Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үндэсний форум

Local news, 10.05.2016

Монгол улсад жендерийн тэгш бус байдал бодитоор оршин буйг эмэгтэйчүүдийн улс төрийн төлөөллийн дутмаг байдал хамгийн тод товруун илтгэн харуулдаг. Тухайлбал Улсын их хурлын нийт гишүүдийн дөнгөж 14 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл бүр ч цөөн байдаг.

women-in-decisionmaking
Үндэсний форум эмэгтэйчүүдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа. Зураг

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь улс төрийн сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг тогтоосон явдал бөгөөд 2012 оны сонгуулийн үеэр Улсын их хуралд нэр дэвших эмэгтэйчүүдийн квот 20 хувиар заасны үр дүнд өдгөө их хуралд 11 эмэгтэй гишүүн алба хашиж байна

Улс төр дэхь жендерийн тэгш бус байдлын талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах, эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2016 оны 4 дүгээр сарын 4-нд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг  Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. 

Энэ талаар их хурлын гишүүн Ц.Оюунгэрэл “шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүд бид өөр хоорондоо мэдлэг туршлагаа хуваалцаж харилцан бие биеэ дэмжиж маш том урам зориг авч чадлаа. Эмэгтэйчүүд бид Монгол улсын бүх түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирч чадна гэдгээрээ бахархаж байна” хэмээн хэлсэн юм.

Чуулганд хөдөө орон нутгийн 338 төлөөлөл, УИХ-ын 9 эмэгтэй гишүүн, боловсрол, иргэний нийгмийн байгууллагын 123 төлөөлөл зэрэг тус улсын нийт удирдагч эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 529 төлөөлөгч оролцсон байна.

Шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэртэй төлөөллийг хангах үүднээс эмэгтэй удирдагчдад сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл өгөх, сонгуульд оролцохын ач холбогдлыг ятган ойлгуулахад чуулганы гол зорилго оршиж байв.

Үндэсний чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд, НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман нар үг хэлсэн бөгөөд чуулганы үеэр “Үндэсний болон орон нутгийн улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”, “Улс төрийн карьерт эмэгтэйчүүдийг хэрхэн бэлтгэх вэ?”, “Монголын нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайлал” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан.

“Аль намынх гэдгээсээ үл шалтгаалан эмэгтэйчүүд бид үйл хэргээрээ нэгдэж санаа бодлоо нээлттэй хэлэлцэж чадахаа олж харлаа.  Эмэгтэйчүүд хуулиа дээдэлж, төрийн ёс зүйн хэм хэмжээг ёсчлон биелүүлдэг тул улс төрд эмэгтэйчүүдийн төлөөлөл олон байх тусмаа давуу талтай” гэж Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Гармаа сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энэхүү үндэсний чуулганыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлэг, Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэн, Канадын засгийн газартай хамтран зохион байгуулсан бөгөөд чуулганд малчид болон бичил уурхайн ТББ-ын эмэгтэй удирдагчдын төлөөллийг оролцуулахад Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт, Тогтвортой бичил уурхай хэмээх хоёр төсөл дэмжлэг үзүүлж хамтран ажилласан болно.