Бүтэн долоо хоногийн турш гайхалтай кинонудаар амьсгаллаа

Local news, 06.11.2023

Монголын Урлагийн Зөвлөл Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын 15 дахь удаагийн кино наадмыг амжилттай зохион байгууллаа. 

15 дахь Улаанбаатар олон улсын кино наадам
15 дахь Улаанбаатар олон улсын кино наадам ©ШХА

Жил бүр Улаанбаатар олон улсын кино наадам нь Монголын үзэгчдэд, ялангуяа залуучуудад үндэсний болон олон улсын кино урлагийн гайхамшиг, соёлын олон янз байдлыг танилцуулж, улс орны чухал урлагийн арга хэмжээний нэг болдог болсон.

МОНГОЛ КИНОНЫ СЭРЭЛТ

Энэ жилийн УБОУКН-ын хүлээлт эрт эхэлсэн. Учир юун гэвээс өнгөрсөн тавдугаар сард найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” бүтээл Каннын кино наадмын “Un Certain Regard” хэсэгт шалгарч, монгол киноны түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдсэн билээ. Тэгвэл удсан ч үгүй 9-р сард болж өнгөрсөн Венецийн кино наадамд найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” бүтээл шалгаран оролцож, “Ориззонти” хэсгээс шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртэж орхив. Ингээд үзэгчдийн дунд энэ жилийн Улаанбаатар кино наадмаар олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон Монголын хоёр ч бүтээлийг үзэх нь гэсэн хүлээлт үүссэн. Хүлээлт ч ёсоор болж, 15 дахь удаагийн Улаанбаатар кино наадам “Сэр сэр салхи” киногоор нээлтээ хийсэн бол “Баавгай болохсон” бүтээл “Монгол кино хөтөлбөр”-т толилуулагдлаа. Аливаа кино наадмын нэг зорилго нь шилдэг уран бүтээлүүдийг нээн толилуулах, хэлэлцүүлэг воркшоп зохион байгуулах замаар дотоодын уран бүтээлчдийг дэмжих байдаг.

Найруулагч П.Лхагвадуламын хувьд багагүй хугацааг эх орноосоо хол өнгөрөөсөн, олон улсын баг ажилласан, бөө мөргөл гэх харь хүнд хачин сонин санагдах сэдвийг хөндсөн юм. Бид хүнд нөхцөлд амьдардаг. Гэвч бид эгээ л Зэ шиг байгаль цаг уураас эхлээд нийгэм эдийн засгийн шалгуур бүгдийг яаж ийгээд даван гарч, итгэл найдвараа гээлгүй ирээдүйтэй, урин хавартай золгосоор ирсэн, золгосоор ч байх болно. Магадгүй Зэгийн дүр бол энэ бүх шалгуурыг даван гарсаар буй бид бүгдийн хийморь, бид бүгдийн нэг нэгнээ гэх дотно сэтгэл биз ээ. Найруулагч П.Лхагвадулам “Сэр сэр салхи”-иар Монгол залуусын тээж явдаг ачаа дарамтыг харуулахыг хүссэн хэмээн онцолсон.

Найруулагч П.Золжаргал Монгол дахь анхны үзвэрээ “Бид утаагаар амьсгалдаггүй, бид ах дүүсийнхээ ядуурлаар амьсгалдаг шүү. Чанартай боловсрол биднийг ядуурлаас гаргана. Гэвч боловсрол тэгш, хүртээмжтэй бус байна” гэсэн үгсээр нээсэн нь кино эхлэхээс ч өмнө сэтгэл хөдлөлд автуулж орхисон. Нэг үеийн хоёр эмэгтэй найруулагчийн гэр хороололд амьдрах өсвөр насны хөвгүүдийн амьдралд төвлөрч, дүн өвлөөр зургаа авсан хоёр бүтээл монгол киноны түүхэнд нэгэн шинэ хуудсыг зэрэгцэн сөхөх тавилантай байсан нь нэн сонирхолтой. “Баавгай болохсон” Монголын нийгэм дэх гүн хуваагдлыг зоригтой бөгөөд ил харуулжээ. Хэдийгээр эл сэдэв Монголын урлагт шинэ биш ч нийгмийн шүүмжийн хэмжээнд ингэж харуулсан нь цөөн. Ялангуяа найруулагчийн гэр хорооллын гэгдэх амьдралын нарийн ширийнийг гярхай ажиглаж, тэр бүрийгээ бүтээлдээ шигтгэн оруулсныг онцлох ёстой. Хорооны ажилтан түлэх түлшгүй хүүхдүүдэд утааны эсрэг шүүлтүүр тарааж буй хэсэг, хүүхдийн мөнгөөрөө болгоод байна гэх наснаасаа хэрсүүжсэн дүрүүдийн хүүрнэл зэрэг нь аньсага чийгтүүлж байлаа. Өвлийн сар дөхөх тусам утааны талаар санаа зовох атлаа тэсгим хүйтний өмнө чичирч зогсоо мянга мянган хүүхдүүдийн талаар бид бодож үздэгсэн билүү? Зуух, яндан, түлш тарааж, утаатай зүйл бүрээр тэмцэх атлаа тэр л утаагаар бүлээсэх мянга мянган гэр бүлүүдийн төлөө юу хийдэгсэн билээ?

ОЛОН УЛСЫН ҮЗВЭР

Энэ жилийн УБОУКН-ын нэг онцлог нь гурван кино театрт зэрэг зохион байгуулагдаж, олон улсын үзвэр дэх бүх бүтээл хоёр удаа үзэгчдийн хүртээл болсон явдал. Энэ нь Улаанбаатар кино наадам 15 жилийн хугацаанд хэрхэн өргөжин тэлж, үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж буйн илрэл юм.

Энэ жилийн УБОУКН-аар үзэгчдийн хамгийн өндөр хүлээлттэй байсан бүтээл нь Каннын кино наадмын тэргүүн шагнал “Алтан далдуу мод”-ыг хүртсэн, найруулагч Жюстин Триегийн “Уналтын задлан” байв. Жюстин Трие орчин үеийн хосуудын амьдрал дахь үл ойлголцол даамжирсаар хэрхэн эмгэнэлээр төгсөж болохыг шүүх танхимын драм (courtroom drama) хэлбэрээр задлан үзүүлсэн юм.

Эцэст нь Олон улсын үзвэр хэсгээс онцлохгүй байхын аргагүй бүтээл нь Туркийн найруулагч Нури Билгэ Жейланы “Хуурай өвс” байлаа. Нури Истанбулаас хөдөөх тосгонд ирсэн, хөдөө нутгийн хоцрогдсон бүдүүлэг байдлыг дотроо үзэн ядаж, хотын амьдралыг мөрөөсөх багш эрийн ёс суртахууны уналт ба босолтын түүхэнд өөрийн дотоод сэтгэл, Турк орноо хайрлах хайр, Турк орны нийгэм улс төрийн нөхцөл байдал, үгүй ер нь хүн гээч юусан билээ гэх эргэцүүлэл, нэг кинонд багтааж болох бүхий л сэдвийг багтаан ойрд үзэгдээгүй үлэмж бөгөөд цогц бүтээлийг бүтээжээ.

БАРИМТАТ КИНО ҮЗВЭР

УБОУКН энэ жилээс эхлэн Швейцарын Ньоны “Visions du Réel” баримтат кино наадамтай хамтын ажиллагаа эхлүүлж, энэ хүрээнд анх удаагаа баримтат кино үзвэрийн хэсгийг хөтөлбөртөө багтаасан нь энэ жилийн бас нэгэн онцлог байв. УБОУКН баримтат үзвэрийн хэсэгтэй болж буй нь Монголын баримтат кино бүтээгчдийн цаашдын хөгжилд ихээхэн дэм болно гэдэгт итгэлтэй байна. Анх удаагийн баримтат үзвэрийн хэсэг Питер Мэттлерын эцэг, эхтэйгээ өнгөрүүлсэн сүүлчийн мөчүүдийн дүрсээ ашиглан бүтээсэн амьдрал үхлийн тухай кино эсээ “Үгүйг үгүйлнэ”, Каутер Бен Ханьягийн Тунист алга болсон хоёр охины бодит түүхийг мэргэжлийн жүжигчидтэйгээр ахин зохиомжилж, уран сайхны ба баримтат киноны хил зааг дээр сонирхолтой байдлаар тоглосон “Эгч дүү дөрөв”, Францын католик сүмд хүүхэд насаа хүчирхийлэл дунд өнгөрөөсөн өвгөдийн дурсамж дээр тулгуурлан бүтээсэн “Меркюригийн шоовдор хөвүүд” гэсэн гурван бүтээл толилуулагдсан билээ. Энэ хэсгээс бясалгагч, найраглаг атлаа уран зөгнөлт ч гэмээр хэлбэртэй П.Мэттлерийн “Үгүйг үгүйлнэ” бүтээлийг онцлох ёстой. 

УБОУКН ба Швейцарын хооронд тогтсон Меркюригийн шоовдор хөвүүд сэжим зөвхөн баримтат үзвэрийн хэсгээр хязгаарлагдахгүй. Энэ жилийн онцлох орноор Швейцарын Холбооны Улс сонгогдож, “Намайг явуулаач”, “Хар хөөндэй, хар хөөндэй, хармаг”, “Нуувч” гэсэн гурван бүтээл толилуулагдсан юм. 

ФОРУМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Энэ жилийн хувьд “Авдраа уудал” кино сургалтыг Европын томоохон студиудэд дууны найруулга, дизайны чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай, швейцар уран бүтээлч Освальд Швандер дууны найруулгын сэдвээр гурван хоногийн турш удирдан явуулсан бол “Ирж яваа цаг” кино форум “Баримтат киног сонгох шалтгаан” болон “Бидний цаг үе кино хальсанд” гэсэн сэдвийн доор зохион байгуулагдсан юм. “Баримтат киног сонгох шалтгаан” форумд кино найруулагч Н.Уранчимэг Монголын баримтат киноны түүх сэдвээр “Хүрд” баримтат киноны найруулагч Л.Номин “Хүрд эргэхэд…”, 54 дэх удаагийн “Visions du Reel” кино наадмын хамтын ажиллагаа хариуцсан захирал Софи Бурдон “Баримтат киног сонгох шалтгаан”, продюсер Гуги Гумиланг “Олон улсын баримтат кино наадам болон зах зээл” сэдвээр илтгэл тавьсан юм. Харин “Бидний цаг үе кино хальсанд” хэлэлцүүлэгт найруулагч С.Бямба, УБОУКН-ын олон улсын уран сайхны удирдагч Анн Дэлсет, УБОУКН-ын хөтөлбөр боловсруулагч Тибу Брак, УБОУКН-аар анхны бүтээл нь толилуулагдсан вьетнам найруулагч Тьен Ан Фам нарын кино урлаг болон нийгмийн шинжлэх ухааны судлаачид оролцож, энэ цаг үеийн кино, тэр дундаа монгол киноны талаар шинжлэн ярилцсан билээ. 

Ийнхүү 15 дахь удаагийн УБОУКН хүн амьдралаас хүртэж, мэдэрч болох үй олон сэтгэл хөдлөлийг долоо хоногийн турш мэдрүүлээд өндөрлөлөө. Ирэх жил илүү их сэтгэл хөдлөлтэй, илүү олон кинотой, илүү олон үзэгчтэйгээр эргэн уулзъя.

Дэлгэрэнгүй Улаанбаатар кино наадмын хуудаснаас аваарай.