Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Press release, 04.07.2019

Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони болон албаны бусад хүмүүс дагалдан ирлээ.

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио болон Монгол Улсын УИХ-ын дарга Г. Занданшатарын хамт
Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио болон Монгол Улсын УИХ-ын дарга Г. Занданшатарын хамт ©МУЗГ

Монгол Улс, Швейцарын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилийн ой 2019 онд тохиож буйг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон  “Швейцарын Холбооны Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй биднийг зах зээл, ардчиллын замд шилжихэд тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэн хандивлагч, дэмжигч орон. Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад үзүүлж буй тусламж дэмжлэг нь хөдөө аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амьжиргааг дэмжих, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн гэлээ.

ШХУ-ын Үндэсний зөвлөлийн дарга М.К.Гүшетти Монгол Улсад айлчлахыг урьж, найрсаг дотноор хүлээн авч буйд нь талархан, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, тоо хэмжээ бага байгаа ч ирээдүйд  улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлоод, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг дэмжих нь чухал гэдгийг онцоллоо. Түүнчлэн Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны газар үйл ажиллагаагаа 2004 оноос эхэлж, хөдөө аж ахуй, мэргэжлийн боловсрол, засаглалыг сайжруулах, бичил уурхайг дэмжих зэрэг олон салбарт төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. 2018-2021 оны хамтын ажиллагааны стратеги нь хүрсэн үр дүнгээ улам бататган бэхжүүлэхэд чиглэж байгаа. Мөн хотжилтын сөрөг үр нөлөөг даван туулах, тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах, дотоод шилжилт хөдөлгөөний асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулж байна гэлээ. Мөн Монголд бэлчээрийн тогтвортой менежементийг хэрэгжүүлж, малчдын өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Үйл ажиллагааны туршлага, судалгаанаас “Бэлчээрийн тухай” хууль батлан хэрэгжүүлэх нь чухал байна  гэлээ.

Айлчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад болон Гадаад хэргийн сайд Д. Цогтбаатарт бараалхлаа. Уулзалтын үеэр эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд улс төр болон хууль эрхзүйн тогтвортой орчин чухал гэдгийг онцлон эдийг засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой олон салбар байгаа дотор Монголын аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүний тулд Швейцараас менежмэнтийн шинэ арга барил нутагшуулах боломжтой гэж үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн юм.

Айчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Увс болон Ховд аймгуудад айчлан Швейцарын хөгжлийн агентлагийн хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцлаа. Түүний энэхүү айчлал нь маш үр дүнтэй Швейцар Монголын харилцаанд томоохон дэвшил гаргах айлчлал байлаа.