Хүүхдүүд дулаахан цэцэрлэгт сурах тоглох боломж бүрдлээ

Local news, 11.04.2023

Швейцарын хөгжлийн агентлагийн хамт олон Увс аймгийн Улаангом сумын цэцэрлэгийн эрхлэгч хатагтай Туяатай МАСАМ төслийн талаар ярилцах завшаан тохиосон юм. 

Увс аймгийн Улаангом сумын цэцэрлэгийн эрхлэгч Туяа
Увс аймгийн Улаангом сумын цэцэрлэгийн эрхлэгч Туяа ©ШХА/MASAM

Бид түүний түүхийг сонсоод,  сэтгэгдлийг тантай хуваалцья гэж бодсон юм.

Увс аймгийн Улаангом сумын цэцэрлэгийн эрхлэгч Т.Туяа: Манай цэцэрлэгийн хүүхдүүд ирэх жилээс дулаахан тухтай орчинд сурах боломж бүрдсэнд маш их сэтгэл хангалуун байна. Бид дуу хоолойгоо нэгтгэж чадсанаар Увс аймгийн 2023 оны төсөвт 226,378,400 төгрөг (64,174 ам.доллар)-ийн өртөгтэй их завсарын ажлыг суулгуулж чадсан билээ.

Цэцэрлэгийн тухай дурьдахад, манай цэцэрлэг нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэг бөгөөд 2012 онд ашиглалтанд орсон боловч гүйцэтгэгч компани чанаргүй барьсан учир баруун жигүүр нь цонхоороо дулаан алддаг, цонхны хэсгээрээ суулт үүсэж хананд цууралт өгсөн байсан. Цэцэрлэгийн 279 хүүхдийн 150 орчим нь барилгын тус хэсэгт суралцдаг бөгөөд өвөлдөө халаалт маш сайн байсан ч дулаан ихээр алддаг болохоор хүүхдүүд тухгүй, хүйтэн орчинд суралцсаар л байсан. Энэ байдал багш, суралцагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ханиад томуу зэрэг өвчлөл тасардаггүй байлаа. Эцэг эхчүүд энэ асуудлыг сайн мэддэг, гомдол гаргадаг хэдий ч асуудлыг хэрхэн бодитойгоор шийдвэрлүүлэх, нэгдэх арга замаа оновчтой олж чадахгүй байсаар ирсэн.

2022 оны 11-р сард Увс аймаг төсөв батлах үйл явцдаа иргэдээс санал авах тухай мэдээлэл уншсан. Иргэдээс санал авах ажлын хүрээнд манай аймагт хэрэгжиж буй Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу MASAM II төслийн дэмжлэгтэйгээр засаг даргын тамгын газраас 2023 оны орон нутгийн төсвийн төслийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх зорилгоор “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг гаргасан байлаа.

Тус эмхэтгэлтэй танилцаж Увс аймгийн төсвийн хэмжээ болоод ирэх онд гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлуудын мэдээллийг олж авсан юм. Төсвийн талаарх мэдээлэл, төсвийн цаглабарын талаар ойлголттой байж ажлаа төлөвлөх нь чухал юм байна гэдгийг ойлгоод, би багш хамт олныхоо хуралд Иргэдийн төсөв номыг танилцуулсан. Бид хурлаараа хамгийн тулгамдаж байгаа асуудал болох цэцэрлэгийн их засварын ажлыг шийдүүлэхийн тулд хүн бүр саналаа өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж эцэг эхчүүдээ татан оролцуулахаар болсон юм. Бүх багш нар ангийнхаа эцэг эхчүүдэд иргэдийн төсөв номын цахим хэлбэр болоод санал авах холбоосыг цахимаар илгээж цэцэрлэгийн засварын ажилд санал өгөхийг уриалан ажиллав. Эцэг эхчүүд цэцэрлэгийн дулаан алдагдлын талаар маш сайн мэддэг болохоор бүгд идэвхитэй оролцож саналаа өгсөн нь авууштай байсан юм. Саналаа дэмжүүлэхийн тулд олон хүний оролцоо чухал юм байна гэдгийг маш сайн ойлгосон.

Манай аймаг иргэдэд төсвөө ил тод, нээлттэй мэдээлэх, иргэдийн саналыг сонсох зорилгоор “Иргэд төсвөө хянана” хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаангом хотод зохион байгуулсан. Энэ үеэр Аймгийн засаг дарга Ч.Чимэд 2020-2022 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, 2023 оны төсөвт иргэдийн саналыг авсан юм. Өмнө нь орон нутаг төсөв хэлэлцэхдээ хэзээ ч ингэж цахимаар болон биетээр санал авч байгаагүй бөгөөд төсөвт саналаа өгөх боломж олдож байгааг бид олзуурхан хүлээн авч хэлэлцүүлэгт эцэг эхчүүдийн төлөөллийн хамт оролцож дарга нарт барилгын асуудлаа танилцуулж, шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж чадсан билээ. 

Орон нутгийн төсөв хэлэлцэх Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг орон нутгийн телевизүүд шууд дамжуулсан бөгөөд бид бүхэн чих тавин хурлын үйл явцыг анхааралтай сонсож байлаа. Аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн иргэдээс ирүүлсэн саналын үр дүнг төлөөлөгчдөд танилцуулж 9-р цэцэрлэгийн их засварын ажил хамгийн олон саналтайгаар нэгдүгээрт эрэмбэлэгдсэн тухай танилцуулсан билээ. Хурлын төлөөлөгчид бүгд хамгийн олон санал авсан ажлыг дэмжихийг зөвшөөрч манай цэцэрлэгийн их засварын ажлыг 2023 оны төсөвт суулган баталж шийдвэрлэсэн сайхан мэдээг бид дууллаа. Хавар цэцэрлэг амарсны дараа их засварын ажил эхлэх бөгөөд намар шинэ хичээлийн жилд бид хүүхдүүдээ тухтай, дулаан байранд хүлээж авах болсондоо бид бүгд хэмжээлшгүй ихээр баярлаж байна.

Иймд би иргэд, олон нийт та бүхнийгээ оролцоотой, хариуцлагатай иргэн байж, Улсын төсвөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт шинээр хэрэгжүүлэх болон хэрэгжиж буй төслүүдэд өөрсдийн дуу хоолойг хүргэж, улс эх орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Энэхүү боломжийг олгосон Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй MASAM -II төслийн хамт олонд болон Сангийн яамны хамт олон та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье. 

Дэлгэрэнгүй МASAM төслийн цахим хуудсаас аваарай.