Дээрх чиглэлээр цөөхөн улс орон ахиц гаргаж чадсан бөгөөд тэдний нэг нь Монгол Улс юм. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр сүүлийн 14 жилийн дотор бичил уурхай нь замбараагүй, хууль бус, гадуурхагдсан байдлаас хуулийн зохицуулалттай, албажсан, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн орлогын эх үүсвэр болон өөрчлөгдөж, Монгол Улс нь байгаль орчны менежментийн сайн туршлагыг нэвтрүүлж, шударга олборлолтын хоёр ч гэрчилгээний эзэн болоод байна.
2019 оны 4 сарын 23-26-ны өдрүүдэд Франц Улсын Парис хотноо Эрдэс баялгийн хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээний 13-р форум амжилттай зохион байгуулагдлаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (ЭЗХАХБ) жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг формоор эрдэс баялгийн хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээний магадлан итгэмжлэлийн удирдамжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж нийлүүлэлтийн сүлжээг хариуцлагатай, ил тод болгоход чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулагдлаа. Форумын үеэр ШХА-ын Тогтвортой бичил уурхай төслөөс “Монгол Улс дахь хариуцлагатай бичил уурхай: Зохион байгуулалт болон Албажуулалт” сэдвийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. 2005 оноос хойш 14 жилийн хугацаанд хэрэгжиж буй Тогтвортой бичил уурхай төсөл 2019 онд дуусаж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд хийгдсэн үйл ажиллагаа, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт Ашигт малтмал газрын тосны газар, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг, Хариуцлагатай уул уурхайн холбоо болон бичил уурхайчдын төлөөлөл оролцож, бичил уурхайн зохион байгуулалт, албажуулалт, хууль эрх зүйн орчин, хүний эрхийн хандлага, талуудын хамтын ажиллагаа, оролцоо, нийлүүлэлтийн сүлжээ зэрэг сэдвээр мэдээлэл хуваалцсан юм. Тус уулзалт хэлэлцүүлэгт 40 орчим төлөөлөгч оролцож, туршлага судалснаар үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Дээрх уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд дараах 5 гол хүчин зүйл Монгол Улсын бичил уурхайн зохион байгуулалт ба албажуулалтад чухал ач холбогдолтой байсан талаар оролцогчид цохон тэмдэглэж байлаа. Үүнд:
- Сайн засаглал, хуульчлах үйл ажиллагаа, улс төрийн чин эрмэлзэл
- Хүний эрхэд суурилсан хандлага ба бичил уурхайчдыг чадавхжуулах нь
- Мэдлэг хуваалцах нь
- Хувийн хэвшлийн оролцоо, засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагаа болон төсөвтэй нь уялдуулах нь
- Донорын тууштай байдал болон орон нутгийн хариуцлага
Монгол Улс нь бичил уурхайг албажуулах ажилд томоохон амжилт гаргасан бөгөөд хамтрагч талууд нь ирээдүйд үүсэх аливаа асуудлыг хамтдаа даван туулахад бэлэн байгаагаа илэрхийлж байлаа. Хүмүүсийн тэр тусмаа аливаа байгууллагын хандлагыг өөрчилнө гэдэг их том амжилт бөгөөд бусад бичил уурхай бүхий улс орнуудтай харьцуулбал их ховор тохиолдох зүйл юм.