Мэдлэг, чадвартай Монголын эрэн хайх, аврах баг Туркийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Local news, 19.04.2023

Монгол орны өргөн уудам газар нутаг, хурдацтай явагдаж буй хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл нь гамшгийн нөхцөл байдал үүсэхэд томоохон сорилт дагуулж байна. Хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй хамгийн том орны хувьд Монгол улс дэлхийн хариуцлагатай бусад улсын адил иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг эрмэлзэж байна.

Монголын эрэх хайх, аврах багийхан
Монголын эрэх хайх, аврах багийхан ©ОБЕГ

2004 онд байгуулагдсан Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас хүн амд үзүүлж буй үйлчилгээний цар хүрээ, чанар нь ихээхэн сайжирсан ч ялангуяа хотын эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад тус байгууллагад олон сорилт тулгарсаар байна.

Бодлогын түвшинд Монгол Улс Гамшгаас хамгаалах тухай хуулиа шинэчлэн найруулж баталсан (2017). Уг хуульд тусгаснаар гамшгийн удирдлага нь гамшгийн бэлэн байдлыг хангах, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авахаас гадна гамшгийн эрсдэлийг үнэлж, бууруулах ажиллагааг багтаасан юм. ОБЕГ нь хотын эрэн хайх, аврах ажиллагааг сайжруулах хүрээнд Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-тай хамтран ажиллаж байна.

2004 оноос хойш онцгой байдлын байгууллагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээний цар хүрээ, чанар ихээхэн дээшилсэн ч үйл ажиллагаагаа, ялангуяа хотын эрэн хайх, аврах ажиллагаагаа улам сайжруулахын тулд гамшгийн бэлэн байдал, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлт, Монгол орны өргөн газар нутагт хүн амын сийрэг суурьшил, онцгой байдлын байгууллагаас иргэдийн хүлээх хүлээлт өдөр бүр өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор ОБЕГ нь тоног төхөөрөмж, менежментээ сайжруулах замаар эрэн хайх, аврах чадавхиа нэмэгдүүлэхийг хүсэж байна. Түүнчлэн, олон улсын стандарт нэвтрүүлсэн баталгаажуулалтын гэрчилгээ авах зорилт дэвшүүлж, энэ хүрээнд эхний ээлжинд онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. ОБЕГ нь гамшгийн үед нийслэл Улаанбаатар болон Монгол орны өнцөг бүрд амьдарч байгаа иргэдэд хурдан шуурхай, үр дүнтэй хүрч ажиллахыг зорьж байна. Онцгой байдлын үед Монгол Улсын хэмжээнд үр дүнтэй хариу арга хэмжээ авах ОБЕГ-ын чадавхыг нэмэгдүүлэхэд логистик, менежмент, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ албан хаагчдад зориулсан харилцан уялдаа бүхий сургалт явуулах хэрэгцээ байсан юм.  Эдгээр хэрэгцээг хангах төслийг   ШХА-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн юм.

Төслийн хүрээнд 2018-2020 онд Швейцарын Холбооны Улсын мэргэжилтнүүд ОБЕГ-ын албан хаагчдад зориулж олон улсын стандартад нийцсэн сургалт, дадлагыг зохион байгуулсан юм. Түүнчлэн, ШХА-ийн Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд ОБЕГ-т шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивласан. Улмаар, ОБЕГ-ын албан хаагчид тусгайлан угсарсан аврах ажиллагааны сургалт, дадлагын байгууламжид дадлага хийх боломж нээгдсэн юм.  Ингэснээр тэд гамшгийн бодит байдалд ойртуулсан нөхцөлд хүний амь аврах дадлага, сургуулилтыг хийх боломжтой болсон. Энэ төсөл өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд цаашид Монголын эрэн хайх, аврах багийн чадавхыг улам бэхжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ оны 2-р сарын 7-нд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан 35 аврагч, 2 эрэлч нохой үүрэг гүйцэтгэхээр Турк улсыг зорьсон юм. Турк улсад гүйцэтгэсэн энэхүү эрэн хайх, аврах ажиллагаа нь Монголын түүхэнд олон улсад хэрэгжүүлсэн хамгийн том хэмжээний, шуурхай, мэргэжлийн эрэн хайх, аврах, эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ажиллагаа боллоо. Монголын аврах баг 8 хүнийг барилгын нуранги доороос эсэн мэнд гарган эмнэлгийн байгууллагад, 19 хүний цогцсыг холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн.  Мөн Балу, Марта дуудлагатай эрэлч нохдын тусламжтайгаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан 45 хүний цогцсыг олсон юм. Аврах багийн бүрэлдэхүүнд багтсан “эмнэлгийн бүлэг” 649 хүнд эрүүл мэндийн түргэн тусламж үзүүлсэн. Үүнээс гадна, Монгол Улс 5 тонн мах, 1 тонн лаа, 1000 хөнжил болон 20 ширхэг Монгол гэрийг хүмүүнлэгийн тусламж болгон Турк улс руу илгээсэн. Турк улсад болсон энэхүү олон улсын аврах ажиллагааны үеэр Швейцарын Холбооны Улсын эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэг, туршлагыг ашиглаж, олон хүний амийг аварсанд Швейцарын хөгжлийн агентлагийн хувьд маш их баяртай байна.