Орон нутагт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар дотоод шилжин суурьшигчдын амьдралыг сайжруулж байна

Local news, 15.06.2022

Жирэмсэн, уушигны өвчтэй гэх шалтгаанаар Ц.Цэнд-Аюуш нийслэл Улаанбаатар хотод есөн жил амьдарсныхаа дараа төрөлх нутаг Говь-Алтай аймаг руугаа нүүхээр шийджээ. Бусдын л адил хотын амьдрал, үйлчилгээний хүртээмж, төрөл бүрийн боломжуудад татагдаж Улаанбаатар хотод ирсэн ч агаарын бохирдол, эрүүл бус амьдралын нөхцөл, стресс зэрэг нь түүнийг улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотоос нүүхэд хүргэсэн байна. 

Ц. Цэнд-аюуш сургалт явуулж байна
Ц. Цэнд-аюуш сургалт явуулж байна ©Говь-Алтай аймгийн Улаан загалмайн нийгэмлэг

Орон нутаг болон нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн зөрүүтэй байдлаас үүдэн орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн үргэлжилсээр байгаа ба хөдөлмөр эрхлэх боломж, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний хүртээмж нь шилжин суурьшигчдыг Улаанбаатар хот руу татах голлох хүчин зүйлсүүд юм. Харин сүүлийн жилүүдэд буцах шилжилт хөдөлгөөн буюу хотоос орон нутаг руу иргэд шилжин суурьших болсон ба эдгээр иргэдийн дийлэнх нь залуу гэр бүлүүд байгаа юм.

Дээд боловсрол эзэмшихээр Улаанбаатар хотыг зорьсон Цэнд-Аюуш сэтгэлзүйч мэргэжлээр суралцаж, төрийн бус байгууллагад дадлагажих боломж олдсон ч хотод мэргэжлээрээ ажиллаж чадаагүй байна. Өдгөө 29 настай Цэнд-Аюуш нөхөр, хүүгийн хамт эрүүл амьдралыг хүсэмжилж Говь-Алтай аймагт шилжиж ирээд гурван жил болжээ. Тэрээр одоо аймгийнхаа цөөхөн хэдэн мэргэжлийн сэтгэлзүйчдийн нэг бөгөөд хоёр байгууллагад зэрэг ажиллаж, олон иргэдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж байна. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн ажлаараа дамжуулан жил хүрэхгүй хугацаанд 20 гаруй залуу гэр бүлүүдэд тусгайлсан сэтгэл зүйн зөвлөгөө өгснөөс зургаа нь тулгамдаад байсан асуудлаа шийдвэрлэн, эргэн нийлжээ.

"Миний зөвлөгөө өгсөн зургаан гэр бүл асуудлаа даван туулж, нэгэнтэйгээ ойлголцон, эргэн нийлснийг сонсоод би өөрөө бахархах сэтгэл төрж, одоо л сэтгэл зүйч боллоо доо гэж бодсон” тухайгаа Цэнд-Аюуш хуваалцсан юм.  "Хэрэв би энэ төсөлд оролцож, мэргэжлээрээ ажиллаж чадна гэсэн итгэлийг олж аваагүй бол дуртай зүйлээ хийж, эдгээр хүмүүст тусалж чадахгүй байх байсан" хэмээн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан төсөлд хамрагдсан тухайгаа ярьсан юм.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ) нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжэгтэйгээр “Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” дөрвөн жилийн хугацаатай төслийг орон даяар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон нутгийн ТББ-уудаар дамжуулж шилжин суурьшигчдад шууд үйлчилгээ хүргэх жижиг төсөлд хамрагдсан 10 мянга гаруй ашиг хүртэгчдийн нэг нь Цэнд-Аюуш билээ. Тэрээр Цэнд-Аюуш төсөлд хамрагдсанаар ажилтай болж, өрхийн орлогоо нэмэгдүүлж чадсан байна.

Шилжилт хөдөлгөөнийг тусгасан, баримт нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, бодит оролцоогоор дамжуулан Монгол улсын дотоод шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах зорилготой дээрх төсөл нь 2019 оны 9 сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн ба төслийн хүрээнд шилжин суурьшигчдад үйлчилгээ үзүүлэх 30 ТББ-аас бүрдсэн МигНет сүлжээг  11 аймаг, Улаанбаатар хотын хэмжээнд байгуулж, ​2 сая орчим иргэдэд хариуцлагатай шилжилт хөдөлгөөний тухай мэдээлэл хүргээд байна. ОУШХБ нь Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, төрийн үйлчилгээний нэгдсэн платформ E-Mongolia-д иргэний оршин суух бүртгэлийг цахимжуулж, зорилтот бүлгийн 800 гаруй шилжин суурьшигчдад бичиг баримтын зөрчлийг арилгах дэмжлэгийг Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран хийжээ. Түүнчлэн, Үндэсний статистикийн хороотой хамтран дотоод шилжилт хөдөлгөөний үндэсний мэдээллийн чанарыг сайжруулахаар ДТМ Шилжилт Хөдөлгөөнийг Тандах Матриц аргачлалыг ашиглан орон даяар хүн амын бодит мэдээллийг цуглуулж эхлэв. Үүнээс гадна шилжилт хөдөлгөөнийг бодлогод тусгах чиглэлээр дотоод шилжилт хөдөлгөөний хоёр томоохон судалгааг хийж гүйцэтгэн, бодлого боловсруулагчдад зөвлөмж хүргүүлээд байна.

Нийгэм, эдийн засгийн чадавхтай шилжин суурьшигчид нь орон нутгийн хөгжилд чухал нөлөөтэй тул ОУШХБ нь ТББ-уудаар дамжуулан тэдэнд хүрэх мэдээлэл үйлчилгээний хүртээмж, нийгэм сэтгэлзүйн дэмжлэг, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Улаанбаатар хот болон аймгуудын хязгаарлагдмал хүний нөөц бүхий хороод, орон нутгийн төрийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилготой орон нутгийн ТББ-ын төслийн хоёрдугаар шатыг есөн аймаг, нийслэлийн 13 ТББ-аар дамжуулан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд 500 гаруй шилжин суурьшигчид хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг, 700 гаруй нь нийгэм сэтгэлзүйн дэмжлэг хүртэх юм. Төслийн цар хүрээг 2022 онд багтаан өргөжүүлэн, бусад аймгуудын ТББ-уудтай хамтран ажиллахаар зорьж байна.

Цэнд-Аюушийн хувьд хэдий төрөлх нутагтаа очсон ч таних хүн цөөн, нялх хүүхдээ гэртээ хоёр жил харсан тул өөрийгөө алдсан мэт мэдрэмж төрж байсан ч нутгийн ТББ-ын төслөөс нийгэм сэтгэлзүйн дэмжлэг, ажил хайх зөвлөгөө авсан нь түүний амьдралыг өөрчилсөн хэмээн ярьсан юм.

Шинэхэн шилжин суурьшигчдад тулгардаг асуудлууд, шилжихээр төлөвлөж байгаа иргэдийн хүндрэл, сэтгэлзүйн байдлыг сайн мэдэх тэрээр Говь-Алтай аймаг дахь Улаан загалмайн хороогоор дамжуулан шилжин суурьшигчдад нийгэм сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж байна.

Буцах шилжилт хөдөлгөөн нь Цэнд-Аюушийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй түүний нөхөр Бархасбодь-д ч мөн сайнаар нөлөөлжээ. Тэрээр эмээлийн тавиур, айрагны хутгуур хийдэг гар урлалын бизнесээ эхлүүлсэн ба хамгийн эхний ажилтнаа аваад удаагүй байна. Орон нутгийн зах зээл жижиг тул тэд цахим орчинд бүтээгдэхүүнээ борлуулж, Монгол шуудангаар хүргэдэг аж.

Буцах шилжилт хөдөлгөөн нь иргэдийн дунд дэлгэрч буй шилжилт хөдөлгөөний шинэ хандлага эсвэл Монгол Улсын Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлээс гадна орон нутгийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэдгийг Цэнд-Аюуш болон түүний гэр бүлийн жишээ харуулж байна.

“Хөдөө орон нутагт дутагдалтай зүйлс олон байж болох ч, хүссэн зүйлээ хийж, эрүүл орчинд амьдрах боломж энд байна.”

Дэлгэрэнгүйг ОУШХБ-ын сайтнаас аваарай