Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын түншлэлийг бэхжүүлэх хамтын хүчин чармайлт

Local news, 05.02.2024

Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигддаг суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Гэсэн хэдий ч гэмт хэргийн тоо өндөр байсаар байна.

Хүн худалдаалах гэмт хэрэг
Хүн худалдаалах гэмт хэрэг ©ХТЭТ

Цагдаагийн байгууллага 2017-2021 онд хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг, зохион байгуулалттайгаар бусдын биеийг үнэлүүлэх 145 гэмт хэргийг шалгаснаас зөвхөн 9 хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Бага насны хохирогчид болон орон нутгийн хохирогчдын тоо нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болж байна. 2021-2022 онд шалгасан гэмт хэргийн 54 хохирогчийн 76 хувь нь насанд хүрээгүй хүүхэд байна. Албадан хөдөлмөр эрхлэлт нь төдийлөн гэмт хэрэг гэж тооцогдохгүй, шийдэгдэхгүй байсаар байна.

Монголын Хүйсийн тэгш эрхийн төв (ХТЭТ) 2003 оноос хойш хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 1000 орчим хүнд тусламж үзүүлжээ. Үүнд 14 гадны улсаас 400 орчим хохирогчийг эх орондоо авчирснаас гадна, 3 улсын 11 хохирогчийг Монголд аюулгүй авчирсан байна. Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр 2007-2010 онд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх төслийг Хүйсийн тэгш эрхийн төв хэрэгжүүлсэн байна.

Гадны улс оронд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Монгол Улсын иргэдийг эх оронд нь аюулгүй буцаан авчрах ажилд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран ажиллаж байна. 2006 онд ХТЭТ нь төрийн болон хууль хяналтын байгууллагуудтай хамтран Эрээн, Бээжин, Макао, Хонг Конг, БНСУ зэрэг хот, улсад гарч буй хүн худалдаалах гэмт хэргийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор судалгаа хийжээ.

Засгийн газар, Гадаа харилцааны яамны мэдээллээр 2018-2020 онд Монгол Улсын 61 иргэнийг эх оронд нь буцаан авчирсан байна. Цар тахлын улмаас олон улс оронд хилийн хязгаарлалт, хөл хорио тогтоосноос гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн буурч, дотоодын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн байна. Гэвч цар тахлын дараа улс орнууд хилийн хязгаарлалт, хоригоо сулруулах болсноор гадагш чиглэсэн хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэл нэмэгдэж болзошгүй нь анхаарал татаж байна[1]. Сүүлийн гурван жилийн хугацаанд Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнуудаас 30 гаруй хохирогчийг эх орондоо эсэн мэнд авчирсан бөгөөд цар тахлын дараа ийм тохиолдол нэмэгдэж болзошгүй хандлагатай байна.

2023 оны 12 дугаар сард ХТЭТ-өөс судалгаа хийхэд Швейцарын хөгжлийн агентлаг дэмжлэг үзүүлэн ажилласан юм. Энэхүү судалгаа нь хүн худалдаалах гэмт хэргийн шинж төлөв, хохирогчдыг элсүүлэх, тээвэрлэх үйл явц зэрэгт дүн шинжилгээ хийх, эдгээр хохирогчдыг эх оронд нь аюулгүй буцаан авчрах нөхцөл байдал, эрсдэлийг үнэлэх зорилготой. Түүнчлэн Малайз, Филиппин, Сингапур, Камбож, Лаос, Тайланд зэрэг улс дахь Монгол Улсын консулын газартай хамтран иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болон тэдгээр улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын төрийн бус байгууллага, сүлжээнүүдтэй хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм. Судалгааг Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тусгай алба, ХТЭТ, дээрх улсууд дахь Монгол Улсын консулын газрын төлөөлөл хамтран хийж гүйцэтгэв. Энэ хүрээнд эдгээр улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэд болон эрсдэл бүхий хүмүүстэй ярилцлага хийжээ. Судалгааны тайланг 2024 оны 1-р сард нийтлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нотолгоонд суурилсан дүгнэлт, бодлогын зөвлөмж боловсруулж гаргах юм.