Монгол Улс тогтвортой боловсролын талаарх ололт амжилтаа Швейцарын Холбооны Улсад болсон өндөр хэмжээний форумд танилцууллаа

Local news, 16.04.2023

Монгол Улс боловсролын тухай хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, сургалтын шинэ хөтөлбөрийн үзэл баримтлалыг тодорхойлох салаа зам дээр ирээд байна. 

Монголын төлөөлөгчид Олон улсын хамтын ажиллагааны форум үеэр
Монголын төлөөлөгчид Олон улсын хамтын ажиллагааны форум үеэр ©ШХА

Чанартай бөгөөд тэгш хүртээмжтэй бүх нийтийн боловсрол олгоход тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг үндэсний ба соёлын үнэт зүйлээ сайтар харгалзсаны үндсэн дээр боловсролын тогтолцооны алсын хараа, үзэл баримтлалд тусгах нь туйлын чухал байна.

Томоохон өөрчлөлт хийх энэ цаг үед Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) 2023 оны 2-р сарын эхээр боловсролын байгууллагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Байгаль орчны мэдээлэл сургалтын төв (ТББ) зэрэг “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг хамтран хэрэгжүүлж буй үндэсний түнш байгууллагуудын төлөөллийг оролцуулсан туршлага судлах аялал зохион байгуулсан юм.

Туршлага судлах аялал 1) Швед болон Швейцарын Холбооны Улсад олгож буй Тогтвортой хөгжлийн боловсролын талаар ойлголттой болох, 2) Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр Монгол Улсын хүрсэн ололт амжилтыг Швейцарын Холбооны Гадаад хэргийн яамнаас жил бүр зохион байгуулдаг өндөр хэмжээний олон улсын хамтын ажиллагааны форумын үеэр танилцуулах гэсэн хоёр зорилттой байлаа. Олон улсын хамтын ажиллагааны 2023 оны форум Швейцарын Женев хотноо болсон юм.

Монголын төлөөлөгчид Шведийн Боловсролын ерөнхий газар болон Упсалла Их сургуульд айлчлах үед тус улсын боловсролын тогтолцоо болон тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааны өнөөгийн чиг хандлагуудтай танилцсан юм. Швед Улс  боловсролын төвлөрсөн тогтолцоотой бөгөөд тогтвортой хөгжлийн боловсролын салбарт арвин туршлага хуримтлуулсан орон юм. Айлчлалын үр дүнд Монголын багш нар Упсалла их сургуулийн олон улсын сургалтын платформд нэгдэн тогтвортой хөгжлийн хичээлээ улам үр дүнтэй байдлаар заах боломжтой боллоо.  

Шведийн боловсролын тогтолцоо нь Монголын төвлөрсөн боловсролын тогтолцоотой зарим талаараа ижил төстэй бол Швейцарын Холбооны Улс сургалтын үйл ажиллагаагаа олон хэлээр явуулдаг холбооны улс учраас боловсролын тогтолцоо нь илүү нарийн төвөгтэй байдаг байна. Монголын төлөөлөгчид Швейцарын Боловсролын сайд нарын зөвлөлд зочилж, тус улсын боловсролын тогтолцоотой танилцан, тогтвортой хөгжлийн төлөө Швейцарын Засгийн газар, мужууд болон төрийн бус байгууллагууд хэрхэн нягт хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл авсан юм.  

Мөн Монголын төлөөлөгчид Берны Их сургуулийн хөгжил, байгаль орчны төв болон тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр сургалт хийдэг, олон улсын солилцоо эрхэлдэг, байгаль орчны хичээлийг гадаа орчинд заадаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Айлчлалын явцад хийсэн бүх уулзалтуудын үеэр хамтран ажиллах боломжуудын талаар ярилцаж, тохирсон дараагийн алхмуудыг Монголын тал эхлүүлэхээр болсон юм. ЮНЕСКО-ийн Олон улсын боловсролын лавлах байгууллагатай хийсэн уулзалт нэн үр дүнтэй болж, тус байгууллагаас сургалтын хөтөлбөр боловсруулагч, судлаачдын чадавхыг дээшлүүлэхэд Монголд дэмжлэг үзүүлэх болсон байна.

“Ирээдүйн төлөөх боловсрол” сэдэвтэй 2023 оны олон улсын хамтын ажиллагааны форумд 120 гаруй орны төлөөлөгчид биечлэн болон цахимаар оролцсон юм. “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн үндэсний түнш байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Монголын баг форумын илтгэлүүдийг сонсохын зэрэгцээ төслийнхөө үр дүнг мөн танилцуулсан юм. “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг Монголд хэрэгжүүлэхэд ШХА 2014 оноос хойш дэмжлэг үзүүлж ирсэн. Төслийн эхний үе шатад тогтвортой хөгжлийн үзэл санааг дунд боловсролын сургалтын хөтөлбөрт амжилттай тусгасан бол хоёрдугаар буюу төгсгөлийн үе шатад тогтвортой хөгжлийн чиглэлд бодит өөрчлөлт бий болгох ажлуудыг сургууль, олон нийтийн дунд өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна. Ингэхдээ нийслэлийн болон хөдөө орон нутгийн алслагдмал сургуулиуд тогтвортой хөгжлийг дэмжсэн өөрчлөлтүүдийг манлайлан хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Улсын бөгөөд орон нутгийн удирдах байгууллага, хувийн хэвшил болон олон нийтийн хамтын ажиллагаа сайжирсны дүнд эдгээр ажлуудыг хэрэгжүүлэх ихээхэн хэмжээний санхүүжилтийг сургуулиуд өөрсдөө босгож чадсан байна. Санхүүжилтийн хэмжээ анх төлөвлөж байснаас  даруй 70 хувиар давсан амжилтад нөлөөлсөн гол хүчин зүйл бол тогтвортой хөгжлийг дэмжсэн төслүүдийг хэлэлцэж, хэрэгжүүлэхэд төрөл бүрийн салбарын төлөөллийг нэгтгэж чадсан явдал юм.  Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг Засгийн газар болон төрийн бус байгууллагуудад бүрэн даалгасан нь амжилтад хүргэсэн өөр нэг хүчин зүйл байлаа. Тогтвортой хөгжлийг урагшлуулахад чиглэсэн эдгээр төслүүд нийгэм, байгаль орчин болон соёл, хандлагад ихээхэн эерэг нөлөө үзүүлж, нийт 29,500 оюутан, тэдний гэр бүл болон тухайн орон нутгийн иргэд ач тусыг нь хүртээд байна.

ШХА Монголд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдээ дуусгаж байгаатай холбогдуулан тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах Монгол, Швейцар байгууллагуудын хүсэлтээр тэдний хооронд түншлэлийн харилцаа тогтооход дэмжин ажиллахад бэлэн байна. Монгол Улс өөрчлөлт шинэчлэлт, цахимжилт болон боловсролын шинэчлэлийн талаар дэлхийн улс орнуудтай хуваалцах арвин туршлагатай орон болохыг онцлохыг хүсэж байна.