ШХА-ийн дэд дарга Бенуа Мейэр-Бишийн илгээх үг

Local news, 01.06.2022

Эрхэм хүндэт уншигчдаа,

Швейцарын хөгжлийн агентлагийн нэрийн өмнөөс 2022 оны 7 сарын Мэдээллийн хуудсынхаа ээлжит дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш
Швейцарын хөгжлийн агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш ©SDC

Энэ удаагийн дугаартаа бид эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдол, хог хаягдлын менежмент зэрэг уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудал хөндсөн мэдээллээс гадна харилцан уялдаа холбоо бүхий дотоодын шилжилт хөдөлгөөний талаар голлон анхаарч, бичиглэн хүргэж байна. Эдгээр сэдвүүдээс гадна манай өмнөх мэдээллийн хуудсанд бичигдэж байсан мэдээллийн үргэлжлэл болгон Говь-Алтай аймгийн нэгэн бизнес эрхлэгчийн амжилтын түүхийг мөн сонирхуулж байна.

Бид улс орны соёл урлагт олон талаар үзүүлж байгаа дэмжлэг туслалцаа болон КОВИД-19 цар тахлын улмаас хоёр жилийн турш цахимаар хамтын ажиллагаагаа хэрэгжүүлсний дараа Монгол дахь төслүүдтэй танилцах боломжтой болсон Швейцарын Холбооны Улсын Монголыг хариуцсан ажилтны сэтгэгдлийг та бүхэнтэй хуваалцахдаа баяртай байна.

Олон жилийн туршид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлууд нь дэлхийн хэмжээнд тэргүүлэх чиглэл болсоор байна.

Швейцарын хөгжлийн агентлаг нь сүүлийн найман жилийн хугацаанд ХБНГУ-ын Засгийн Газрын хамтарсан санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улсын Засгийн газар болон хувийн банкуудтай хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж байна. Тус төсөл нь 2022 оны 5-р сарын 4-нд болсон хаалтын арга хэмжээн дээрээ төсөл хэрэгжсэн найман жил гаруй хугацаанд гарсан ололт, амжилт, сайн туршлагууд болох нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулах, одоо байгаа барилгуудыг шинэчлэх/дулаалах зураг төсөл/загварууд, эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөллүүд, боловсрол/оюуны хөрөнгө оруулалтууд зэрэг гайхалтай үр дүнгүүдээс олон нийтэд хуваалцсан. Эдгээр үр дүн, сургамжууд нь 2021 оны сүүлээс 2022 оны эхэн үеэр хийгдсэн төслийн үр дүнг үнэлэх гадны үнэлгээгээр тогтоогдсон юм. (сэтгүүл ба видео) Энэхүү төслийн хаалтын үйл ажиллагааны талаар манай мэдээллийн товхимолоос та бүхэн илүү ихийг олж мэдэх болно!

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийг бууруулах нь төсөл” 2022 оны эцэс гэхэд хэрэгжиж дуусах юм. 2022 оны 6 сарын байдлаар тус төслийн үйл ажиллагааг дүгнэхэд үнэхээр чухал үр дүн, үр нөлөөллүүд гарсан байна. Төслийн үлдсэн хугацаанд холбогдох бодлогын нөлөөллийн ажлыг улс орон даяар өргөн хэмжээнд хийх, гаргасан бүтээгдэхүүнүүдээ төслийн хаалтын арга хэмжээн дээрээ олон хүнд хүргэж танилцуулахаар ажиллаж байна.  Энэхүү мэдээллийн хуудаснаас та уг төслийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан нь гэр хорооллын уламжлалт нүүрсэнд суурилсан халаалтын системыг орчин үеийн шинэлэг, цахилгаан халаагуугаар сольж хэрхэн үр дүнд хүрсэн талаар болон алдарт ЧИП багц: Хоол хийх, халаалт, дулаалгын багцуудыг хэрхэн амжилттай туршиж, нэвтрүүлж байгаа туршлагаас мэдэх болно.

Хог хаягдлын менежмент нь байгаль орчны гинжин хэлхээний нэг гол хэсэг юм. КОВИД-19-тай холбоотой бүхий л хязгаарлалтын нөлөөллийн улмаас ШХА-аас дэмжиж буй “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн дунд хугацааны үнэлгээ 2022 оны тавдугаар сард хийгдсэн. Тус дунд хугацааны үнэлгээний  зөвлөмжийг нэгтгэсний дараа төслийн хэрэгжилтийг сүүлийн жилдээ шахан ажиллаж байна. Мэдээллийн хуудаснаас та Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд хэрэгжиж буй туршилтын хог хаягдлын тээвэрлэлт, тарифын шинэ тогтолцоотой танилцах болно. Энэ шинэ тогтолцоо нь залилан мэхлэх, авлигад өртсөн үйлдлүүдийг арилгах замаар хотын төсвийг хэмнэхэд хувь нэмрээ оруулах юм.

ШХА-ийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Олон улсын дотоодын шилжилт хөдөлгөөний  байгууллагаас Монгол Улсын Засгийн газартай хамтран “Монгол Улс дах дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн шилжилт хөдөлгөөн нь шинэ суурин, бөөгнөрөл бий болгох, агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй нэгээхэн хүчин зүйл болж байна. Харин энэхүү мэдээллийн товхимолд өгүүлсэн амьдралын түүх нь дотоодын шилжин суурьшсан иргэдэд үзүүлж буй сэтгэцийн болон нийгмийн дэмжлэгийг илүүтэй онцлох болно.  “Монгол Улс дах дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн дунд хугацааны үнэлгээг 2021 оны төгсгөлд хийсэн бөгөөд үнэлгээний зөвлөмжийг төслийн сүүлийн жилийн үйл ажиллагаандаа уялдуулан хэрэгжүүлж байна.

Манай ШХА-аас өмнө нь хэрэгжүүлж байсан "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай аймаг дах залуу бизнес эрхлэгч, цай үйлдвэрлэгч Гантулгын сэтгэл хөдөлгөм туршлагыг бидэнтэй хамт үзэж, бизнес санаагаа амжилттай хөгжүүлсний дараа тэрээр хэрхэн яаж дахин ажиллахаар шийдсэн талаарх түүний амжилтын түүхээс суралцаарай.

Таны харж байгаачлан, бидний хэрэгжүүлсэн төслүүдийн хугацаа дуусч, цаашдын тогтвортой байдлаа дээд зэргээр хангах үүднээс мэдлэгийн удирдлага, сайн туршлагаа хуваалцах тал дээр ихээхэн анхаарал хандуулж, үйл ажиллагаагаа үе шаттайгаар төлөвлөн дуусгаж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн төв салбарт Монголыг хариуцсан ажилтан Сюзанна АМСЛЕР-ийн бидэнтэй хуваалцсан ярилцлагыг мөн хүргэж байна.

Аливаа түүх нь сургаал, сургамжаар дүүрэн байдаг. ШХА-ийн дэмжлэгтэйгээр нэгэн гайхамшигт эмэгтэйн түүх, соёлын уламжлалыг тантай хуваалцан энэ удаагийн мэдээллийн товхимлоо өндөрлөж байна.

Социализмын үед Монголын эмэгтэйчүүдийн холбоог анх үүсгэн байгуулагчдын нэг Монголын анхны эмэгтэй удирдагчдын нэг хатагтай Сономын Удвалын амьдралын түүхээс багахан хэсгийг хүүрнэн өгүүлэх болно.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжсэн эдгээр амжилтын түүхүүд нь энэхүү мэдээллийн товхимолын гол гялалзсан шигтгээ болж чадна гэдэгт итгэлтэй байна. Та эдгээр түүхүүдийг уншснаар бидний дэмжсэн, хамтран хэрэгжүүлсэн олон үйл ажиллагааг мэдэж авах болно. Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байж байна!

Мөн өмнөх шигээ мэдээ, мэдээллийн талаарх таны санал хүсэлтийг хүлээн авахад бид хэзээд бэлэн байх болно. Эерэг, сөрөг бүхий л санал сэтгэгдлийг хүлээн авах боломжтой бөгөөд энэ нь бидний цаашдын ажилд хамгийн сонирхолтой байдлаар мэдээлэл хүргэхэд тус нэмэр болох юм.

 

Энэ удаагийн шинэ дугаарыг таалан болгооно уу!

Бенуа Мейэр-Биш,

Хамтын ажиллагааны дэд дарга