Монгол, Швейцарын Холбооны Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, энхтайваныг бэхжүүлэхийн төлөө ажиллана

Local news, 24.07.2024

Одоогоос яг 60 жилийн өмнө Швейцар, Монгол хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон байдаг. Швейцарын Холбооны Улс нь 1950-аад оны сүүл гэхэд Монгол Улсын худалдааны барууны анхдагч түншүүдийн нэг болж байсан нь Цюрихийн нэхмэлийн компанитай худалдаа, арилжаа хийж байснаас эхлэлтэй юм. 

Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн маркны нээлт
Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн маркны нээлт ©ШХА

Швейцарын Холбооны Улс 1964 оны тавдугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш олон жилийн турш манай хоёр орны харилцаа харилцан итгэлцэл, нөхөрлөл, түншлэлийн бодит агуулгаар хөгжиж ирсэн. Манай хоёр орон газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн хувьд ялгаатай ч (Монгол Улс Швейцараас 40 дахин том) аль аль нь далайд гарцгүй, унаган байгаль, үзэсгэлэнт сайхан газар нутагтай гээд олон ижил төстэй талуудтай билээ.

Манай хоёр орны ард түмэн уламжлал, соёлоо дээдэлж, байгальтайгаа нягт шүтэлцээтэй байдаг. Тийм ч учраас уул нуруудаар хүрээлүүлэн байдаг Швейцарчууд бидний хувьд өргөн уудам тал нутаг, мал маллах нүүдэлчин ахуй соёл, ёс заншил, уламжлалаа хадгалахын зэрэгцээ шинэлэг байдлаар хөгжүүлж буй арга барилыг гайхан бахаддаг. Эдгээр нь биднийг нэгтгэж байдаг "сэтгэл зүйн" гэмээр өвөрмөц чанар юм.

60 жилийн ойг тохиолдуулан шуудангийн тусгай марк гаргасанд Швейцарын Холбооны Улс нэн талархаж байна. Манай хоёр үндэстний уламжлалт хөгжмийн зэмсгээр чимэглэсэн энэхүү марк нь та биднийг холбосон арвин баялаг соёлын илэрхийлэл болсон юм. Хөгжимд хил хязгаар гэж үгүйг бид мэднэ. Хөгжим нь гарал үүсэл, соёл, газарзүйн байршлаас үл хамааран бүх хүнд ойлгомжтой хэлээр ярьдаг. Нэгэн цагт Альфорн хөгжмийн зэмсөг Швейцарын Альпийн нуруудыг гэтэлж, алс хол оршиж байсан хүй элгэнийг холбосон шиг өнөөдөр хөгжим биднийг нэгтгэж байна. Энэ нь аливаа хуваагдал тусгаарлалтыг нэгтгэн холбож, эв найрамдлыг бэхжүүлэн, цаг хугацааны сорилтыг даван туулах зохицлыг бий болгодог.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н. Анхбаяр нээлтийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан шуудангийн тусгай марк гаргадаг уламжлалтай” Монгол, Швейцар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн дурсгалын шуудангийн марк дээр Алтай Таван Богдын нурууны ноён Хүйтэний оргил (4374 м), болон Альпийн нурууны алдарт уул болох Маттерхорн (4478 м) уулыг дүрсэлсэн. Мөн олон үндэсний хувцасаар гоёсон цуурч, Альфорн хөгжим тоглож буй хөгжимчин, тэнгэрт нисч буй бүргэдүүд, хоёр улсын үндэсний цэцэгс-Цагаан уул болон 60 жилийн ойн лого орсон байна.

Швейцарын Үндэсний зөвлөлийн гишүүн, Үндэсний зөвлөлийн Гадаад харилцааны хорооны Ерөнхийлөгч ноён Лоран Верли хэлсэн үгэндээ “Монгол, Швейцар хоёр улс газар зүйн хувьд алслагдсан ч олон сорилт бэрхшээлийг даван туулж, үр өгөөжтэй харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж чадсан. Манай хоёр орны хамтын ажиллагаа энэхүү дурсгалын шуудангийн марк дээр дүрслэгдсэн үндэсний хөгжмийн зэмсэг болох Цуур, Альфорн нь эв найрамдлыг бэлэгддэг байна.

Швейцарын Холбооны Улс нь дуу алдам сайхан газар нутаг, дэвшилтэт техник технологи, инноваци, банкны арвин өв уламжлалаараа алдартай. Иймээс өнөөдөр бид бахархал, талархлаар дүүрэн байгаа билээ. Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монголбанкнаас дурсгалын тусгай мөнгөн тэмдэгт гаргасан нь онцгой үйл явдал болж байна.

Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлаг амжилттай хамтран ажилласны нэгэн бодит үр дүнг хуваалцъя. Монгол Улсын хоёр аймагт нэг цэгийн үйлчилгээний төвийг тус тус байгуулснаар бичил уурхайн албан ёсны алт нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, төвлөрлийг сааруулсан юм.

Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Монгол, Швейцар хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлж, найрамдалт харилцааг бэхжүүлэх чин эрмэлзэлтэй байгаагаа дахин нотолж байна. Энэхүү ой нь нийтлэг алсын хараа, зорилгын хүрээнд биднийг нэгтгэж байдаг тууштай үнэт зүйл, хүсэл тэмүүллийн нотолгоо болж байна.

Энэхүү дурсгалын мөнгөн тэмдэгтэд Швейцар, Монгол хоёр улс энх тайвны төлөө тууштай байгааг дэлхий нийтэд тунхагласан гүн гүнзгий санааг харуулсан. Мөнгөн тэмдэгтийн гадна хавтас дээр бичсэн сэтгэл хөдөлгөм мөртүүд нь бидний хамтын сайн сайхан байдлын гол үндэс бол энх тайван гэдгийг илэрхийлж байна.