиж буй стандартын дагуу үр дүнтэй хүргэх талаар хэрхэн хамтарч ажиллахаар зөвшилцөж, ярилцлаа.

2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж ирсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нь хүчирхийлэлд өртсөн хохирогчдод эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах зэрэг бүхий л цогц үйлчилгээ үзүүлэхийг онцлон тусгасан.

Нэмэлт өөрчлөлт оруулж баталсан энэхүү хууль нь дээр дурьдсан цогц үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай хууль эрхзүйн орчныг бүрдүүллээ.

Чуулганаар хохирогчдод үзүүлэх төрийн үйлчилгээний уялдаа холбоог улам сайжруулахыг онцлов.Чуулганы төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод эмнэлгийн, сэтгэл зүйн, хуулийн, холбон зуучлах болон нийгмийн халамж тусламж үзүүлэхэд холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтарсан багийн үүрэг нэн чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

“Бид бүх талын хамтын ажиллагааг дэмжсэн цогц үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий багийг байгуулах ажлыг амжилттай туршлаа” гэж Наоми Китахара хэлэв. Тэрбээр, “Сум, хорооны Засаг дарга ахалж буй энэхүү баг нь хүчирхийлэлд өртөгсдөд төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх талаар бүх салбарын уялдааг хангаж ажиллаж байна” гэлээ.

НҮБХАС болон бусад талуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсад одоогоор гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд цогц үйлчилгээ үзүүлэх зургаан нэг цэгийн үйлчилгээний төвүүд байгуулсан. Эдгээр төвүүд нь хохирогчдод эрүүл мэндийн, сэтгэл зүйн болон нийгмийн үйлчилгээг нэг доор чирэгдэлгүй хүргэх үр дүнтэй арга гэж үзэж байна.

Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА) нь НҮБХАС-аас хэрэгжүүлж буй ЖСХ-тэй тэмцэх төслийг хамтран санхүүжүүлж, энэхүү асуудлыг шийдвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд нэн шаардлагатай санхүүгийн тусламжийг үзүүлж байна.

Жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд аливаа улс орон энэхүү үзэгдлийг таслан зогсоож, хохирогчдод шаардлагатай иж бүрэн хамгаалалт, дэмжлэгийг үзүүлэх үүрэгтэй гэж Швейцарийн хөгжлийн агентлаг үзэж байгааг тус агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриелла Спирли онцлон тэмдэглэлээ. ШХУ-ийн Засгийн газраас Монгол улсын Засгийн газрыг ГБХ-тэй тэмцэх хуулийг шинэчлэн баталсныг сайшааж, цаашид хохирогчдод бүх талын дэмжлэг үзүүлэх механизмыг бий болгоход хамтран ажиллах бөгөөд үндэсний хэмжээнд уг үзэгдлийн цар хүрээ тогтоох судалгаа явуулах болон холбогдох төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүмүүс хуулийн дагуу зохих дэмжлэг тусламжийг хүртдэг болох системийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Чуулганаар шинээр батлагдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийн хангахын тулд хохирогчдод цогц үйлчилгээ үзүүлэх олон талт хамтын ажиллагааг цаашид улам боловсронгуй болгох зөвлөмж, авч хэрэгжүүлэх гол үйл ажиллагааг багтаасан төлөвлөгөөг баталлаа.

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоосоор орж авна уу?