ШХА-ийн Монгол Улс дахь бахдам, үр бүтээлтэй 20 жил

Local news, 23.07.2024

Монгол, Швейцар улсын харилцаа 1964 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноор эхэлсэн юм. Анх Швейцарын нэхмэлийн үйлдвэр Монголд бизнесийн зорилгоор орж ирсэн ба хоёр орны хооронд энгийн харилцан солилцоо, хамтын ажиллагаа байдлаар явагдаж байв.

Малчид бэлчээрийн тухай ярилцаж байна
Малчид бэлчээрийн тухай ярилцаж байна ©ШХА

2001 онд Монгол Улс өнгөрсөн жилийн зуднаас ч хүнд хэцүү байгалийн гамшигт нэрвэгдэж, Монголын Засгийн газар Швейцар Улсаас тусламж хүссэн. Тиймээс бид анх монгол малчдад туслахаар ирж байсан бөгөөд шинээр мал, өвс тэжээл авахад нь зориулж бэлэн мөнгөний тусламж үзүүлж байв. Энэ бол маш хүнд хэцүү цаг үе байсан бөгөөд тусламж үзүүлээгүй байсан бол олон малчид Улаанбаатар хот руу нүүж, малчин ахуй, амьдралын хэв маягаа орхих байсан.

Үүний дараа 2004 онд ШХА нь Монгол Улсад хамтын ажилллагааны газраа нээхээр шийдэж, хүмүүнлэгийн тусламж нь аажмаар хоёр талт хөгжлийн хамтын ажиллагаа болж хөгжив. ШХА нь иргэд, ТББ-аас эхлээд Засгийн газар хүртэлх бүх түвшний түншүүдтэй хамтран ажилласнаар сайн үр дүнг бий болгож чадсан юм. Бид микро түвшинд иргэний нийгэм, ТББ-уудтай, дунд түвшинд орон нутгийн засаг захиргаадтай, харин макро түвшинд Засгийн газартай хамтран ажиллаж ирлээ.

Ийнхүү анх 2004 онд ШХА боловсрол, засаглал, ардчилал, агаарын бохирдол, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг зорилтот төслүүдийг хэрэгжүүлэн тарьсан үр нь саглагар том мод болж ургажээ. Бүхий л түвшинд ажилласнаар энэ моднууд одоо болон ирээдүйд сайн үр жимсний арвин ургац өгч байна. ШХА-ийн үйл ажиллагаа зогссоны дараа ч эдгээр нь үр жимсээ өгсөөр байх болно гэдэгт ШХА итгэлтэй байна.

Бид засаглалын салбарт гайхалтай үр дүнд хүрсэн. Хамгийн амжилттай хэрэгжсэн томоохон төслүүдийн нэг бол Швейцарын туршлагад суурилан хөгжүүлж нэвтрүүлсэн Нэг цонхны үйлчилгээний төв юм. Энэхүү санаачилга нь Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн төв болон хөгжиж, иргэн, хуулийн этгээдэд төрийн 450 гаруй үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг брдүүлсэн юм. Өнөөдөр улс орон даяар Нэг цонхны үйлчилгээний төвүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь Засгийн газраас удирдлагаар хангаж, аймгуудын төсөвт тусгадаг болсон сайн туршлага юм.

“Ногоон алт-малын эрүүл мэнд” төсөл нь хамгийн удаан хугацаанд тасралтгүй хэрэгжиж, томоохон үр дүнг бий болгосон. Монгол орны бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэхэд бодитой хувь нэмэр оруулаад зогсохгүй, 90 мянга гаруй малчин өрхийн орлогыг нэмэгдүүлж, улсын хэмжээнд 20 сая га талбай бүхий бэлчээрийг нөхөн сэргээж, сарлагийн шир, хөөвөр, зэрэг малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, чанарыг сайжруулах тогтолцоог бүрдүүлж, зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлсэн зэрэг олон эерэг үг дүнг авчирсан юм. The Hu хамтлаг, Хүннү Брэнд зэрэг компанитай хамтран ажилласнаар гарал үүслийг нь тодорхойлох боломжтой сарлагийн ширээр чанартай Монгол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гарал үүсэл, тогтвортой байдлын баталгаатай учраас өндөр үнээр худалдаалагдах боломжтой болсон.

ШХА малчидтай хамтран тэдний амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төслийг хэрэгжүүлснээс гадна жижиг тариалан эрхлэгчидтэй мөн хамтран ажилласан юм. Судалгаанаас харахад 2004 оны үед Монгол Улс дотоодынхоо төмсний хэрэгцээг хангаж чаддаггүй байв. ШХА нь тариалан эрхлэгчид, судалгааны төвүүд, Хөдөө аж ахуйн яамтай хамтран Монгол орны цаг уурын онцлогт тохирсон чанартай төмсний үрийг нутагшуулж, тариалсан юм. Төсөл амжилттай хэрэгжсэн тул ШХА төслийг өргөжүүлж, олон төрлийн хүнсний ногоо тариалахад анхаарсан. Холбогдох талуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үр дүнг бий болгов. Өнөөдөр Монгол Улс төмсний хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний ногооны голлох үрийг дотооддоо бүрэн үйлдвэрлэж байна. Мөн хүнсний ногооны нийт хэрэгцээнийхээ 70 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нь импортоос хараат бус болж, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд томоохон алхам болов.

ШХА-ийн төслүүд тавьсан зорилгодоо амжилттай хүрсэн гол хүчин зүйл нь макро түвшинд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласны үр дүн юм. Тухайлбал, “Монгол Улсад Төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, УИХ-тай хамтран хэрэгжүүлж буй санаачилга, төслүүд нь Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ-аас тавих хяналтыг бэхжүүллээ. Цаашид ШХА-ийн зүгээс Монгол Улсад ардчилсан үйл явцыг дэмжих, сайн засаглалыг бэхжүүлэхэд анхаарна. Бид Монгол Улсад үзүүлэх дэмжлэг, тэр дундаа амжилттай хэрэгжиж ирсэн парламентын Тамгын газар хоорондын төслийг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын Их Хуралтай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа. ШХА-ийн оффис хаагдаж, төсөл хамтран хэрэгжүүлж ирсэн уламжлалт үйл ажиллагаа зогсч буй хэдий ч Монгол Улсад бий болсон эерэг үр дүнд Швейцар Улсын парламентаас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээр болсон билээ. Энэхүү амлалтыг баталгаажуулж, 2024 оны 5 дугаар сард шинэ гэрээ байгуулсан нь Швейцар, Монголын парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал үйл явдал болов.

ШХА бичил уурхайчдыг дэмжих төсөл хэрэгжүүлсэн билээ. Бичил уурхайчдын хувьд хүүхдийн хөдөлмөрийг ашиглан, байгаль орчинд хор хөнөөлтэй арга хэрэглэж, хууль эрх зүйн болон нийгмийн үйлчилгээнд хамрагддаггүй байв. Төслийн хүрээнд байгальд ээлтэй аргыг нэвтрүүлж, хүүхдийн хөдөлмөрийг зогсоож, уул уурхайн холбоо байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Өнөөдөр ШХА болон Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр бичил уурхайг албан ёсоор хүлээн зөвшөөрч, уурхайчдад нийгмийн үйлчилгээ, байгальд ээлтэй техник технологиор хангаж, алтны шударга олборлолтын зах зээлд нэвтрэх боломжийг олгож байна.

Бид Монгол банктай хамтран алтны хэмжилт, худалдан авах төвлөрсөн бус “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг Баянхонгор аймаг, Дархан хотод байгуулсан ба ингэснээр уурхайчид алтаа хайлуулж, шинжилж, борлуулах боломжтой болсон. Энэхүү систем нь үйл явцыг хялбарчилж, ил тод байдлыг хангаж, уурхайчдад учирдаг байсан эрсдэлийг бууруулсан юм. Уурхайчид алтаа албан ёсоор борлуулах болж, Монгол банкны хувьд хууль бус наймааг зогсоож чадсан нь аль аль талдаа үр дүнтэй арга хэмжээ болсон.

Өнөөдөр Монгол Улс ардчиллын зарчим, хүний ​​эрхийг дээдэлсэн, хууль дээдлэх сайн туршлагаараа тэргүүлж байна. Швейцар Улс сүүлийн 20 гаруй жилийн турш Монголын ард түмэнтэй хамтран ажиллаж, Монгол Улсад 350 гаруй төсөл хэрэгжүүлэхэд нийт 297 сая гаруй ам.долларын санхүүжилт олгосон байна. Бид санхүүгийн дэмжлэг үзүүлж, мэдлэг туршлага тогтмол солилцож ажилласнаар хойч үеийнхээ сайн сайхны төлөө, амар тайван дэлхийг бий болгохын төлөө Монголын эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хийж буй хүчин чармайлтын нэг хэсэг болж чадсандаа маш их баяртай байна.

ШХА-ийн зүгээс Монголын ард түмэн, улс орны тогтвортой хөгжилд олон салбарт хувь нэмрээ оруулж, иргэдийн амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж чадсанаараа бахархаж байна.

Дэлгэрэнгүйг манай видеоноос хүлээн авна уу.