Монголтой холбогдсон миний зам

Local news, 08.06.2022

Сюзанна Амслер нь Швейцарын хөгжлийн агентлагийн төв салбарт Монгол Улсыг хариуцсан хөтөлбөрийн ажилтнаар ажилладаг. КОВИД-19-ын цар тахлын улмаас Монгол Улсын хил хаагдаж, хоёр жил гаруй хугацаанд онлайн хамтын ажиллагаа явуулсны эцэст тэрээр өнгөрсөн сард Монгол Улсад айлчилж, ШХА-ийн хамт олонтой биеэр уулзаж, хэрэгжүүлж буй төслүүдтэйгээ танилцсан юм. Доорх ярилцлагаас түүний санал, сэтгэгдлийг уншина уу.

ШХА-ийн баг Завхан аймагт
ШХА-ийн баг Завхан аймагт ©ШХА

Монгол Улсад ирэхэд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Анхны сэтгэгдлээсээ хуваалцана уу? Би анх 2003 онд Монголд хувиараа жуулчны шугамаар ирж, хөдөө орон нутагт хэдэн долоо хоног амарсандаа үнэхээр их баяртай байдаг. Тэр үед би Швейцарын хөгжлийн агентлагт хараахан ажиллаж амжаагүй байсан бөгөөд Швейцарын Холбооны Улс Монголд анхны олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж байгааг ч мэдээгүй байсан. Харин 19 жилийн дараа энэ удаа ШХА-ийн ажлынхаа шугамаар Монгол оронд эргэн ирж байгаа маань үнэхээр сэтгэл хөдөлгөм сайхан байна. Зэрвэсхэн харахад, хөдөө орон нутагт ажлаар очоод, хөдөөгийн амьдрал тийм ч их өөрчлөгдөөгүй мэт сэтгэгдэл төрсөн бол харин миний хувьд Улаанбаатар хотыг бараг таньсангүй, маш их өөрчлөгдсөн байна.

Ажлын шугамаар төслийн үйл ажиллагаатай танилцан, хамтрагч байгууллагуудтайгаа уулзалт хийх, янз бүрийн хэлэлцүүлэгт оролцож байхад улс орны хэмжээнд олон өөрчлөлтүүд хурдан хугацаанд гарсан юм байна гэж харагдлаа. Улс орны хөгжилд ихээхэн хувь нэмрээ оруулж буй туршлагатай, урам зоригтой, идэвхтэй олон хүмүүс, байгууллагууд, хамтрагч талуудтай уулзсандаа үнэхээр их сэтгэгдэл өндөр байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гарсан гол өөрчлөлтүүдийг та нэрлэвэл юуг хэлэх вэ? Хотжилтын нэг хэсэг болох Улаанбаатар хот болон зарим аймгийн төвүүд цахимжуулалтын түвшин, интернет хэрэглээ маш өндөр байгаа нь надад маш их таалагдлаа. Олон хүмүүс дижитал төхөөрөмжтэй, сүлжээний хамрах хүрээ орон даяар өргөжин тэлж байгаа нь зүгээр нэг үзүүлэлт биш харин төрийн үйлчилгээг цахимжуулах ажил ихээр хийгдсэн нь тухайлбал иргэний үнэмлэхээ шинээр авах, сунгалт хийлгэх, олон мэдээллийг онлайнаар хурдан шуурхай авдаг болсон гэх мэт ололт амжилтууд харагдаж байна. ШХА-аас санхүүжүүлэн дэмжигдсэн төсөл, хөтөлбөрүүд нь тогтвортой үр дүнд хүрэхэд цаг хугацаа шаардагддаг нь ойлгомжтой асуудал юм. Учир нь энэ бүх үр дүн, үр нөлөөллүүд нь анхнаасаа зорилго, зорилтоо зөв тодорхойлох, аргачлалаа боловсруулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд өөрчлөгдөж буй нөхцөл байдалд байнга дасан зохицох, цаашлаад хууль тогтоомж, бодлогыг өөрчлөхөд олон талын хэлэлцүүлэг, оролцоог хангах зэрэг нь цаг хугацаа шаардсан үйл ажиллагаа байдаг. Төсөл, хөтөлбөрийг тодорхойлох нь ШХА-аас хамаарахгүй, харин үйл явцыг дэмжиж ажиллах нь бидний хувьд чухал юм. ШХА-аас 17 жилийн турш хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл нь маш сайн жишээ юм.

Ирэх жилүүдэд бид юуг илүү анхаарах ёстой гэж та бодож байна вэ? Дижиталчлал, цахимжилт гэх мэт хурдацтай хөгжил нь маш олон боломжууд, бас нөгөө талаасаа олон сорилтуудыг дагуулдаг. Байнга асуух ёстой гол асуулт бол ахиц дэвшил нь хэнд ашигтай вэ?, хэн ашиг шим хүртэх вэ?, харин хэн нэгэн оролцож чадахгүй ард нь үлдэж байгаа юм биш биз? гэдгийг байнга анхаарч байх ёстой. Дараа нь хүн бүрийг мэдээлэл, үйлчилгээ авах тэгш боломжоор хангах арга хэмжээг тодорхойлох нь чухал. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байх шаардлагатай, жишээ нь Улаанбаатарт өөр арга барилаар, хөдөө орон нутагт өөр аргаар гэх мэт.

Тодруулбал, 2024 онд Монгол, Швейцар улс орнууд хоёр талын хамтын ажиллагаагаа дуусгаж байгаагийн хувьд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал ажил болоод байна. Иймд хугацаа нь дуусаж байгаа төслүүдийн хаалтын үйл ажиллагаанд  мэдлэг хуваалцах, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх талаар анхаарах нь чухал болоод байна. Тиймээс төслийн сайн туршлага, ололт амжилтыг системтэйгээр Монгол болон бусад орны оролцогч талуудтай өргөн хүрээнд хуваалцах нь ихээхэн ач холбогдолтой юм.