Төсөл орон нутгийн иргэдийн амьдралд үр шимээ өгч байна

Position, 13.04.2023

Монгол орны хувьд нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн статистик мэдээлэл бий. Цөлжилтөд нөлөөлж буй хүчин зүйлийн нэг нь уламжлалт мал аж ахуй. 

Өвөрхангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж
Өвөрхангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж ©ШХА

Бүр тодруулбал малын тоо толгой хэт олширсон нь бэлчээрийн доройтол, цөлжилтөд нөлөөлж буй юм. Тиймээс бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, малын тоо толгойг зохистой хэмжээнд барьж, нэг малаас авах ашиг шимийг сайжруулах нь малчдын хувьд төдийгүй тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын тулгамдсан асуудал болсоор байна. Малчид орлогоо нэмэгдүүлэх, амьжиргааныхаа эх үүсвэрийг сайжруулахын тулд малын тоо толгойг өсгөдөг. Энэ нь уламжлалт хандлага, сэтгэлгээтэй ч бас холбоотой. Гэтэл бэлчээрийн нөөц улам бүр хомстож, ган, зуд зэрэг байгалийн үзэгдэлд малчид нэрвэгдэх болов.

Харин 2022 оны зун Өвөрхангай аймгийн нийт газар нутаг зуншлага тааруу, гандуу байсан хэдий ч нийт бэлчээрийн усан хангамжийг 34.5 мянган га-аар нэмэгдүүлж чадсан байна. Үүнд нөлөөлсөн хүчин зүйл нь байгалийн гэхээсээ илүү нийгмийн шинж чанартай өөрчлөлт, зохистой менежмент байв. Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ) Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” (НӨУБИЧБ) төсөлтэй хамтран 2021 оны сүүлээр Бэлчээрийн тогтвортой менежмент, Малын тоо, толгойн албан татварын тухай (МТТАТТ) хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэхүү бүсчилсэн хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хангайн бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, нарийн бичгийн дарга, зарим сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Татварын газрын төлөөллийг оролцуулсан юм. Хэлэлцүүлгээр бэлчээрийн менежментийн талаар тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэнээс гадна МТТАТТ хуулийн талаар нэгдсэн ойлголт олгож, ялангуяа татварын орлогын хувь хэмжээг орон нутгийн ИТХ өөрийн нутгийн бэлчээрийн даац, малын тооноос хамааруулан өөрсдөө тогтоож, уг татварын орлогоос төвлөрсөн хөрөнгийг бэлчээрийн нөхцөл, менежментийг сайжруулахад зарцуулах тухай хуулийн үзэл санааг сурталчилсан нь үр дүнгээ өгчээ.

Тухайлбал, үндэсний хэмжээнд орон нутгийн ИТХ чиг үүргээ биелүүлэх, бэлчээрийн менежмент хийх санхүүгийн мэдлэг, чадавх сайжирсныг цөөн хэдэн тоо, баримтаар илэрхийлж болно. МТТАТ-ын орлого 2021 онд 1,325.8 сая төгрөг байсан бол 2022 онд 1,532.2 сая төгрөг болж өссөнөөр нийт 64 худаг шинээр барих буюу засварласан байна. Үүнээс 36 нь 2022 онд баригджээ. Үүнээс гадна өвс тэжээлийн нөөц бэлтгэх, малын үүлдэр угсааг сайжруулах, хадлангийн талбай байгуулах, хашаалах,  оготно устгал, малын тэжээл тариалах, малын гаралтай түүхий эд тэжээлийн агуулах, мал угаалгын тоног төхөөрөмж, ванн худалдан авах, малчдад зориулсан сургалт зөвлөгөөн гэх мэт олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна.

Дээрх хэлэлцүүлгээс гадна НӨУБИЧБ төслөөс санаачлан Татварын ерөнхий газартай хамтран зохион байгуулж Монгол Улсын 330 сумын ИТХ-ын дарга, НБ дарга нар болон сумын Татварын хэлтсийн байцаагч нарыг оролцуулсан МТТАТТ хуулийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлуудын талаар хэлэцүүлгийн үр дүнд Өвөрхангай аймгийн сумын ИТХ-ууд МТТАТатварын хувь хэмжээг бэлчээрийнхээ даацад тохируулахаас гадна бэлчээрийн талаар авч хэрэгжүүлэх ажлуудыг санхүүжүүлэх эх үүсвэрийг тооцож тогтоодог болжээ. Дээрх хуулийн агуулгыг ойлгож, үр шимийг зөв хүртэж, зохион байгуулсны үр дүнд 2022 оны МТТАТ-ын орлогоос төвлөрсөн 1,532.2 сая төгрөгийн хөрөнгөөс буюу орон нутгийн өөрийн хөрөнгө 385.0 сая төгрөгөөр инженерийн хийцтэй гүн өрөмдлөгийн 36 худаг шинээр барих хийгээд сэргээн ашиглалтад оруулсан байна. Үүнд Өвөрхангай аймгийн сумдын ИТХ-ын хүчин чармайлтаас гадна ШХА-ын дэмжлэгтэйгээр ЗГХЭГ-ын хэрэгжүүлж байгаа НӨУБИЧБ төсөл том дэмжлэг болсон гэж Өвөрхангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж хэлсэн юм. Тэрбээр  “МТТАТТ хуулийн хэрэгжилт зөвхөн ЗЗНДНТУТ хуульд заасан чиг үүргээ биелүүлэхэд санхүүгийн том хөшүүрэг болох төдийгөөр бус орон нутгийн ИТХ-уудад тухайн (МТТАТТ) хуулийн мөн чанарыг зөв ойлгож,  бэлчээрийн менежментээ зөв удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэхэд НӨУБИЧБ төслийн хэлэлцүүлгээс олж авсан мэдлэг үнэлж баршгүй чухал байсан юм” хэмээн онцлов.

Монгол Улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Малын тоо толгой албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтүүд, давуу тал боломжуудыг малчдад таниулж, ойлгуулах, амьдралд хэрэгжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагын дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төсөл үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Өвөрхангай аймгийн жишээн дээр харж болно. Бүх талын оролцоог хангасан хэлэлцүүлэг, хууль сурталчлан таниулах үйл ажиллагаа зэрэг олон хэлбэрийн ажлууд дээрх төслийн хүрээнд зохион байгуулагддаг. Энэ бүхний үр дүнд татварын бодлогоор дамжуулан малын тоо толойг зохистой түвшинд байлгах, бэлчээрийн менежмент хийх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлууд хийгджээ. Тэнцвэртэй, зөв бодлого, оновчтой шийдэл, хөшүүрэг орон нутгийн иргэдийн амьдралд үр шимээ өгч байна.  

 Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аваарай.