ШХА-ийн даргын мэндчилгээ

Local news, 17.04.2023

Хүндэт уншигчдаа,

Энэ жил сорилт дагуулсан жил болж байна.

Монгол орны зарим нутагт агаарын хэм -51oC хүрч, зудад нэрвэгдсэн мал, малчин өрхүүд дахин нэг хүндхэн өвлийг давлаа. 

Стефани Бурри(PhD), ШХА-ийн дарга
Стефани Бурри(PhD), ШХА-ийн дарга ©ШХА

Хөдөө дотуур байранд амьдардаг хүүхдүүд өөрийн эрхгүй санаанд орж байна. Өнгөрсөн зун болсон ган гачгаас гадна хүүхдүүд урт өвлийн хүйтнийг даван гарахаас аргагүй байлаа.

Иймээс Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) энэ өвөл малчин өрхүүдийг дулаан, ая тухтай өвөлжиж, зудын гамшгийг даван туулахад нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг шийдсэн юм.   

Турк, Сири улсад болсон аймшигтай газар хөдлөлтийн дүр зураг одоо ч ой санаанд тод байна. Энэ яаралтай үед Монгол Улс тусламжийн гараа сунгаж, эдгээр улсуудтай эв нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Тусламжийн хүрээнд Монгол Улс “Хотын эрэн хайх, аврах баг”-ийн 35 аврагч, 2 эрэлч нохойг илгээсэн юм.

Тэд хүмүүсийн амь аварсан.

Аврагчдыг ШХА-ийн Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран өмнө хэрэгжүүлсэн төслийн хүрээнд хэд хэдэн удаагийн сургалтад хамруулж, чадавхыг нь дээшлүүлсэн юм.  

Швейцарын мэдлэг, туршлагыг ийнхүү Турк улсад болсон газар хөдлөлтөд нэрвэгдэн, яаралтай тусламж хүссэн хүмүүст хүргэсэнд би туйлын баяртай байна.

Чадавх бэхжүүлэх нь зөвхөн “мөнгө, санхүүгийн хөрөнгө оруулалт” биш гэдгийг үүнээс харж болно. Энэ бол “1+1” төдийгүй, “1+1+мэдлэгийг тасралтгүй үржүүлж, бусдад дамжуулах”-тай адил юм. Иймээс ч, аливаа өөрчлөлтийг зөвхөн мөнгөөр бий болгох боломжгүй гэж би боддог.  Эерэг өөрчлөлтийг авчрах жинхэнэ хөдөлгүүр бол хайр, хүсэл тэмүүлэл, үнэнч сэтгэлийг өвөртөлсөн хүмүүс бид өөрсдөө юм. Энэ талаар үргэлжлүүлээд сонины энэ дугаараас уншаарай.

Та бүхэнтэй хуваалцах өөр нэг сайн мэдээ байна. “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд зохион байгуулсан туршлага судлах аяллын тухай дэлгэрэнгүй мэдээлэл мөн энэ дугаарт багтсан. Швейцарын Холбооны Улсын Женев хотноо “Боловсрол” олон улсын арга хэмжээний үеэр Монгол Улс боловсролын тогтолцоондоо тогтвортой хөгжлийн боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрхэн нэвтрүүлж буй талаар олон зочид, төлөөлөгчдийн өмнө амжилттай танилцуулсан юм.

Үүнээс гадна Монгол Улс “ТRIO” болон “Эргэж ирэхгүй намар” нэртэй хоёр киног Швейцарт толилууллаа. Энэ талаар мөн сонины энэ дугаараас уншаарай.  

Сонинд орсон бусад мэдээ, мэдээллийн талаар урьдчилж хэлмээргүй байгаа ч энэ дугаарын онцлох өөр хоёр нийтлэлд та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна:

Манай байгууллагад олон жил ажилласан Дүгэрээгийн Заяасайхан ШХА-т ажилласан туршлагаасаа хуваалцсан яриаг энэ дугаарт нийтэлж байна. Тэрээр боловсрол, сургалт болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан мэргэжилтэн юм. Энэ ярилцлагыг заавал уншаарай.  

Төгсгөлд нь мөн нэг онцлох мэдээллийг дурьдахад, ШХА-аас Монгол, Швейцар Улс хоорондын хамтын ажиллагааны “Өнгөрсөн-одоо-ирээдүй" гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж байна. Уралдаанд залуу гэрэл зурагчдыг тусгайлан оролцохыг урьж байгаа бөгөөд оролцогчдын уран бүтээлийг 5-р сарын сүүл хүртэл хүлээн авна. Уралдаанд түрүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнг 2023 оны 8-сарын 1-нд  буюу Швейцарын үндэсний баярын өдөр зохион байгуулна.

Та бүхний санал сэтгэгдлийг хүлээж авахад бид үргэлж баяртай байдгийг хэлье. Манай сонины энэ дугаарыг тухлан уншина уу.

Та бүхнийг хүндэтгэсэн,

Стефани Бурри

ШХА-ийн дарга, Ерөнхий консул