Мэргэжлийн боловсролын салбар дахь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа

Local news, 13.12.2016

Монгол Улс эрдэс баялгийн арвин их нөөцдөө тулгуурлан эдийн засгаа хөгжүүлж, баялаг бүтээх боломж их. Энэхүү нөөц бололцоогоо бүрэн ашиглахад мэргэжилтэй, ур чадвартай ажилтны хэрэгцээ өндөр байна.

ХБНГУ-ын зөвлөх багш Стефан Франк Дорнод аймгийн МСҮТ-ийн оюутнуудын хамт. © SDC /GIZ

Ялангуяа, Монголын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт одоогоор аж үйлдвэрийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хангахуйц техник мэргэжлийн чиглэлийн мэргэжилтэн ихээр дутагдаж байна.

Иймд, монгол залуусын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилготой олон талт хамтын ажиллагааны төсөл нь ашигт малтмалын болон дагалдах үйлдвэрлэлийн салбар дахь залуучууд, насанд хүрэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Оюу Толгой ХХК-д хөрөнгө оруулсан олон улсын уул уурхайн салбарт тэргүүлэгч Рио Тинто групп  2015 оны арван нэгдүгээр сараас төсөлтэй хамтран ажиллаж эхэлсэн. Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг Оюу Толгой ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг Туркойз Хилл Ресурс компани эзэмшдэг. Рио Тинто компани нь Туркойз Хилл Ресурс компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд 2010 оноос Оюу Толгой төслийн менежментийг хариуцдаг болсон.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Даланзадгад, Дорнод, Дархан дахь Политехникийн коллежийг тодорхой мэргэжлийн чиглэлээр чадамжийн төв болгон хөгжүүлнэ.

Чадамжийн төвүүд олон улсын стандарт, үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтуудыг явуулахаас гадна мэргэжлийн боловсролын бусад байгууллагуудын багш нарын мэргэжил дээшлүүлэх, түүнчлэн ажилгүй иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, аж ахуйн нэгжийн ажилтнуудад зориулсан сургалтуудыг зохион байгуулна.

Мөн тухайн мэргэжлийн чиглэлээр олон улсын “WorldSkills” ур чадварын тэмцээнд өрсөлдөх монголын оролцогчдыг бэлтгэж дадлагажуулах үүргийг гүйцэтгэнэ.

Оюу Толгой ХХК нь хамтын ажиллагааны хүрээнд чадамжийн төвд ажиллах олон улсын хоёр зөвлөх мэргэжилтэн болон сургалтад шаардлагатай техникийн тоног төхөөрөмжийг  санхүүжүүлнэ. Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төсөл нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрүүд боловсруулж, сургуулийн болон үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш нарыг бэлтгэнэ.

2016 оны наймдугаар сард төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөтөлбөрийн (develoPPP.de) хүрээнд мэргэжлийн сургалт, тоног төхөөрөмж нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компаниудын нэг ХБНГУ-ын Фесто Дидактик компани энэхүү хамтын  ажиллагаанд нэгдээд байна. 

Фесто Дидактик Монголд анх удаа үйлдвэрлэлийн мехатроникийн мэргэжлийг Дарханы Политехник коллежийн чадамжийн төвд нэвтрүүлнэ. Сургалтын систем, заах арга зүйн болон сургалтын материалаар хангахын зэрэгцээ үйлдвэрлэлийн мехатроникийн сургалтын үндэсний хөтөлбөр боловсруулж, Герман болон Хятад дахь өөрсдийн сургалтын төвүүдэд монголын багш нарыг чадваржуулах,  ажлын байран дахь болон мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулна. 

Чадамжийн төвийг бий болгож, үйлдвэрлэлийн мехатроникийн шинэ сургалтыг нэвтрүүлэх нь Монголын мэргэжлийн боловсрол сургалтын хөгжилд чухал ач холбогдолтой. Рио Тинто, Фесто Дидактик зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажилласнаар Монгол улс ашигт малтмалын салбар дахь нөөц бололцоогоо бүрэн ашиглахад нэг алхмаар ойртлоо.

Энэхүү төслийг Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж байгаа билээ.