Тогтвортой хөгжлийн боловсрол-II –оос эхтэй Хөвгүүдийн чуулган

Local news, 03.05.2021

Хөвгүүд өөрсдийгөө хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байна, чөлөөт цагаа үр дүнтэй ашиглаж чадаж байна уу, эсвэл..., аминчхан нууцаа хэнтэй хуваалцаж, мэдээллийг хаанаас авдаг вэ, хөвгүүд багш, эцэг эхчүүдтэйгээ нээлттэй байж чаддаг уу?  Ийм байдлаар хөвгүүдэд ярилцаж хэлэлцэх, зөвлөгөө авах, туршлага солилцох, шийдэл гаргах асуудал олон бий. 

Хөвгүүдийн чуулган, Ховд аймаг
Хөвгүүдийн чуулган, Ховд аймаг ©ШХА

 Яг л энэ сэдвээр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хөвгүүд чууллаа. Одоо ч Жаргалант сумынхан, дээрх сургуулийнхны дунд хөвгүүдийн чуулганы сонин сайхан яриа хөөрөө, ажил хэрэг, санал сэтгэгдэл өрнөсөөр. Цаашид энэ чуулганыг сургуулийн төдийгүй сум, аймгийн “брэнд” үйл ажиллагаа болгон тогтмол зохион байгуулахыг сумын иргэд, сурагчид 2-р сургуулийн хамт олноос хүсээд буй.

Энэ бол Тогтвортой хөгжил боловсрол II төслөөс эхтэй ажил юм. Ховд аймгийн ерөнхий боловсролын 2-р сургуулийн багш ажилтны баг сурагч, багш, эцэг эхчүүдийнхээ дунд өөрийн үнэлгээний судалгаа явуулахад “дэлхийн иргэншилд хөл нийлүүлэх зорилго чиглэлтэй сургалт, хөтөлбөр хэрэгтэй байна, хөвгүүдийн нийгмийн оролцоо, манлайлал сул байна зэрэг асуудлууд сөхөгджээ. Ингээд сургуулийн баг хөвгүүдийн манлайлалыг хэлэлцэх чуулганыг санаачилж, төслийн 100 000 төгрөгийн төсөвтэй жижиг төслийн уралдаанд өгсөн нь шалгарлаа.  

ХОВД АЙМГИЙН МЭРГЭЖИЛТЭН Б.НЭМЭХБУЯН: Би “Хөвгүүдийн манлайлал” чуулганаар КFC компанийг үүсгэн байгуулагчийн түүхээс хөвгүүдэд ярьж өгсөн. Заавал их дээд сургуульд сурч байж амжилт гаргах биш, хийж чадах, хүсэл сонирхолтой ажлаа мэргэжил болговол аз жаргалтай амьдарна гэдгийг ойлгуулахыг хичээлээ. Үүнээс эхлээд зөвхөн хөвгүүдэд тулгардаг асуудлууд ч олон байдаг нь  чуулганд оролцогчдын санаа бодлоос харагдаж байлаа.

ХОВД АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 2-Р ДУНД СУРГУУЛИЙН 11 АНГИЙН СУРАГЧ Э.ДАНИЕЛ: Бид “Хөвгүүдийн манлайлал” чуулганаараа өөрсдөдөө тулгардаг асуудлаа чөлөөтэй ярьж, мэргэжлийн ах эгч нараас зөвөлгөө, мэдээлэл авч чадсан. Хөвгүүд бид ч өөрсдөө манайлагч байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Сургуульд ахлах ангийнхан дүү нартаа том зан гаргах, дүү нар ах нараасаа цэрвэх, айх хандлага байдаг. Гэтэл энэ чуулганы дараа дунд ангийн дүү нар сургууль дээр бидэнтэй мэндэлдэг, юмаа асуудаг, бид ч тэдэнд сайнаар үлгэрлэхийг хичээдэг болж байна.    

2-Р Сургуулийн нийгмийн ажилтан Ц.Сүрэнхорлоо: Тогтвортой хөгжлийн боловсрол ТХБ II төслийн үр дүнд манай сурагчдын экологийн боловсрол дээшилж, багш, эцэг эх, сурагчдын  хамтын ажиллагаа, түншлэл сайжирч байна. Жишээ нь: ТХБ II төслийн сургалтын үр дүнд багш, эцэг эх, сурагчид хамтарч сургуулийн орчинд тулгамдсан асуудлаа өөрсдөө тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг хайж жижиг төсөл бичсэн. Энэ төслийн нэг нь өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан  “Хөвгүүдийн манлайлал” чуулган байлаа.  

 Энэ чуулганд манай сургуулийн дунд ангийн бүх хөвгүүд идэвхтэй оролцлоо. Учир нь төслийн зөвлөмж, арга зүйн хүрээнд эрсдлийг урьчилан тооцоход чуулганы ирц, оролцоон дээр асуудал гарч болзошгүй байсан. Тиймээс ирц, оролцоог багш нарын анги даалтын урамшуулалтай уялдуулж өгсөн нь 100 хувь үр дүнгээ өгсөн гэж байлаа.  Мөн Ховд аймгийн Жаргалант сумын 2-р сургуулийн хамт олон ТХБ II төслийн үр дүнд усны ашглалт, хэрэглээг өөрсдийнхөө өдөр тутмын дадал зуршилтайгаа холбож шинжлэн судалж тодорхойлжээ. Үүний үр дүнд сургуулийнх жорлонгийн усны татуурга эвдэрснээс байнга гоождог ус нь Ховд аймгийн Жаргалант сумын нийт усны алдаглын 6 хувийг эзэлж байгааг мэдэв. Дээр нь багш, сурагчдын ар гэр уух усаа голдуу хуванцар саванд агуулдаг, өөрсдөө усыг маш бага ууж хэрэглэдэг гэх зэрэг асуудлаа тодорхойлж, шийдэж эхэлсэн байна.  

Энэ тухай 2-р сургуулийн нийгмийн ажилтан Ц.Сүрэнхорлоо ярихдаа “Одоо багш, сурагчид зөвхөн сургуулийн гэлтгүй  хаа нэгтээ үр ашиггүй урсаж байгаа усыг харахаар бүгд л сэтгэл өвдөж, өөрийн боломжоор, эсвэл хамт олныхоо хүчээр засч өөрчлөхийг хичээдэг болсон. Бас олонхи нь ус хадгалж агуулдаг савнуудаа зориулалтын саваар сольсон. Мөн усны жижиг саваа байнга цүнхэлж явдаг, хэрэглэдэг сурагч, багш нар олширсон” гэж байлаа.  Бас энэ сургуулийн багш, эцэг эхчүүд, сурагчид бүгд хамтран ТХБ II төслийн хүрээнд хүлэмж байгуулж, өргөст хэмх, улаан лооль, хулуу тарьж, өнгөрсөн намар ургацаа хураасан юм. Энэ ажил сургуулийн түншлэл, сурагчдын экологийн боловсролд үнэхээр их хувь оруулж байгаа хэмээн хэлж байлаа.  

Дэлгэрэнгүй мэдээллийг www.esdmongolia.com аваарай.