Хэлэлцүүлгээр бэлчээрийн доройтлын тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх арга замуудын тухай шүүн ярилцсан юм. Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын хамгийн сүүлийн тайлангаар бэлчээрийн газрын 57 орчим хувь тодорхой хэмжээгээр доройтолд орж, үүний 10.3 хувь нь дахин нөхөн сэргэх чадвараа алдаж, цөлжих эрсдэлд хэдийн өртсөн байна. 200 000 гаруй малчин өрх, Монголын хөдөөгийн хүн амын 70 гаруй хувийн орлогын эх үүсвэр болсон бэлчээр нутгийн талхагдал доройтол ийнхүү тэлж байгаа нь олон хүмүүсийн амьжиргаа эрсдэлд орох аюул нүүрлээд байна. Үүнээс хажуугаар тал хээр нутгийн экосистемийн үйлчлэл, хөрс, ус, биологийн олон төрөл зүйл үрэгдэх эрсдэлтэй.
Малчид, үндэсний болон олон улсын байгууллагуудын зүгээс олон жилийн турш хүлээгдэж, зөвлөж байсан гол асуудал бол бэлчээрийн тогтвортой бус ашиглалтыг зохицуулах бэлчээрийн тухай хуулийн төсөл Үндэсний хэлэлцүүлгийн нэг гол сэдэв байсан юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дарга, НҮБ-ийн Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Швейцарын хөгжлийн агенлагийн хамтын ажиллагааны газрын захирал хатагтай Габриелла Спирли нар үндэсний хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ хууль эрх зүйн орчныг сайжруулахыг онцолсон юм. УИХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир эхний хуралдааныг даргалсан ба малчид Монгол Улсын бэлчээрийн өнөөгийн нөхцөл байдал, шинэ хуулийн төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны туршлага, сургамж, бэлчээр ашиглалтын гэрээ болон түүний хэрэгжилт, хяналтын арга механизмууд зэрэг сэдвүүд хөндөгдөж байлаа.
Үдээс хойшх хуралдааныг ХХААЯ-ны сайд Ч. Улаан даргалсан бөгөөд бэлчээрийн даац хэтэрч, малын тоо толгой өсч байгаатай холбогдуулан орон нутгийн түвшинд хариуцлага тогтоох тогтолцоо болон бэлчээрийн эрсдлийн сан байгуулахын давуу тал, сайн туршлагуудын талаар хэлэлцлээ.
Бэлчээр ашиглалтын тухай хууль гаргах хэрэгцээ тулгамдаж байгааг бүх оролцогчид онцлолж байсан бөгөөд ШХА-ийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөл энэ чиглэлээр орон нутагтаа хэрэгжүүлж буй сайн туршлагаасаа хуваалцсан юм. Зарим малчид сумын түвшинд бэлчээр ашиглалтын төлбөрийг авахын чухлыг дурдаж байв. Түүнчлэн оролцогчид бэлчээр ашиглалтыг сайжруулах, хамгаалах ажлыг хэрэгжүүлэхдээ цогц байдлаар хандах үүнд хариуцлагагүй уул уурхай, зам барилга болон аялал жуулчлалын асуудлуудыг давхар харгалзаж үзэхийг сануулж байлаа. Малчдын дурдаж байсан өөр нэгэн чухал асуудал бол малчдын залуу халааг бэлтгэх тухай юм. Мөн экологийн цэвэр, органик МАА эрхлэх, эрчимжсэн мал аж ахуй, дотоод болон гадаадын зах зээлд нэвтрэхэд малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах шаардлага байгаа талаар ярилцаж, санал бодлоо хуваалцсан юм.
Хэдийгээр цаг бага байсан хэлэлцүүлгийн үеэр 80 орчим малчид өөрийн санал, үзэл бодлоо хуваалцаж, явуулсан санал асуулгын тусламжтайгаар бичгээр саналаа илэрхийлсэн байна.
Энэхүү хэлэлцүүлэг Монгол Улсын хувьд бэлчээр болон мал аж ахуйн тогтвортой байдлыг хангахын төлөө хийж буй томоохон ажлуудын нэг юм. НҮБ-ийн Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага болон Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс малчид болон хамтран ажилласан байгууллагуудад талархаж Монгол Улс бэлчээр нутгаа хамгаалж, хойч үедээ эрүүл соргог хэвээр нь өвлүүлэх зорилгоо хэрэгжүүлэн, шинэ хуулийн төслөө УИХ-д удахгүй өргөн барина гэдэгт бүх оролцогчдын нэгэн адил найдан хүлээж байна.