Монгол Улсын хүний эрхийн төлөөх амлалт

Local news, 03.02.2024

Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын парламент анх удаа чуулганы хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 10 буюу Хүний эрхийн олон улсын өдрөөр зарлан хуралдууллаа. 

Стефани Бурри "Хүний эрхийн төлөө" медалиар шагнагдлаа
Стефани Бурри "Хүний эрхийн төлөө" медалиар шагнагдлаа ©ШХА

Тус хуралдаанд олон улсын хамтын ажиллагааны байгууллага, улс орнуудын Элчин сайд нар, үндэсний болон олон улсын хүний эрхийн байгууллагын төлөөллийг урьж оролцуулсан юм. Үүнээс хоёр өдрийн өмнө Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Монголын парламент анх удаа жендэр болон хүний эрхийн өөрийн үнэлгээг мөн л Төрийн ордонд хийлээ. Парламентын дарга уг ажил түүхэн онцгой үйл явдал болсныг чуулганы индэр дээрээс онцлон зарлав.

Хүн амын тэн хагасаас илүү нь нийслэл Улаанбаатартаа аж төрж, дөрвөн уулын дунд хашигдсан, гар ажиллагаатай уламжлалт сууцанд олонх нь амьдардаг тул өнөөдрийг хүртэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчлийг арилгаж хүч хүрэхгүй явж ирсэн юм. Хотын дэд бүтцийг шийдвэрлээгүйгээс автозамын түгжрэлийг бууруулж чадалгүй нийгмийн асуудал байсан хэвээр. Гэвч хүний эрхийн жилийг 1968 онд зарлан тэмдэглэж байсан түүхтэй Монгол Улсад хүний эрхийн 50 гаруй гэрээнд нэгдэн орж, үндэсний хууль тогтоомждоо ахиц гаргаж, хүний эрхийн үндэсний илтгэлийг парламентаар жил бүрийн хавар заавал хэлэлцдэг болгон хуульчилж, цаазын ялыг таслан зогсоосон Эрүү шүүлтийн эсрэг нэмэлт протоколд нэгдэж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм, хүний эрх хамгаалагчийн механизмыг байгуулсан амжилтаар ХЭТТ-ын 75 жилийн ойг угтлаа.

  Швейцарын хөгжлийн агентлаг ХЭҮК-той хамтран хүний эрхийн түүхийг өгүүлсэн “Хүний эрх Монголд” баримтат киног бүтээж, олон нийтэд хүргэсэн. Парламентын боловсролыг дэмжих, ардчиллыг бэхжүүлэх, төрийн албыг мэргэшүүлэх зорилгоор Улсын Их Хурлын өөрийн үнэлгээг явуулахад ихээхэн дэмжлэг өгч ажилласан. Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагын дээд шагнал “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий консул Стефани Бурриг шагнасан юм. Дэлхий даяар хүний эрхийг дээдлэхийг түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж буй Швейцарын Холбооны Улс болон Монгол Улс 2030 он хүртэл Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажилласаар байна. Хүний эрхийг дээдлэхгүйгээр уг зорилгод хүрэх боломжгүй. Швейцарын хөгжлийн агентлаг сүүлийн 20 жилийн хамтын ажиллагааны хүрээнд Хүний эрхийн үндэсний комисст дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх, бичил уурхай дахь хүний эрхийг дээдлэх, боловсролд тэгш хамруулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн байдаг.