Амьдралд хөл нийлүүлсэн боломж

Article, 01.12.2016

Батнасангийн Ууганцэцэг: Хүүхэд нас минь үхэл хагацал, зовлон дундуур туучиж өнгөрсөн. Харин коллежид суралцаж эхлэхдээ ирээдүй гарт минь байгааг ойлгосон юм.

Б. Ууганцэцэг: Амьдралдаа би тэмцэж, зүтгэсээр өөрийн гэсэн байр сууриа олж чадсан. © SDC / GiZ

Би 1996 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн.  Аав ээж маань машины ослоор бурхан болоход би хоёрхон настай үлдсэн юм.

Тэгээд л эмээ өвөө дээр очсон. Гэвч тэд маань намайг долоон настай байхад өөд болсон. Ингээд дөрөвдүгээр ангид ортлоо авга ахындаа амьдраад, дараагийн хоёр жил ээжийнхээ хамаатныд байсан юм. 

Тэндээсээ Улаанбаатарт амьдардаг бас нэг авга ахындаа ирж 11-р ангиа төгсөж билээ. Хан-уул дүүргийн 60-р сургуулийг дүүргээд Ховд аймагтаа эргэж очоод Политехникийн Коллежид барилгын засал чимэглэлийн курст суралцлаа. Тэнд нэг жил сурахдаа дотуур байранд амьдарсан.

Хүүхэд нас минь үхэл хагацал, зовлон дундуур туучиж өнгөрсөн. Харин коллежид суралцаж эхлэхдээ ирээдүй гарт минь байгааг ойлгосон юм. Бусдад ч мөн ингэж хэлж урамшуулахыг би хичээж байв.

Сургуулиа төгсөөд сайн ажилтай болохын тулд бүх боломжийг ашиглан, олон оюутнаас илүү хичээнгүйлэн суралцсан билээ. 

Би ямар ч зүйлд чин сэтгэлээсээ чармайж ажилладаг. Коллежийн 2015 оны спортын тэмцээнд өрсөлдөөд охидын 100, 200, 800 метрийн гүйлт болон уртын харайлтын төрлөөс алтан медаль авав.  Уг нь 400 метрт гүйх байсан юм. Гэтэл багш маань "нэг хүн олон төрлөөр өрсөлдөх зохисгүй" гээд өөр оюутныг өрсөлдүүлсэн ч тэр түрүүлж чадаагүй.  Тэгэхэд манай ангийнхан “хэрвээ чи орсон бол түрүүлээд таван алтан медаль авах байсан даа” гэж хэлж билээ. Бусад хүмүүс намайг ингэж үнэлж байгааг сонсоод би баярлаж байв.

Коллежийн дадлагын ажлаа Жаргалант сумын 2-р сургуулийн барилгын ажил дээр хийх хүсэл төрж байсан л даа. Тэнд дулааны алдагдлыг бууруулах засварын ажилд засал чимэглэлийн ажилд гар бие оролцмоор санаагдаад. Тэгээд “Эрчим хүчний үр ашиг” төсөлд энэ хүсэлтээ гаргасан. Тэд ч намайг дэмжсэнээр өмнө минь том үүд хаалгыг нээж өгсөн юм даа. Миний ижил олон залууд ажлын дадлага туршлагатай болох, төсөл дуусахад тухайн мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг уг төслийнхэн олгосон.

“... Дулааны алдагдлыг бууруулж, эрчим хүч хэмэх технологиор барилгын засварыг хийхэд байшин барилга харьцангуй дулаан болдог. Гэхдээ тухайн ажлыг чанарын зохих түвшинд хийж байж л тийм үр дүнд хүрнэ” гэж төслийн зөвлөх инженер бидэнд хэлж байсан. Ийнхүү Ховд аймгийнхны анхаарлын төвд байсан барилга дээр дадлага хийснээрээ коллежид сурсан мэдлэг чадвараа би улам батжуулсан юм. 

Дадлагаа дуусаад өнгөрсөн зургадугаар сард коллежоо төгслөө. Удаа ч үгүй байтал төслийн хамтарсан санхүүжилтээр нутгийн барилга угсралтын компанид дадлага хийж байсан долоон залуу ажилтнаас тавыг нь сонгоход би багтлаа.

Эмнэлэгийн барилгын засварын 2.5 сарын хугацаатай төсөлд ажиллуулахаар ийнхүү манай багийг бүрдүүлсэн юм. Яг энэ үеэр бас нэг барилгын компани Дарви суманд 164m2 барилгын засал чимэглэл хийлгэхээр манай даргын зөвшөөрлөөр бидэнтэй давхар гэрээ байгуулав. Ингэснээр багийнханы маань ажлын чанар олонд танигдаж эхэлсэн дээ.

Инженерийн хяналтгүйгээр ажлаа гэрээт хугацаанаас өмнө төсөв мөнгөнд нь багтааж чанартай гүйцэтгэхэд компаний захирал нь бидэнд баяр талархалаа илэрхийлж байлаа.
Одоо манай баг өөр нэг төсөл дээр, 1400m2 барилгын засал чимэглэл дээр ажиллаж байна.

Коллежоос болон дадлага ажлаас сурсан мэдлэг, туршлагаа бид бусад ажилчидтайгаа хуваалцдаг. Манай баг саяхан Монголын барилгачдад зориулсан томоохон арга хэмжээнд урилгаар оролцоход би их баярласан.

Одоо би санхүүгийн хувьд биеэ даасан. Өмнө нь автобусны мөнгө хүнээс зээлдэг байв. Харин одоо өөрөө бусдад мөнгө зээлүүлдэг. Би банкинд данс нээгээд ирээдүйн сургалтын төлбөрөө хадгалж байгаа. Цэргийн харилцаа холбооны ажилтан болох багын мөрөөдөл маань биелэх ч юм билүү.

Хэдийгээр хар багаасаа хүнд хэцүүг туулсан ч би амьдралын төлөө тууштай тэмцэхээр шийдсэн юм. Тэгэхийн тулд боломж нэг бүрийг зөв ашиглаж ирсэн. Тэдгээрээс төслийн хүрээнд дадлага ажил хийхээр болсон нь миний хувьд хамгийн том боломж байлаа.

Одоо намайг ямар түвшинд хүрсэнийг хар л даа. Би амьдралд өөрийн гэсэн байр суурьтай, банкинд хадгаламжтай, хамгийн чухал нь бусдын хүндэтгэл хүлээсэн залуу ажилчин болоод байна.