ШХА-ийн даргын мэндчилгээ

Local news, 20.03.2022

Эрхэм уншигчидаа,

Та бүхэндээ мэдээллийн хуудсынхаа ээлжит дугаараа хүргэж байгаадаа баяртай байна.

Энэ удаагийн дугаартаа та бүхнийг хөгжиж буй бизнесийн ертөнцөд анхаарлаа хандуулахыг хүсч байна.

ШХА-ийн дарга Стефани Бурри (PhD)
ШХА-ийн дарга Стефани Бурри (PhD) ©ШХА

Хариуцлагатай эдийн засгийн өсөлтийг дэмжих нь тогтвортой хөгжлийн үүдийг нээх гол түлхүүр болдог. Ийм учраас Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) нь Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд тэдгээр нь урт удаан хугацааны харилцааг бий болгох замаар тогтвортой хөгжлийг дэмжихэд онцгой анхаарлаа хандуулдаг билээ. Энд дурдагдаж байгаа жижиг бизнесийн санаанууд болон амжилтын түүхүүдийг уншаад бидний нэгэн адил таны сэтгэл ч мөн хөдөлнө хэмээн найдаж байна!

Монгол орны өнцөг булан бүрт хүрч, орон нутагт очиж ажиллахдаа өөрсдийн хүсэл эрмэлзэл, тууштай байдал, бүтээлч сэтгэлгээгээрээ санал, санаачилгаа ажил хэрэг болгон амжилттай хэрэгжүүлж байгаа эмэгтэйчүүдээр удирдуулсан олон компаниудтай уулзан, бахархаж явлаа.

Энэхүү мэдээллийн хуудсанд зургаан амжилтын түүх нийтлэгдсэн ба миний хувьд гурвыг нь энд товч дуръя.

Миний онцлох эхний амжилтын түүх бол Монгол хувцасны загвар зохион бүтээх чиглэлээр мэргэшсэн "Монгол костюмс" компанийн бизнесийн тухай юм. Энэ компани дан эмэгтэйчүүдээс бүрдсэн багийн урласан хувцас бүр нь өвөрмөц, дахин давтагдашгүй бөгөөд деталь бүр дээр нь анхаарч нарийвчлан хатгаж оёдгоороо онцлог юм. Тус компаний захирал нь өөрсдийн урласан хувцасаараа Монгол Улсад олон зуун жилийн турш хувцас хэрэглэл өнөөг хүртэл хэрхэн өөрчлөгдөн ирсэн тухай ер бусын түүхэн мэдлэгийг олон нийтэд түгээж байна. Саяхан “Монгол хувцасны нууц товчоон” баримтат кино нээлтээ хийлээ. Энэхүү баримтат кино нь Монголын түүх, хувцас урлал, дизайныг сонирхдог хэн бүхэнд нэн хэрэгтэй мэдээллийг өгүүлсэн сайн уран бүтээл болсон гэж миний хувьд үзэж байна.

Дараагийн онцлох амжилтын түүх бол таныг органик тариалангийн ертөнцөд аваачих болно. КОВИД-19-ийн цар тахлын үед хил хаагдаж, импортын хязгаарлалт тогтоосны улмаас Дарханы жижиг старт-ап компани “Дархан Гумат” нэртэй органик бордоо үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэхүү бордоо нь импортын бүтээгдэхүүнээс хямд, орон нутагт үйлдвэрлэсэн бусад бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц сайн чанартай болсон бөгөөд Монголын зах зээлд амжилттай борлуулагдаж байна. Хэрвээ та хашаандаа мод бут, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, гэртээ цэцэг, ургамал тарьдаг бол “Дархан Гумат” бордоог сонирхож үзээрэй.  

Гурав дах амжилтын түүхээр “MyHotel платформ”-ыг онцолж байна. Монгол оронд тусгайлан зориулж боловсруулсан энэхүү платформыг ашигласнаар та Монгол Улсын аль ч аймагт байгаа зочид буудлын талаарх мэдээллийг хурдан шуурхай авах боломжтой. Энэхүү платформ нь танд зочид буудлынхаа өрөөний сонголтыг хялбархан хийж, захиалах боломжийг олгох болно. Та зөвхөн өрөөний үнэ, байршил төдийгүй тав тухтай байдал, боломжууд зэрэг холбогдох бүх мэдээллийг нэг дор олж авна. Та дараагийн амралтаараа юу хийх, хаашаа явахаа төлөвлөн, зочид буудал хайх гэж байна уу? Тэгвэл “MyHotel платформ” танд найдвартай туслах болно!