Монгол гэрт нүүрс түлэхгүй утаагүй амьдарч болно

Local news, 15.06.2022

Монгол хүн танд хэн нэгэн зуухгүй гэрт амьдрах санал тавьбал та хэрхэн хүлээж авах вэ? Наандаж гайхан, өвлийн улиралд гэрээ хэрхэн халаах тухай асуух болов уу? Учир нь монголчууд бидэнд зуухгүй гэр гэсэн ойлголт төсөөлөгдөшгүй.

Эрт дээр үеэс тулга, зуухандаа түлээ, түлш хийж хүйтний улирлын халаалтыг шийдэж ирсэн монголчууд орчин цагт ч нүүрс түлж, зуухаа галлах нь түгээмэл дүр зураг. Монгол гэрт амьдардаг нэг өрх халаалтын  улиралд буюу есдүгээр сарын 15-аас дараа жилийн тавдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд дунджаар 2.5-4.5 тонн нүүрс, 1-2.5 м3 мод хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Иймээс гэр хороололд амьдардаг айл өрх нүүрс түлж, сууцаа халааж байгаа нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болоод байгааг бид сайн мэднэ.

Гэрт байрлуулсан ЧИП багц
Гэрт байрлуулсан ЧИП багц ©ШХА

Нүүрсэнд суурилласан хуучин технологи нь агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг их хэмжээгээр нэмэгдүүлсээр байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч зарим нь шинэ сорилтыг үүсгэсэн. Тухайлбал, Улаанбаатар хотод түүхий нүүрс ашиглахыг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн нь агаарын бохирдлыг бага зэрэг бууруулсан хэдий ч нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын тохиолдлыг үлэмж ихээр нэмэгдүүлсэн байна.

Гэр хорооллын айл өрх цэвэр, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологи ашиглахыг хүсдэг ч энэ нь орчин үеийн технологиуд гадаа агаарын температур -45 хэм хүртэл хүйтэрдэг орчин нөхцөлд тохиромжгүй байдаг. Зарим технологи тохиромжтой ч хэт үнэтэй байх нь бий. Төрөл  бүрийн цахилгаан халаагуур зах зээлд байдаг ч тэдгээр нь ихэнхдээ байшинд тохиромжтой харин дугуй хэлбэртэй гэрт багтдаггүй.

Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА) санхүүжилттэй “Агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан түнш байгууллагуудтайгаа хамтран, ШХА-ийн санхүүжилтээр Монгол гэрийн дулаалга, халаалтын “ЧИП” багцыг зохион бүтээж, төслийг хэрэгжүүлэн зуухыг эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуураар сольж, айл өрхүүдийг дулаалга, агаар сэлгэлтийн багцаар хангаж байна.

Гэрийн бүтэц, хэлбэрт тохирсон ЧИП багц нь дулаалгын багц, термостат бүхий цахилгаан халаалтын систем, агаар сэлгэлтийн систем гэсэн гурван багцыг санал болгож байна. 8 кВт.ц хүчин чадалтай гурван цахилгаан халаагуурыг модон хайрцагны гурван талд бэхлэн дулааныг гэрийн бүх хэсэгт жигд тараахын тулд уламжлалт зуухыг орлуулан гэрийн голд байрлуулдаг. Цахилгаан халаагуурыг дотор температур мэдрэгчтэй холбосон автомат термостатаар хянадаг ба энэ нь ихэнх айл өрхийн хувьд шинэлэг шийдэл юм.

Үүн дээр нэмээд гэрийн дулаалгыг сайжруулж, хос ажиллагаатай агаар сэлгэлтийн системийг суурилуулан агаар шүүгчийг хаалган дээр байршуулдаг. Агаар шүүгчид тоос, утааны шүүлтүүр суурилуулах ба унины дээд үзүүрт суурилуулсан сэнсээр агаарыг гадагшлуулдаг.

НҮБ-ын Хүүхдийн Сан ЧИП технологи ашиглалтад хоёр удаа бие даасан үнэлгээ хийсэн. Уламжлалт зуухтай харьцуулахад ЧИП багц нь уламжлалт аргаар гал түлэхэд өдөрт дунджаар зарцуулдаг цагаас 41 минут хэмнэгддэг нь үнэлгээгээр гарсан. Ингэснээр голчлон эмэгтэйчүүдийн ажил, цагийг хэмнэдэг тул тэд ажил, гэр бүлдээ илүү их цаг гаргах боломжтой болдог. Түүнчлэн, ЧИП багцыг ашигласнаар гэрт дулаан, тав тухтай, хамгийн гол нь гэрийн дотор орчны агаар нүүрсний тоосжилтгүй, утаагүй, хавьгүй илүү цэвэр болсноор гэр бүлийн гишүүд, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд их ач тустай болох нь үнэлгээгээр нотлогджээ.

Төслийн гол үйл ажиллагааны нэг нь ЧИП багцыг үйлдвэрлэх орон нутгийн чадавхыг хөгжүүлэх, багцыг ашиглах эрэлт хэрэгцээг хангах нийлүүлэлт, логистикийн бие даасан сүлжээг бий болгох явдал юм. Төслийг хэрэгжүүлснээс хойш дотоодын 12 аж ахуйн нэгжид ЧИП багц үйлдвэрлэх техникийн мэдлэгийг олгосон ба үйлдвэрлэлийн шатанд 100 гаруй хүнийг (60% нь эмэгтэйчүүд) ажиллуулсан. 

Орон нутгийн захиргаад ЧИП багцын хэрэглээг өргөжүүлэхийг манлайлж 2022 онд өрхүүдэд ЧИП багцыг худалдан авч, ашиглахад нь зориулж 1,3 тэрбум төгрөгийн (399,780 швейцар франк) дэмжлэгийг үзүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын ногоон зээлийн хөтөлбөрийн хүрээнд өрхүүд ЧИП багцыг худалдан авахдаа хэсэгчилсэн санхүүжилтийг авах боломжтой юм. ЧИП багцыг авч нэвтрүүлсэн гэр хорооллын айл, өрхөд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй хослуулснаар ЧИП багцыг зардлын хувьд хэмнэлттэй, хүртээмжтэй ашиглах боломж бүрдэнэ. Говь-Алтай, Завхан аймагт цахилгаан эрчим хүчний 50 хувийг усан цахилгаан станцаас хангадаг. Говь-Алтай аймаг цахилгаан эрчим хүчний сүлжээгээ өргөтгөх хөрөнгө оруулалт  хийсний зэрэгцээ гэрт амьдардаг айл өрхийн тал хувь нь тус сүлжээнд холбогдож, ЧИП багцыг ашиглаж байна. Тус эрчим хүчний сүлжээ нь эрчим хүч үйлдвэрлэлийнхээ талд нь сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг. Иймээс Монгол Улсын Засгийн газар энэ сайн жишээнээс санаа авч, шахмал түлшний үйлдвэрлэлд өгч буй татаас, дэмжлэгээ цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэх, өргөтгөх, ЧИП багцыг ашиглахад мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх шийдлүүдийг сонгох хувилбар байна.

“Хүүхдүүдээ гэртээ үлдээгээд ажлаа амжуулах тохиолдол олон гардаг. Тэр болгонд би хүүхдүүдээ даарч хөрч байх вий, санамсаргүй байдлаар зууханд түлэгдэх вий дээ гэж санаа зовдог байлаа. Бид ЧИП багцыг ашигладаг болсноос хойш амьдралд маань олон эерэг өөрчлөлт гарсан. Манай гэр дулаан алдахаа больж, хүүхдүүд маань дулаан, тав тухтай байдаг болсон нь миний хувьд хамгийн авууштай зүйл байсан. Бас аймгаа агаарын бохирдолгүй байлгахад бага ч атугай нэмэр оруулж байгаадаа гэж бодоход сайхан байдаг юм.” гэж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, ЧИП багцыг ашигладаг Баасанхүү хэлж байлаа.

Улаанбаатар хот болон аймаг орон нутагт монгол гэрт аж төрж буй олон айл нүүрс түлдэг зуух ашигласаар байгаа нь тэдний эрүүл мэндийг шууд эрсдэлд оруулж байдаг. Агаарын бохирдлыг бууруулснаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, эрүүл жирэмслэлт, хүүхэд, эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг хангахад хувь нэмэр оруулна. Эрүүл байснаар хүүхдүүд ч сургуульдаа тогтмол явж, эцэг, эхчүүд ажил хөдөлмөрөө тогтмол эрхэлж, аж амьдрал сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүйг НҮБ-ын Хүүхдийн сангийн сайтаас аваарай