Швейцарын хөгжлийн агентлагийн Үндэсний хөтөлбөрийн ахлах зохицуулагч Д.Заяасайхан: Баяр баясал, туршлага авчирсан ажил

Local news, 15.04.2023

Стефани Бурри: Юуны өмнө Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-т ажилласан туршлагаасаа хуваалцаж байгаад маш баярлалаа. 

Д. Заяасайхан, ШХА-ийн Үндэсний хөтөлбөрийн ахлах зохицуулагч
Д. Заяасайхан, ШХА-ийн Үндэсний хөтөлбөрийн ахлах зохицуулагч ©ШХА

Бид хэдтэй хамт олон жил ажиллаж байгаагийн хувьд яагаад ШХА-ийг анх сонирхож, энд ажиллах болсон талаар асууя?

Заяа: Би 2009 онд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжиж байсан Малын эрүүл мэнд төслийн дэд менежер анх ажилласан. Манай төслийн баг цөөн хүнтэй ч үр бүтээмж өндөр баг байсан. ШХА-т ашигладаг маш олон товчилсон үгийг тогтоож, дасахад анх амаргүй байсан - ажилтнуудын нэрсийг хүртэл хэдхэн үсгээр товчилж бичдэг. Үг, нэрсийг хураангуйлж бичих нь олон улсад, олон үндэстний хүмүүстэй ажилладаг ШХА-ийн байгууллагын соёлын нэг хэсэг. Товчилсон үгсийг тогтооход тийм хүнд биш ч үүнд цаг хугацаа ордог (жишээ нь, миний нэрийг DUGZA гэж товчилдог). Төсөл дээр ажиллаж байхдаа олон салбарт, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хэрнээ тухайн улс орны түнш байгууллагуудын эрэлт хэрэгцээнд маш сайн нийцсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг донор байгууллага болох ШХА-ийн ажлын арга барилын талаар олж мэдэхийг хүсэж байсан. Манай байгууллагын дарга нар шийдвэр гаргахдаа уян хатан, ажилтнууддаа ямагт нээлттэй байдаг нь их таалагдсан бөгөөд энэ хандлага Швейцарын төр засгийн төвлөрсөн бус (холбооны) төрийн тогтолцоо, сэтгэлгээтэй холбоотой юм. ШХА-т ажиллахдаа Монгол орныхоо үзэсгэлэнтэй газруудад очиж үзэхээс гадна тухайн аймаг, орон нутгийн потенциалыг олж харах боломж гарсан. ШХА-ийн хувьд ажилтнуудынхаа мэргэжлийн хөгжил, манлайллыг чухалчилдаг нь донор байгууллагын онцлог гэж бодож байна. Тухайн улс оронд хамтран ажиллаж буй байгууллагуудтай эрх тэгш, түншийн харилцаа үүсгэн ажиллах нь ШХА-ийн ажлын гол арга барил, зарчим юм. Бид ажилдаа “4-Х”  буюу хамтарсан төлөвлөлт, хамтарсан хэрэгжүүлэлт, хамтарсан санхүүжилт болон хамтарсан хяналт-шинжилгээ гэсэн арга нэвтрүүлсэн. Хөгжлийн дэмжлэг, туслалцааг зохицуулах, үр ашигтай байдлыг хангах нь бидний төсөл, хөтөлбөрийн үр дүн урт хугацаанд үр өгөөжөө өгөх, эдгээр үр дүнд хүрэхэд түнш байгууллагууд идэвхтэй оролцоход нөлөөлдөг нэн чухал хүчин зүйлс юм. ШХА нь төвлөрлийг сааруулах, засаглалыг дэмжих зэрэг зарим салбарт идэвхтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа. Монгол Улсад салбарын болон салбар дундын хамтын ажиллагаанд Засгийн газар тэргүүлэх ач холбогдол төдийлөн өгөхгүй байгаа тул бид холбогдох түнш байгууллагуудын хооронд уялдаа холбоог хангахад нь дэмжлэг үзүүлэх үүрэг гүйцэтгэх болсон юм.   

Стефани Бурри: Дээр дурьдсан “4-Х” зэрэг шинэ ажлын арга барил, зарчмыг санаачилсан хүмүүсийн нэг нь байсныг сонсоход баяртай байна. Миний хувьд ч гэсэн эдгээр зарчмууд маш чухал. ШХА-т ажиллахдаа хэд хэдэн сэдэв/салбарыг хариуцан ажиллаж ирсэн. Эдгээрээс аль сэдвээр өөрөө илүүтэй туршлагажиж, өөртөө итгэлтэй болсон бэ?

Заяа: 2011 онд би Швейцарын хамтын ажиллагааны газарт Үндэсний хөтөлбөрийн зохицуулагч болсноор ЖДҮ-ийн хөгжил, хөдөө аж ахуй, ТББ-ын хөгжил, эрүүл мэнд зэрэг чиглэлийн хэд хэдэн сонирхолтой төслүүдийг хариуцах болсон. Харин 2013 онд удирдлагын зүгээс надад хариуцан ажиллаж байсан сэдвүүдээ бүрэн өөрчлөх “сонирхолтой” даалгавар өгсөн юм. Учир нь, тэр үед бид GIZ буюу Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй шинээр түншийн харилцаа тогтоож байсан болохоор миний Герман хэлний мэдлэг болон олон орон, соёлын хүмүүстэй харилцаж байсан туршлага хэрэгтэй болсон юм. Герман болон Швейцарт мэргэжлийн боловсролын сургалт, дадлагыг хослуулсан тогтолцоотой болохоор бид Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Тэр цагаас хойш би ихэвчлэн нийгмийн салбарын төслүүдийг хариуцан ажиллаж байна. Үүнд, залуучуудын хөгжил, мэргэжлийн боловсрол, сургалт, мэргэжлийн ур чадварын хөгжил, дунд боловсрол, сургалтын тэтгэлэг болон агаарын бохирдолтой холбоотой жендерийн тэгш байдал, эрүүл мэндийн асуудлыг хөндсөн төслүүд багтаж байгаа. Залуучууд бол бидний ирээдүй, баялаг мөн бөгөөд хүүхэд, залууст хөрөнгө оруулах нь манай оронд эргээд баялаг бий болгоно. Ингэхдээ, хатуу болон зөөлөн ур чадварыг цогцоор нь эзэмшүүлэхэд хөрөнгө оруулахын зэрэгцээ хувь хүн, тогтолцооны түвшинд ажиллах хэрэгтэй гэж бодож байна.   

Стефани Бурри: Тиймээ, би санал бүрэн нийлж байна, ялангуяа хүн амын дийлэх хувийг залуус эзэлдэг Монгол шиг оронд залуучууд бидний анхаарлын төвд байх ёстой. Чиний хамгийн дуртай төсөл, сэдэв юу вэ? Миний мэдэхээр, чи ажилдаа маш сэтгэлтэй, үнэнчээр ханддаг. Дэлхий ертөнцийг илүү сайхан болгохын төлөө хичээн ажиллаж байгаа, үүний дотор боловсролын салбарыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа, тиймээ?

Заяа: Залуучуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах нь маш сонирхолтой байсан ч  хэд  хэдэн төслийн хүрээнд олон хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтарч байсан тул хэцүү үе байсан. Төсөл хоорондын уялдаа холбоог хангах замаар илүү их, сайн үр дүнд хүрэх нь амаргүй ч, эцсийн дүнд маш урамтай байсан. Миний бодлоор аливаа төсөл, хөтөлбөрийн амжилт нь оновчтой төлөвлөлт болон хэрэгжүүлэгч байгууллагын чадвараас хамаардаг. Би ойролцоогоор 14 шинэ төсөл, тэдгээрийн дараагийн үе шатны төслүүдийг төлөвлөх, хамтран төлөвлөх ажилд оролцсон азтай хүн. Төслүүдийг хэрэгжүүлсэн төрийн болон төрийн бус түнш байгууллагуудын хүчин чармайлтыг амжилтад хүргэхэд Монгол болон олон улсын мэргэжилтнүүдийн шилдэг багууд хувь нэмрээ оруулж ирсэн. Хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хүлээгдэж буй үр дүн, эдгээр үр дүнгийн тогтвортой байдлыг бий болгох замд хамтран чиглүүлж, хяналт тавьж ажиллах нь амаргүй боловч сонирхолтой туршлага мөн. Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл бол үндэсний түнш байгууллагын идэвхтэй оролцоо, манлайлал тул бид үүнийг бий болгохын төлөө төсөл эхлэх цагаас хамтран  ажилладаг. Тогтвортой Хөгжлийн Боловсрол төслийн үр дүн ч бидний энэ туршлага, итгэл үнэмшлийг баталж байна.  

Стефани Бурри: Хэрвээ чамд мөнгө болон шийдвэр гаргах эрх мэдэл байсан бол ямар ажлуудыг хийх байсан бэ?

Заяа: Монгол орон гэж хэлэхэд хамгийн түрүүнд таны санаад ямар үг орж ирэх вэ? Ямартай ч “цэвэр байгаль,” “баялаг түүх” гэсэн үгс эдгээрийн дунд байна гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ надад таны хэлсэн боломжууд байвал, би хамгийн түрүүнд Монголд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хамтарсан санхүүжилтийн боломжуудыг эрэлхийлэх байсан. Ингэхдээ, энэ салбарт тэргүүлдэг Швейцарын Холбооны Улсын хуримтлуулсан мэдлэг, давуу талуудыг харгалзана. Монголын Засгийн газар энэ чиглэлд ажиллахыг хичээж байгаа ч хангалттай сайн болон ухаалгаар ажиллаж чадахгүй байна. Аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь “олон сая жуулчдыг авчрах” гэсэн бүдэг зорилтоос бус, харин жуулчдын хүлээлтэд аль болох нийцсэн үйлчилгээг үзүүлье гэсэн улс орны, хувь хүмүүсийн тууштай бөгөөд урт хугацааны үүрэг, амлалтаас эхэлдэг. Швейцарын Засгийн газар дэлхий дахинд гарч байгаа өөрчлөлт, шинэ тулгамдсан асуудлыг шийдэхэд хурдан, соргог ханддаг. Арваад жилийн өмнө хувийн хэвшлийн байгууллагуудтай ажиллах нь ШХА-т бараг хориотой байсан бол одоо тэд нартай түншилж, хамтрах нь хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болсон. Ингэснээр, Монгол, Швейцарын хувийн хэвшлийн байгууллагуудад хамтарч ажиллах сайхан боломжууд нээгдсэн юм.

Стефани Бурри: Чиний бодлоор залууст учирч болох сорилтууд юу вэ?

Заяа: Монголд олгож байгаа боловсрол онолын мэдлэгт хэт их анхаардаг. Боловсрол болон судалгаа нь улс орны эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй хэвээр байгаа. Монгол Улс өнөөдөр боловсролын салбарын цаашдын хөгжлийг тодорхойлох салаа зам дээр ирээд байна. Энэ үед ШХА асуудлыг цогцоор нь шийдэх, төсөлд суурилсан  (дадлага хийж, идэвхтэй суралцах) сурах аргачлалыг нэвтрүүлэх болон тухайн сургуульд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулахыг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлэх замаар Монголд тусалж байна. Эдгээр шинэлэг арга барилууд үр дүнгээ өгөхөд цаг хугацаа шаардагдана. Цахим болон санхүүгийн мэдлэгээс гадна хүүхэд, залуучуудад задлан шинжлэх, шүүмжлэлт сэтгэлгээг эзэмшүүлэх нь зайлшгүй шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлтийн дэлхий дахинд, ялангуяа эмзэг Монгол оронд үзүүлж байгаа сөрөг нөлөөг багасгахад бодлого боловсруулагчид илүү тууштай үүрэг, амлалт өгөхийн зэрэгцээ иргэн бүр өөрчлөлт авчрах алхмууд хийх шаардлагатай байна. Өнөөгийн залуус хэн нэгнээс шийдэл хүлээхгүйгээр өөрсдийгөө хөгжүүлэх, бодлогод нөлөөлөх, улмаар нааштай өөрчлөлтүүдийг авчрахын төлөө илүү идэвхтэй, санаачилгатай байх хэрэгтэй. Боломжууд байна, эдгээрийг ашиглах нь л чухал байна. 

Стефани Бурри: Өөрийнхөө үзэл бодол, ажлын арвин туршлагын талаар хуваалцсанд их таатай байлаа. Маш их баярлалаа. Өөр нэмж хэлэх зүйл байна уу?

Заяа: Нүдээ аниад, гүнзгий амьсгаа авч, өөрийн хүүхэд, улс орон, эх дэлхийдээ илүү сайхан ирээдүйг төсөөлдөө. Тэр ирээдүй ямар харагдаж байна, түүнийг бий болгоход чи юу хийж чадах вэ? Тэр ирээдүйн төлөө хийж чадах зүйлээ яагаад яг одоо эхлүүлж болохгүй гэж?