Олон залуус мэргэжлийн боловсролын сургуулиудад суралцаж, сайн ажилтай болох боломжоо дээшлүүллээ. Орон нутгийн хурлын төлөөлөгчдийг чадавхижуулж, ажил үүргээ илүү сайн гүйцэтгэх боломжтой болгосон төдийгүй саяхан Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентийн Албаны хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж түншлэлийн шинэ өргөн чөлөөг нээгээд байна. Энэ мэтээр бидний хамтын ололт амжилтын жагсаалт барагдахгүй урт юм.
Одоо Монгол Улсын хотжилтын сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх ажилд анхаарал хандуулахыг хүсье. Өнгөрсөн өвөл бид “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах” шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүүхэд, жирэмсэн эхчүүдийн агаарын бохирдолд өртөлтийг бууруулах, агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс хамгаалах чиглэлд эрүүл мэндийн үйлчилгээний системийг бэхжүүлэх зорилготой. Маш их ач холбогдолтой гэж үзсэн энэ төсөлд бид ихээхэн найдлага, том зорилго тавин ажиллаж байна. Одоо бид өөрчлөлт гаргах тал дээр анхаарах шаардлагатай байгаа. Бид бас төрийн үйлчилгээний хүртээмж, иргэдийн оролцоо, төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах зэрэг хотын засаглалын асуудлуудад анхаарч ажиллаж байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын эрчим хүчний хэмнэлтийн төсөл хэрэгжүүлж, барилгын дулаалгыг сайжруулах, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг бэхжүүлэх ажлыг нэгтгэн явуулж байна. Тун удахгүй бид дотоод шилжилт хөдөлгөөний удирдлагыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, тодорхой бодлогын асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна.
Гэвч Монгол бол дан ганц Улаанбаатар биш юм. Энд бас хөдөөгийн Монгол гэж бий бөгөөд Швейцарын хөгжлийн агентлаг гол төлөв Монгол ногоо, Ногоон алт- малын эрүүл мэнд төслөөрөө дамжуулж олон жилийн турш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Эрүүл бэлчээр бол хөдөөгийн 160,000 орчин малчин өрхийн амьжиргааны үндэс суурь байдаг. Энэ тал дээр Ногоон алт-малын эрүүл мэндийн төсөл асар их үр дүн харуулж чадна. Бид бүх аймагт төслөө хэрэгжүүлж, түншүүдийнхээ тогтсон сүлжээтэй хамтран тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлж байна. Малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлд нэвтрэх, экспортод гаргах боломж бодитой болж байна. Мөрөөдөл бодит байдал болон хувирч байна гэсэн үг. Гэвч Монгол орны бэлчээр нутаг салаа замын уулзварт байгааг бид мэднэ. Бэлчээрийн доройтлыг нэн даруй таслан зогсоох шаардлагатай байгааг давтан хэлмээр байна. Бид бэлчээрийн менежментийн эрх зүйн орчинг сайжруулж, бэлчээрийн тогтвортой менежментийн тэргүүн туршлагуудыг тусгасан Бэлчээрийн тухай хуулийг батлуулах хэрэгтэй байна.
Хувийн зүгээс нэг зүйл онцлон хэлэхэд миний хувьд Монгол оронд, та бүхэнд баяртай гэж хэлэх цаг болсон. Би энд маш гайхалтай эрчтэй цаг мөчийг өнгөрөөсөн. Энэ хугацаанд миний суралцах шугам бүх талаар дээш чиглэж байсан бөгөөд намайг суралцах, алдаа гаргах, алдаанаасаа суралцах, цааш урагшлах боломжийг та бүхэн олгож байсан. Би цаг ямагт бүхий л чадлаараа хичээж ажиллана гэж хамт ажиллагсаддаа амласан, энэ амлалтаа ч биелүүлсэн гэж найдаж байна. Би эх орон руугаа буцах гэж байна. Швейцарт яг Монгол шиг сайхан байж суралцах, ажил мэргэжлийн сэтгэл ханамж авах тал дээр ихийг өгнө гэдэгт итгэлтэй байна.
Биднийг энэхүү амжилтад хүргэсэн та бүхэнд бүгдэд нь талархал илэрхийлээд хэлэх үгээ өндөрлөе. Та бүхэнд болон та бүхний гэр бүлд хөгжин цэцэглэсэн чинээлэг ирээдүйг хүсэн ерөөе гэлээ.