"Эргэж ирэхгүй намар" киноны найруулагч С. Уран: Швейцарын Локарно кино наадмын Нээлттэй хаалга хөтөлбөр надад маш их боломж олгосон

Local news, 18.04.2023

“Эргэж ирэхгүй намар” киног Т.Бум-Эрдэний бичсэн “Түнтүүлэй” өгүүллээс сэдэвчлэн бүтээсэн. Энэ өгүүллийн тухай хаанаас мэдсэн бэ?

Эргэж ирэхгүй намар кино
Эргэж ирэхгүй намар кино ©IFI

Зохиолч Т.Бум-Эрдэнэтэй өмнө нь хоёр кино бүтээхэд хамтарч ажиллаж байсан юм. Арваад жилийн өмнө аав, хүү хоёрын тухай кино хиймээр байгаагаа хэлэхэд Т.Бум-Эрдэнэ надад өөрийнхөө бичсэн “Түнтүүлэй” өгүүллийг уншихыг санал болгосон. Тэгж анх удаа энэ өгүүлэлд дурлаж, тэр цагаас хойш Түнтүүлэйгийн түүх миний санаанаас гарахгүй байсан юм. Өгүүлэлд хүүхэд болон эрэгтэй хүний дотоод ертөнц, тэдний аавтайгаа харилцах харилцааг харуулдаг. Аав нь гэнэт хүндээр өвдөхөд хотод тогоочоор ажилладаг Тулгаа нутагтаа эргэж ирдэг. Аав нь удалгүй нас барахад Тулгаа аавынхаа дуусгана гэж амласан хандлан хадахаар үлддэг. Ийнхүү хадлан бэлтгэхээр хээр ажиллаж байхдаа тэрээр өвөө, эмээтэйгээ амьдардаг 10 настай Түнтүүлэй хүүтэй учирдаг юм. Түнтүүлээгийн ганц бие ээж нь хотод ажилладаг. Тулгаа, Түнтүүлэй хооронд үүссэн ойлголцол, харилцаа нь тэднийг өөрсдийгөө сориход хүргэдэг.

“Эргэж ирэхгүй намар” кино бол таны найруулагчаар ажилласан анхны кино. Анхны кинонууд бүгд ямар нэгэн байдлаар онцгой байдаг. Таны хувьд “Эргэж ирэхгүй намар” кино юугаараа онцлог вэ? Найруулагчийн хувьд яагаад энэ киног анхны бүтээлээ болгон сонгосон бэ?

Монголд төрж өссөн би улс орныхоо баялаг түүх, соёл болон дэлхийд улам бүр цөөрч байгаа нүүдэлчний амьдралын хэв маягийг их биширдэг юм.  Амьдралын энэ хэв маяг янз бүрийн насны хүмүүсийн сэтгэл хөдлөл, бодол, харилцаа, эргэн тойронд болж буй үйл явдалд хариу үйлдэл хийхэд хэрхэн нөлөөлдгийг уран бүтээлчийн хувьд ажиглаж ирсэн. Монголын орчин үеийн нийгмийн тулгамдсан асуудлууд, гол дүрүүдийн сэтгэлийн шаналлыг онцолж харуулснаар "Эргэж ирэхгүй намар" кино монголчуудын зүрх сэтгэл, сэтгэлгээг илэрхийлэх маш сайн боломж олгосон. Анхны киногоороо дамжуулан монголчуудыг хувь хүн, улс үндэстний хувьд ямар  соёл, дотоод сэтгэлтэй гэдгийг дэлхий нийтэд бодитоор таниулах, ингэхдээ Монголын байгалийн өвөрмөц гоо үзэсгэлэнг харуулж, дэлхийн үзэгчдэд жинхэнэ кино урлагийг мэдрүүлэхийг зорьсон.

Кино зохиолоор Швейцарын Локарно кино наадмын Нээлттэй хаалганы хөтөлбөрт суралцаад, Rotterdam-ын продюсерийн сургалтанд суух эрх авсан талаараа ярьвал?

Анх 2018 оны намар Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын хүрээнд Швейцарын Локарно Нээлттэй Хаалга хөтөлбөрийн захирал Софи Бурдо Монголд ирэн ирэх 3 жилийг Монгол Улсыг сургалтынхаа “фокус” улс болгосон тухай мэдээлэл өгсөн тэр үеээс түүнтэй биечлэн танилцсан юм. 2019 оны Нээлттэй хаалга хөтөлбөрийн Продюсерийн лаб-д суралцах хүсэлтээ өгсөн боловч тэр үед тэнцээгүй. Гэсэн ч 2020 оны хөтөлбөрт дахин материалаа явуулж тэнцсэн гэсэн хариу авсан. Тэр үед "Эргэж ирэхгүй намар" киноныхоо зураг авалтыг дуусган "хар монтаж"-аа найруулагч маань хийсэн байсан ба би энэхүү киногоороо тэнцэн Швейцарын Локарногийн Нээлттэй хаалга хөтөлбөрт суралцах эрхээ авсан юм. Ковидоос болоод 14 хоногийн сургалт маань онлайн хэлбэрээр болсон ч Европын кино продюсерууд, томоохон фестивалиудын программистууд, зохион байгуулагчидад киноныхоо эхний хувилбарын монтажийг үзүүлэхэд гадны үзэгчидэд хүрэх боломжтой, сайн кино төсөл байна гэж их тоосон.

Гэхдээ мэдээж яавал илүү дэлхийн үзэгчидэд сэтгэл хөдлөлийн хувьд хүртээмжтэй байж болох вэ гэдэг дээр янз бүрийн л комментууд авсан. Манай багийн хувьд бид анхнаасаа дэлхийд гаргах кино хийе гэдэг зорилготой байгаагүй, найруулагч маань анх Т.Бум-Эрдэнэ зохиолчийн "Түнтүүлэй" өгүүллэгийг тэртээ 7 жилийн өмнө уншсан цагаасаа хойш энэ түүхийг кино болгож дэлгэцэнд амилуулж, хүүхдийн ертөнц ямар тунгалаг болохыг харуулахыг хүсэж хийсэн. Найруулагч эх өгүүллэгийг кино зохиол болгон хөгжүүлэхдээ өнчрөл, хагацал, түүнээс хэрхэн хэзээ эдгэж болох талаар мөн бага нас, идэр нас, өндөр настай 3 өөр үеийн эрчүүдийн дотоод сэтгэлийг Монгол ахуйг дэвсэн орчин цагийн нийгмийн гол аюул гэр бүл салалтын асуудлыг дэвшүүлэн киногоо бүтээх санаа нь маш их таалагдсан учраас продюсерлаж ажилласан. Локарногийн хамтрагч фестиваль болох Роттердамын Олон Улсын Кино Фестивалийн дэргэдэх Продюсерийн лаб сургалтын захирал хатагтай Инка суралцагчидтай нэг нэгээр нь ярилцлага хийж, яагаад кино продюсер болохыг хүссэн, ямар сургалтын хэрэгцээ байна, тэр дутагдалтай мэдлэгээ олж авбал цаашдаа хэрхэн ажил уран бүтээлдээ тусган ажиллах вэ гэсэн асуултуудыг асууж, мөн оролцож буй кино төслүүдийг маань судалж байгаад нэг оролцогчийг өөрийн сургалтдаа шалгаруулан суралцуулах байсан ба намайг сонгосон байсан. Кино продюсер тэр дундаа бүтээлч продюсерийн мэдлэг, олон улсын кино салбарын туршлага олгох сургалтыг Монголдоо сурах боломжгүй байдаг учир тэнцсэндээ би маш их баяртай байсан. 

Та бүхний цаашдыг зорилго юу бэ?

Швейцарын Локарно болон Роттердамын Продюсерийн лаб хөтөлбөрт суралцсан мэдлэг, мөн олон улсад болон дотооддоо бүтээлч продюсераар ажиллаж байгаа туршлагаа нэгтгэн, Локарногийн Нээлттэй хаалга хөтөлбөрийн сургагч багш, Франц Хятад ХонгКонг-д суурьшин ажилладаг Францын продюсер Изабел Глашантыг зочин багшаар урин, мөн дотоодын туршлагатай продюсеруудыг урин, Монголын Кино Институттэй хамтран Монголд анх удаа "Бүтээлч продюсерын сургалт"-ыг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр амжилттай зохион байгуулж, 13 суралцагчийг хамруулсан. Практикт суурилсан сургалт учир суралцагчид маш өндөр сэтгэгдэлтэй байсан ба цаашдаа жил бүр тасралтгүй энэхүү сургалтаа агуулгыг нь улам бүр чанаржуулж явуулах зорилготой байна. Мэдээж миний үндсэн ажил болох кино бүтээх ажлынхаа хүрээнд 2022 онд "Хохирогч" ОАК-г VOO платформтой хамтран амжилттай бүтээсэн. Ирэх 4 сард "Монгол" уран сайхны киногоо дотооддоо нээн ажиллана. Мөн 16 ангитай олон ангит киног VOO платформтой хамтран хийхээр хөгжүүлэлтийн үе шатан дээрээ ажиллаж байна.

 Уншигчиддаа зориулж хэлэх үг? 

Орчин цагийн хүмүүс бидний бүтээсэн нийгэм бидний анхаарлыг маш олон зүйлд хандуулж, завгүй өдөр тутмын хэмнэлдээ дарагдан дотогшоогоо аялж, энэ амьдралд яах гэж, юуны төлөө гэдэг чухал асуултуудынхаа хариултыг олох завдалгүй урсаж байна. Тиймээс "Эргэж ирэхгүй намар" киног үзэж Монголынхоо хөдөө нутгийн аниргүйд гол дүрүүд болох Тулгаа, Түнтүүлэй хоёртой маань түр ч гэсэн хотын их чимээ шуугианаас завсарлага аваасай гэж урьж байна. Магад Таны зүрх сэтгэлд хэрэгтэй чухал зүйлийг кино маань өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Юнивишн, ДДэш ТВ-ийн видео санд зөвхөн байршиж байгаа. Энэхүү ярилцлагыг уншин суугаа Таньд амар тайвныг ерөөе.  Дэлгэрэнгүйг "Эргэж ирэхгүй намар" киноны трейлэрээс үзээрэй.