Монгол Улсад “Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетинг” төсөл үр дүн, амжилт дүүрэн өндөрлөж байна

Local news, 08.11.2023

“Монгол ногоо” төсөл Швейцарын хөгжлийн агентлагийн санжүүжилтээр 2004-2023 онд хэрэгжиж, тавьсан зорилгынхоо хүрээнд томоохон үр дүн, ахиц дэвшил, амжилт дүүрэн хэрэгжиж дууслаа. 

Монгол ногоо төслийн үр шим хүртэгч Дэжид
Монгол ногоо төслийн үр шим хүртэгч Дэжид ©ШХА

Төслийн хаалтын арга хэмжээнд Монгол Улсын хүнсний ногооны салбарын цаашдын хөгжилд чиглэсэн, амжилттай хэрэгжиж туршигдсан загвар, үйл ажиллагааны урт хугацаанд тогтвортой байдлыг хангах талаар хэлэлцлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжлэгээр Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо" ТББ “Монгол ногоо” төслийг 2016-2023 он гэсэн хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүллээ. Энэ хугацаанд хүнсний ногооны салбарт импортыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, эрүүл аюулгүй төмс, хүнсний ногоогоор хэрэглэгчдийг хангах чиглэлээр олон ажил хэрэгжүүлснээс хүнсний ногооны үр үйлдвэрлэл, ногоочдод зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх нэвтрүүлэх төв, зах зээлд дундын хоршоогоор дамжуулан төмс, хүнсний ногоог нийлүүлэх зэрэг үйл ажиллагаа, үр дүнгийн тогтвортой байдлыг хангасан бүтцийг бий болгосон.

Монгол Улсын хүнсний ногооны салбарт “Монгол ногоо” төсөл хэрэгжсэнээр хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл 2015 онд хүнсний хэрэгцээнийхээ 40%-ийг хангаж байсан бол 2023 оны байдлаар 80% хүрэхээр боллоо. Мөн хүнсний ногооны шинэ сорт, үрийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр байцаа, шар манжин, сонгино, сармисны үйлдвэрлэл 2022 оныг 2016 онтой харьцуулахад 1.4-ээс 2.4 дахин нэмэгдсэн.

Төслийн үр дүнд “Таримал ургамлын үр, сортын тухай хууль” нь шинэчлэгдэж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт таримал ургамлын үр үйлдвэрлэл нэмэгдэх, дэвшилтэт, баталгаажсан үрээр тариалалт хийх, ингэснээр таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангах, эрдэмтэн, судлаачдын дунд таримал ургамлын шинэ сорт бүтээх сонирхол бий болох, энэ чиглэлд хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэх, улмаар тариаланчдын орлого, ашиг нэмэгдэхэд ихээхэн ач холбогдолтой хууль болсон.

Хүнсний ногооны сорт, үрийн бодлого алдагдан, ногооны үрийн хангамж, үнэ тогтворгүй болсон байдлыг халах зорилгоор ТББ-ын дэргэд 2016 онд Хүнсний ногооны үрийн үйлчилгээний нэгжийг байгуулсан. Өнөөдөр тус нэгж нь бие даан, тогтвортой үйл ажиллагаа явуулан улсын хэмжээний хүнсний ногооны үр сортын бодлогыг ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Ногоочид зах зээл дээр нэгдсэн бодлогогүй, дангаараа борлуулалт хийж, хямд үнээр ногоогоо борлуулдаг тогтолцоог шинэчлэн ногоочдын хоршоо байгуулан борлуулалтаа хийх зорилгоор анхан шатны хоршоод нэгдэн 2018 онд дундын хоршоо байгуулсан. Ийнхүү сүлжээ супермаркет, ресторан, төрийн худалдан авалт хийдэг байгууллагуудад борлуулалтаа хийх загвар бүтцийг бий болгосон нь төсөл дууссаны дараа ч тогтвортой үйл ажиллагаагаа явуулахаар жишиг дундын хоршоо болоод байна.

Сумын “Ногоочдод зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх” нэвтрүүлэх төвийг 3 суманд өөрийн талбай, барилга, техникийн иж бүрдэлтэйгээр байгуулан ажилласан нь төсөл дууссаны дараа бие даан ажиллах боломжтой болсон. Гэвч цаашид төрөөс эрх зүй, санхүүгийн тодорхой дэмжлэг хэрэгцээтэй байх болно.

“Швейцарын хөгжлийн агентлаг дэмжин  санхүүжүүлж 2004 оноос эхлэн арав гаран жил хэрэгжүүлсэн “Монгол төмс” хөтөлбөрийн ололт амжилт дээр тулгуурлан 2016 оноос эхлүүлсэн “Монгол ногоо” төслийн бодит эерэг үр дүнг Швейцарын Засгийн газар, ард түмний өмнөөс баярлаж байна. Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэлхий даяар хэрэгжүүлэхэд Швейцарын Холбооны Улс тууштай дэмжиж ирсэн. Швейцарын хөгжлийн агентлаг нь Тогтвортой хөгжлийн зорилтын нэг болон хоёрдугаар зорилтын хүрээнд “Ядуурал, өлсгөлөнг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хоол тэжээлийг сайжруулах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд” Монгол Улсад дэмжлэг үзүүлсээр ирсэн. Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс бүх түнш байгууллагадаа талархан тэдний хамтын ажиллагаа болон хичээл зүтгэлийг өндрөөр үнэлдэг. Өнөөдөр Монгол Улс хүнсний төмсний хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний ногооны голлох таримлын үрээ бараг 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байна. Мөн хүнсний ногооны нийт хэрэгцээнийхээ 70 шахам хувийг дотооддоо үйлдвэрлэж, импортоос хараат бус болж байна. Эдгээр үр дүн нь Монголын хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн томоохон алхмууд юм. Цаашид хүнсний аюулгүй байдлын зорилтод хүрэхэд илүү их хүчин чармайлт шаардагдана. Тиймээс бид та бүхнийг зорилтдоо хүрэхийн тулд хичээн зүтгэхийг уриалж байна. Тогтвортой хөгжлийн үндэс нь “хараат бус, бие даасан байдал юм” хэмээн Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри хэлсэн үгэндээ онцоллоо.

Монгол ногоо төслийн хүрсэн үр дүн, сургамжийн талаар дүгнэн, өөрсдийн сайн туршлагаас хуваалцах, санаа авч хэрэгжүүлэх, харилцан суралцах зорилгоор видео болон хэвлэмэл материалуудыг боловсруулж гаргасан. 

Дэлгэрэнгүй мэдээллийг MonVegi хуудаснаас аваарай.