Швейцарын суурь үнэт зүйлс болох хүний эрхийг хамгаалан хүндэтгэх, жендэрийн үзэл баримтлалыг хууль тогтоох болон төрийн санхүүгийн удирдлагын үйл явцад тусгадаг болов.
Ардчилсан засаглал: Тогтвортой хөгжлийн суурь үндэс
Швейцарын Холбооны Улс нь 20 гаруй жилийн турш Монгол Улсад ТХЗ-д хүрэх чухал үндэс суурь болох ардчиллыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах үйл явцыг урагшлуулахад чухал дэмжлэг үзүүллээ. Монгол Улс дахь ШХА нь тус улсад зориулсан нийт төсвийнхөө бараг гуравны нэг буюу 62.9 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг ардчилсан засаглалыг бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжихэд зарцуулжээ.
Энэ хугацаанд Монгол Улсын Их Хурал, Иргэдийн төлөөлөгчдийн Хурал (ИТХ) зэрэг хууль тогтоох гол байгууллагуудын хууль боловсруулах, төлөөлөх, хяналт тавих зохион байгуулалтын болон институцийн чадавхийг сайжрууллаа. Монгол Улсын Их Хурал нь Олон улсын Парламентын холбоо, Хүний эрхийн дээд комиссарын газартай хамтран жендэрийн мэдрэмжтэй байдлын талаарх өөрийн үнэлгээг хийсэн дэлхийн анхны парламент, хүний эрхийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийсэн 13 дахь парламент болов. Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зэрэг төрийн санхүүгийн удирдлагыг зохицуулж буй гол хуулиудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалт, нөөцийг үр дүнтэй ашиглах чиглэлээр Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аймгийн ЗДТГ зэрэг төрийн байгууллагуудын чадавхыг дээшлүүллээ.
Төрийн бүхий л байгууллагууд үйл ажиллагааныхаа ил тод, хариуцлагатай байдлыг сайжрууллаа. Орон нутгийн ба улсын төсвийн мөчлөг болон шийдвэр гаргах үйл явц илүү ил тод боллоо. Нийгмийн хариуцлагын олон механизмыг туршиж, институцчилснээр иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ) төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээхийг шаардах боломжтой болов.
Швейцарын Холбооны Улс төрийн нэг цонхны үйлчилгээний төвүүдийг хөгжүүлэх, байгуулахад дэмжлэг үзүүлснээр төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг эрс сайжруулж, улмаар Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болон хөгжсөн юм. Эдгээр төвүүд нь төрийн 450 гаруй үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд үр дүнтэй, хүртээмжтэй, түргэн шуурхай, үзүүлж байна. Эдгээр төвүүдийн үйл ажиллагааны төсвийг орон нутгийн төсөвт тусгадаг болсноор үйл ажиллагаа нь урт хугацаанд тогтвортой үргэлжлэх нөхцөлийг хангасан.
Иргэдийг чадавхжуулах, хариуцлагыг бэхжүүлэх
ШХА-аас иргэдийн оролцоотой төсөвлөлтийг нэвтрүүлж, улсын төсвийн тодорхой хэсгийг хуваарилахад иргэд шууд нөлөөлөх боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал санаачилгыг хэрэгжүүллээ. Төсвийн хөрөнгө оруулалтын менежментийг сайжруулан, иргэдэд зориулсан төсвийн эмхэтгэл гаргаж, ИНБ-ын сүлжээнд зориулсан буцалтгүй тусламжийн төслүүдийг хэрэгжүүлснээр иргэд төсвийн санхүүжилт бүхий төслүүдэд хяналт тавих болов. Нийгмийн хариуцлагын шинэ механизмыг орон нутгийн түвшинд нэвтрүүлж, ИНБ болон орон нутгийн засаг захиргааны чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулав.
Парламентын хяналтыг сайжруулсны үр дүнд үндэсний хэмжээнд хууль боловсруулах үйл явц дахь иргэдийн оролцоог системтэйгээр хангах болсон. Иргэд хууль тогтоомжийн төсөлтэй холбоотой санал, гомдлоо цахим системээр дамжуулан өгөх боломжтой боллоо. Иргэдийн оролцоо сайжирснаар засгийн газраас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний үр ашиг дээшилж, парламентын хууль боловсруулах, хяналт тавих чадавхи бэхжив.
Цахим шилжилт ба засаглалын үйл явц
Швейцарын Холбооны Улс цахим шилжилтэд ач холбогдол өгч байгаа нь төрийн үйлчилгээний хүртээмж, төсвийн хяналт, хууль батлах үйл явц, эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн юм. Эдгээр хүчин чармайлт нь ялангуяа ковид-19 цар тахлын үеэр болон цар тахлын дараа ардчилсан засаглал, ил тод байдлыг хангах, хариуцлагын тогтолцоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Орон нутгийн захиргааны байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий www.khural.mn вэбсайт нь байршил харгалзахгүйгээр шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийг сургах, туршлага солилцох цахим платформ болсон. Энэхүү сургалтын платформ нь нутгийн өөрөө удирах байгууллагын хувьд 4 жил тутамд шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургахад цаг хугацаа, зардлыг нь хэмнэж байна.
НЗДТГ-ын түвшинд үйлчилгээг цахимжуулж, төвлөрлийг сааруулахын зэрэгцээ Орон нутгийн хөгжлийн санг (ОНХС) цахим хэлбэрт шилжүүлснээр иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангаж чадав. Швейцар Улс НЗДТГ-ын архивын баримт бичгийн 30 хувийг цахимжуулж, бүх хороодын иргэдийн бүртгэлийн төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулав. НЗДТГ-ын цахим үйлчилгээний платформ ашиглалтад орсноор НЗДТГ-ын 40,000 төрийн албан хаагч болон оршин суугчид 70 гаруй цахимжсан, нийслэлийн нэгдсэн үйлчилгээг хүртэх боломжтой боллоо.
Хууль тогтоох болон хяналтын чадавхыг бэхжүүлэх
ШХА-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын парламент нь ардчиллыг бэхжүүлж, парламентын хяналтыг сайжруулах зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Хууль батлагдсаны дараа УИХ таван түр хороо байгуулснаас, хоёр нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Эдгээр хороодын гурав нь нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг зэрэг томоохон авлигын хэргүүдийн талаар нийтийн сонсгол хийв. Эдгээр сонсголоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар мэдээлэл авах, эдгээр хэрэгт холбогдох нотлох баримтыг олон нийтэд танилцуулж, иргэдийн мэдэх эрхийг хангасан.
УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө төсөвт дүн шинжилгээ хийх аргачлал, арга зүйн удирдамжийг нэвтрүүлсэн нь томоохон ахиц дэвшил болсон юм. ШХА-аас энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхээс өмнө парламентын албан ёсны хяналтгүйгээр төсөв батлах нь нийтлэг байв. Энэ шинэлэг арга нь төсвийн төслийг илүү ул суурьтай, ил тод шалгах боломжийг олголоо.
Швейцарын Парламентын Тамгын газрын дэмжлэгтэйгээр хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх шинэ аргачлалыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт нэвтрүүллээ. Ингэснээр УИХ-ын Тамгын газар Засгийн газрын хууль хэрэгжүүлэх чиг үүргийн хэрэгжилтэд үр дүнтэй хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх аргачлалтай болж, энэ нь илүү хяналттай, хариуцлагатай засаглалын чадавхийг бэхжүүлэх юм.
Түүнчлэн иргэдийн оролцоог хангах Парламентын боловсрол хөтөлбөрийг боловсрууллаа. 700 гаруй сурагч, 102 багш нарыг хамруулсан сургалт зохион байгуулж, 12-17 насны хүүхдүүдэд зориулсан гарын авлагыг гаргасан. Парламентын мэтгэлцээний тэмцээнд 500 гаруй сурагч хамрагдаж, хууль тогтоох үйл явцын талаарх чадвар, ойлголтоо сайжруулав. Мөн ШХА парламентын үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хууль тогтоомж сурталчлах төвийг таван аймагт байгуулаад байна.
Нутгийн удирдлага
ШХА нь Монгол Улсын нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний чадавхийг бэхжүүлэхэд чухал үр дүнг бий болгож ажиллалаа. Орон нутгийн ИТХ-ын 8000 гаруй төлөөлөгчийг сургалтад хамруулж, орон нутгийн гурван шатны сонгуулийн дараа тэдний хяналт шалгалт, иргэдийн оролцоотой шийдвэр гаргах зэрэг чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүллээ. Эмэгтэй төлөөлөгчийн манлайлах чадавхийг сайжруулах, орон нутгийн ИТХ-д эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш төлөөллийг хангахад онцгой анхаарч ажиллав.
ШХА нь НЗДТГ-ын төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэв. НЗДТГ-ын дэргэдэх Хүний нөөцийн хөгжлийн төв (ХНХТ)-ийн үйл ажиллагааг бэхжүүлж, практикт чиглэсэн, кейст суурилсан 34 модуль боловсруулж, анхан болон дунд шатны сургалтад 16,006 нийслэлийн төрийн албан хаагчдыг хамрууллаа. Энэхүү сургалтын хөтөлбөр нь нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэхэд үр дүнтэй байдгаараа хүлээн зөвшөөрөгдсөн. Мөн НЗДТГ-аас хороод сайн туршлагаа харилцан хуваалцах платформыг боловсруулж хэрэгжүүлсний үр дүнд ХНХТ хоёр ISO гэрчилгээтэй болсон байна.
Ил тод, хариуцлагатай засаглалын ирээдүй
Өнгөрсөн сонгуулиар Монгол Улс ардчиллын үндсэн зарчмыг баримталж, хэрэгжүүлэхэд тууштай байгаагаа дахин нотлон харууллаа. 2024 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар энэ удаагийн сонгуулиар томоохон ахиц дэвшил гаргасан юм. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүдийн үр дүнд илүү олон талт оролцоог хангасан парламент бүрдсэн бөгөөд эмэгтэй гишүүд түүхэн дээд буюу нийт суудлын 25% хувийг авлаа. Энэ үзүүлэлт нь Ази тивийн бүс нутгийн дундаж болох 21.2%-иас давж, Монгол Улс ардчиллын үндсэн үнэт зүйлсийн төлөө тууштай буйг харуулж байна.
Монгол Улс авлигатай хийж буй тэмцлийн хувьд мөн багагүй ахиц дэвшил гаргасан. ЭЗХАХБ-ын (2019) мэдээлснээр жижиг хэмжээний авлига мэдэгдэхүйц буурсан байна. Тус улсын төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээ үр дүнтэй байгаа бөгөөд Нээлттэй төсвийн индекс 2017 онд 46 байсан бол 2023 онд 62 болж, Монгол Улс төсвийн ил тод байдлын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орны тоонд орж байна.
Монгол Улсын засаглал, ардчиллын хөгжилд гарсан чухал амжилтууд нь Засгийн газар болон олон улсын хөгжлийн түншүүд, тэр дундаа ШХА-ийн амжилттай хамтын ажиллагааны үр дүн юм. Эдгээр ардчилсан дэвшил нь Монголын ардчилсан институци, үйл явцыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бусад олон хамтрагч талууд, олон улсын байгууллагуудын хамтын хүчин чармайлтын нэгээхэн хэсгийг харуулж байна.
Дэлхий дахин өөрчлөгдөж, шинэ сорилтууд бий болохын хэрээр Монгол Улс шинэ боломж, сонголтын ирмэг дээр ирээд байна. Монгол Улсад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан 20 жилийн хугацаанд тус улс дундаж орлоготой улсын статустай болж, ардчиллаа бэхжүүлж ирсэн бөгөөд ШХА 2024 оны дунд үеэс эхлэн үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан юм.
Энэхүү хувьсан өөрчлөгдөж буй нөхцөлд Монгол Улс илүү үр дүнтэй, ард түмнийхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд ардчиллын үнэт зүйл, үйл явц, дүрэм журам, хууль тогтоомжоо өөрчлөн шинэчилж байх шаардлагатай. Өнөөг хүртэл хүрсэн ардчиллын өндөр стандартыг тогтвортой хадгалахын тулд байнга сонор сэргэг байж, шинэ нөхцөл байдалд дасан зохицох, шинэ санаачилгыг хүлээн авч байх шаардлагатай болно. Цаашид Монгол Улс ардчиллаа хөгжүүлэх хичээл зүтгэлээр дүүрэн, тууштай байснаар ирээдүйн замнал нь гэрэлтэй байх болно.