Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв нь ногоочдын мэдлэгийг тэлнэ

Local news, 01.12.2017

Газар тариалангийн бүс дэх сумуудад хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төвийг байгуулсанаар шинээр үйлдвэрлэлд нэвтэрч буй техник технологиин ололтууд төдийгүй зах зээл дэх борлуулалт, нийлүүлэлтийн мэдээг ногоочид цаг тухай бүрд нь хүлээн авдаг боллоо.

Төв аймгийн Борнуур сумын Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төвийн нээлтэд оролцсон ногоочид шинэ техниктэй танилцаж байгаа нь. 2017. © ШХА

Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол ногоо төслийн хүрээнд 2016-2017 онд ногоочдод зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэвтрүүлэх төвийг Төв аймгийн Борнуур сум, Дархан–Уул аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумдад байгууллаа.

Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төвийн үйлчилгээг орон нутагт тариаланчдад ойртуулснаар газар тариалангийн төвийн бүс дэх тариалан эрхлэгчид болон Монголын нийт 45,000 гаруй тариалан эрхлэгчид үр шимийг нь шууд хүртэх боломжтой.

Тус төв нь ногоочдод талбайн болон танхимын сургалтууд, мөн таримлын шинэ сорт, төрлүүдийг турших, шинэ технологи болон ургамал хамгааллын бодисуудын туршилт хийх боломжоор олгохын зэрэгцээ тоног төхөөрөмж түрээслэх үйлчилгээг үзүүлж байна.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд тус нэвтрүүлэх төвүүдэд сургалт өгөх зургаан сургагч ногоочин  багшийг “Ургамал хамгааллын цогц менежмент”, ”Органик ферм”-ын чиглэлээр цуврал сургалтуудад хамрагдуулснаар цааш нь 60 гаруй ногоочинд сургалтыг хүргээд байна.  Нэвтрүүлэх төв нь зөвлөх болон сургагч багш нарыг байрлуулах байр, сургалтын байр, агуулах, тоног төхөөрөмжүүдээр иж бүрэн хангагдсан.
Нэвтрүүлэх төвийн агрономич нь тус төвийн үйл ажиллагааны тогвтортой байдлыг хангах, мэдлэг мэдээллийг ногоочдод түгээх гол гүүр нь тул тэднийг сургах, чадавхжуулахад төслийн зүгээс анхааран ажиллаж байна.
Тус төвийн бас нэг чухал үүрэг бол ногоочдын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд нэн тэргүүнд тулгамддаг маркетинг болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлийг тэргүүлэх ажлуудыг нэг болгон ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын нэвтрүүлэх төвийн агрономич Батмядаг “Орхон суманд энэхүү төв байгуулагдсанаар манай ногоочид үр, бордооны захиалга болон шинэ мэдлэг мэдээллийг орон нутгаасаа авах боломжтой болсондоо туйлын баяртай, сэтгэл өндөр байгаа” гэж хэллээ.

Орхон сумын нэвтрүүлэх төвөөр дамжуулан 2016 онд нийт 500 гаруй ногоочин, 2017 онд 800 гаруй ногоочин нийт 6-8 төрлийн сургалт болон бусад зөвлөх үйлчилгээ, тоног төхөөрөмжүүдийн үйлчилгээг аваад байна. Тус төв нь ногоочиддоо тоног төхөөрөмж түрээслүүлэх үйлчилгээ явуулсанаар нийт гурван сая төгрөгийн орлого олоод байна гэж Батмядаг ярьлаа.

Ийнхүү дээрх чиглэлийн үйл ажиллагаануудыг найдвартай, тогтвортой явуулснаар цаашид бие даасан, өөрсдийгөө санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэртэй ногоочиддоо үйлчлэх нийгмийн байгууллага болох боломжтой болно гэж төслийн зүгээс үзэж байна.

Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрэл, маркетингийн “Монгол ногоо” төслийг Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо хэрэгжүүлж байна.