Даргын өмнөх үг

Local news, 30.01.2024

Эрхэм уншигч Танаа,

Монгол Улс дахь Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ийн Мэдээллийн товхимлын 2024 оны анхны дугаараар эргэн уулзаж байгаадаа баяртай байна.

Стефани Бурри, Монгол дахь ШХА-ийн дарга, Ерөнхий консул
Стефани Бурри, Монгол дахь ШХА-ийн дарга, Ерөнхий консул ©ШХА

Та энэ дугаарыг унших үед оны эхний сар шувтарч, Монголын билгийн тооллын уламжлалт Цагаан сар хаяанд ирсэн байх тул сар шинээ та бүхэн хайртай ойр дотно хүмүүстэйгээ хамтдаа амар амгалан, сайхан мөчүүдээр дүүрэн угтана гэж найдаж байна.

Дэлхийн олон газар нутаг цастай хэвээрээ, "цагаан" өнгөтэй байна. Олон хүний хувьд цагаан өнгө бол "гэмгүй", "цэвэр ариун" байдлыг илэрхийлдэг. Зарим амьтад өвлийн турш ичээндээ унтаж, хаврын дулаан өдрүүдийг хүлээж байна. Харин зарим нь илүү хүчтэй бөгөөд хүйтнийг тэсвэрлэн, өвлийн хүрэмтэйгээ өдөржин гадна байдаг.

Өвлийн хүрэм нь хүйтнийг сайн хааж болох ч үргэлжилсэн олон зэвсэгт мөргөлдөөний тухай таагүй мэдээ, дүрс бичлэг зэргээс биднийг хол байлгахгүй. Энэ он дэлхийн олон бүс нутагт хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн зовлон зүдгүүрт цэг тавьж, сайн сайхныг авчраасай хэмээн хүсэж байна.

Энэ удаагийн дугаарынхаа талаар танилцуулахад, Швейцарын Холбооны Улсын Монгол дахь хамтын ажиллагааны бүхий л хугацаанд бидний байнга анхаарч, ярьж ирсэн засаглалын асуудлаарх нийтлэлүүд багтсан юм. Бид ямар амжилтад хүрэв, бид юугаар бахархдаг вэ? зэрэг асуултын хариултыг та бүхэн эндээс олж унших болно.

Манай хамт олны эрхэм гишүүн, миний орлогч, Санхүү, хүний ​​нөөц, захиргааны газрын даргын талаарх нийтлэлийг энэ дугаарт орууллаа. Түүний намтар надад үнэхээр өндөр сэтгэгдэл төрүүлсэн!

2024 оны 5 дугаар сард тохиох Швейцар, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн онцгой үйл явдлыг бид яагаад ч дурдахгүй өнгөрч болохгүй. Швейцар болон Монгол Улсын Засгийн газар манай хоёр орны найрамдалт харилцаанд зориулсан хэд хэдэн арга хэмжээг жилийн туршид зохион байгуулсан.

Мэдээллийн товхимлын маань энэ түүхэн чухал жилд зориулсан энэ удаагийн дугаарын логог та анхаарч хараарай. Та "60" гэсэн тооноос гадна Монгол, Швейцар хоёр улсын хувьд чухал ач холбогдолтой, энх тайвны гол үнэт зүйлийг илэрхийлдэг "Цагаан уул" цэцгийг олонтаа харах болно.

Таалан уншиж, сонирхоно уу.

Та бүхэнд сонирхолтой байх болно гэж найдаж байна. Бид таны санал хүсэлтийг хүлээн авахдаа үргэлж баяртай байх болно.