Стефани: Энэ удаагийн мэдээллийн товхимолдоо та бүхэнд ШХА-ийн Дэд дарга Нямаагийн Хосцэцэгийг танилцуулж байна. Хамтын ажиллагааны Дэд даргын үүрэг гүйцэтгэхээс гадна манай агентлагийн Санхүү, хүний нөөц, захиргаа хариуцсан даргаар ажилладаг. Хосоо, юуны өмнө та анх яагаад ШХА-т ажиллахыг хүссэн бэ гэж асуумаар байна. Таныг татсан гол хүчин зүйл юу байсан бэ?
Хосоо: 2006 оны есдүгээр сар юм байна. Тэр үед би Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Санхүү хариуцсан менежерээр ажиллаж байгаад амаржсаны чөлөөгөө аваад байсан юм. Швейцарын хөгжлийн агентлагаас зарласан Санхүүгийн ажилтны 6 сарын хугацаатай түр ажлын байрны зарыг хараад интернетээр мэдээлэл хайж, Консулын алба, Хамтын ажиллагааны газар нэг дор байдаг Швейцарын Засгийн газрын байгууллага болохыг олж мэдсэн. Богино хугацаанд ч гэсэн гадаад улсын төрийн байгууллагад ажиллаж, соёл хоорондын цогц чадамж хөгжүүлэхийг хүссэн. Аз болоход, би тухайн түр албан тушаалд томилогдож, улмаар 6 сарын дараа надад байнгын ажил санал болгосон.
ШХА-т орох шийдвэр маань миний амьдралдаа гаргасан хамгийн сайн шийдвэрүүдийн нэг байсан юм. Учир нь энэ нь ил тод, нээлттэй харилцааг дэмждэг, ажилтнуудаа үнэлж хүндэлдэг, тэднийг чадавхжуулах, бүтээлч сэтгэлгээг бий болгоход чиглэсэн үр дүнтэй манлайллыг төлөвшүүлсэн, идэвхтэй баг хамт олныг бүрдүүлж чадсан ШХА-ийн эерэг, хүртээмжтэй ажлын байрны соёлыг мэдрэх сайхан боломжийг надад олгосон. Түүнчлэн мэргэжлээрээ өсч хөгжих боломж, өрсөлдөхүйц цалин хөлс, ажилтнуудын оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрдөг, ажил амьдралын тэнцвэрт байдал, багийн сайн хамтын ажиллагаа, бүтээмж, мөн олон төслүүд дээр ажиллаж туршлага хуримтлуулах боломж зэрэг бусад хүчин зүйлүүд ШХА-т үргэлжлүүлэн ажиллах шийдвэр гаргахад минь нөлөөлсөн.
Стефани: Энэ нь "таны гаргасан хамгийн зөв шийдвэр байсан" гэдгийг сонсоход тун таатай байна. Тийм ээ, ШХА бол ажлын таатай уур амьсгал, тасралтгүй суралцах нь ажилтан бүрийн хувьд хамгийн чухал зүйл, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг байгууллага гэж бодож байна. Та ШХА-т ажиллаад 15 орчим жил болсон байна. Та өдөр тутмын ажлынхаа юунд хамгийн дуртай вэ?
Хосоо: Санхүү, хүний нөөц, захиргаа хариуцсан даргын хувьд ажил маань надад санхүүгийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, оновчтой болгох, санхүүгийн үр ашигтай системийг хэрэгжүүлэх, байгууллагын нийт амжилтад үнэ цэнэтэй хувь нэмэр оруулах боломж олгодогт би талархдаг. Ялангуяа түнш байгууллагуудтай санхүүгийн болон захиргааны олон асуудлаар шууд харилцаж, тэдний хүч чармайлтын үр дүнд гарч буй эерэг өөрчлөлт, үр дүнг харж, санхүүгийн үр дүнтэй ажиллагааг хангах замаар амжилттай хамтран ажиллах нь надад урам зориг өгдөг. Нэмж дурдахад би олон соёлын төлөөлөл бүхий багт хөрвөж ажиллах ур чадвараа хөгжүүлэх, олон улсын түвшинд мэргэжлийн бат бөх харилцаа холбоо тогтоох, салбарын шинэ тутам чиг хандлага, бүс нутгийн талаар ойлголт, мэдээлэлтэй байх боломжтой байдагтаа талархдаг.
Стефани: Монгол Улсад нийт улс орны хэмжээнд төсөл хэрэгжүүлдэг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд Швейцарын татварын мөнгөөр санхүүжиж буй эдгээр төслүүдтэй тогтмол очиж танилцах шаардлагатай байдаг. Хамтрагч байгууллагууд болон зорилтот бүлэгт хүрч буй төслийн үйл ажиллагаа, бодит үр дүнгийн гэрч болохыг хүсдэг. Төслүүдтэй очиж танилцахад таны хувьд ямар сэтгэгдэл төрдөг? Ингэж төслүүдтэй очиж танилцах нь нэг ёсондоо нүд нээх туршлага болдог гэж хэлж болох юм?
Хосоо: Үнэхээр тийм. Миний хувьд төслүүдтэй очиж танилцах явдал бол нүд нээх туршлага болдог. Төсөлтэй очиж танилцах нь тухайн орон нутгийн нөхцөл байдал, төсөл хэрэгжиж буй нарийн төвөгтэй орчин, хэрэгжилтийн явцад тулгарч болох саад бэрхшээлийн талаар ойлгоход тусалдаг. Санхүүгийн мэргэжилтэй бид ажлын байран дээрээсээ төсөл ямар шалтгааны улмаас хугацаа хойшилсон, төсөв болон зарцуулалтын зөрүү яагаад үүссэн, бодлого журамд бүрэн нийцээгүй нөхцөл байдал зэргийн шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байх тохиолдол гардаг. Тиймээс нөөцийн үр ашгийн байдал, зарцуулалт, тодорхой шийдвэрийн үр нөлөө бодит байдалд хэрхэн тусч байгааг харах, бодлого стратеги болон дүрэм журмын хувьд учирч буй хүндрэлтэй байдлыг газар дээр нь очиж үзэх, санхүүгийн арга хэрэгсэл болон үйл ажиллагааны хэрэгжилтийн бодит үр дүнг очиж танилцах нь маш чухал гэж би боддог. Ийм туршлага нь төслийн санхүүтэй холбоотой асуудлыг тодорхой болгож, санхүү болон үйл ажиллагаа хариуцсан ажилтнуудын хоорондын харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой.
Стефани: Таны хувьд ажил маш чухал гэдгийг би мэднэ. Таныг маш их эрч хүчтэй, тууштай, ажил хийх хүсэл эрмэлзэлтэй болохыг харж байна. Гэхдээ та ажлаас гадна “өөр амьдралтай”, гэр бүлтэй, үр хүүхэдтэй гэдгийг бас мэднэ. Та энэ олон үүргээ хэрхэн тэнцвэржүүлж чаддаг "өөрийнхөө нууц"-аас бидэнтэй хуваалцана уу?
Хосоо: Миний хувьд ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад хийх зүйлсээ урьдчилан төлөвлөж, эрэмбэлэх нь чухал байдаг. Тиймээс би "хийх зүйлсийн жагсаалт"-ыг тулгамдсан болон ач холбогдлоор нь эрэмбэлж бичээд, чухал үйл явдал, дуусгах хугацааг тэмдэглэн, хамгийн чухал ажлуудад эхлээд анхаардаг. Би ажиллах цагаа тодорхой гаргаад түүнийгээ баримталдаг бөгөөд завсар хооронд нь тархиа сэргээх, хурдан “цэнэг авах” богино завсарлага авдаг. Мөн хобби эсвэл гэр бүлийн цаг зэрэг хувийн ажилдаа тодорхой цаг гаргахыг хичээдэг. Жишээ нь, би долоо хоногт гурван удаа йогоор хичээллэдэг бөгөөд амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлдэг.
Стефани: Таны бидэнтэй хуваалцаж байгаа зүйл үнэхээр гайхалтай байна. Би ажил амьдралынхаа тэнцвэрийг сайжруулахын тулд таны "жор"-ыг ашиглах болно. - Харамсалтай нь 2024 оны дундуур ШХА болон Консулын газар үйл ажиллагаагаа зогсооно. Та дараа нь юу хийхээ шийдсэн үү? Та цаашдын төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа юу?
Хосоо: Би аялах дуртай. Тиймээс миний хувьд дараагийн ажил маань олон улсын төслүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд чиглэсэн, өөр өөр газар оронд томилолтоор ажиллах боломжтой байгаасай гэж хүсэж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд би мэргэжлийн ур чадвараа олон чиглэлээр хөгжүүлж, санхүүгийн салбарын шинэ чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахын тулд цаашид үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөж байгаа. Ингэснээр олон улсын түвшинд ажиллах, аливаа нөхцөл байдалд дасан зохицож ажиллах боломжтой болно гэж бодож байна.
Стефани: Танд бидэнтэй хуваалцахыг хүссэн олон зүйл байгаа байх, харамсалтай нь бидний ярилцлага дуусах дөхсөн байна. Өнөөдөр бидэнтэй ярилцаж, санал бодлоо хуваалцсанд баярлалаа. Манай уншигчидтай хуваалцахыг хүссэн өөр зүйл байгаа болов уу?
Хосоо: Юуны өмнө өнгөрсөн он жилүүдэд сайхан хамтарч ажиллаж, гайхалтай амжилт, үр дүнг хамтдаа бий болгосон ШХА-ийн нийт хамт олон болон бусад хамтарч ажилласан байгууллагуудад талархал илэрхийлээд, хамт олондоо шинэ онд баяр баясгалан, аз жаргал, эрүүл мэнд, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. 2024 он бидний хувьд завгүй их ажилтай ч урам зоригтой жил байх болно. Бид Швейцар, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангаж, хариуцлагатайгаар өндөрлүүлэн, одоо хэрэгжиж буй бүс нутгийн хөтөлбөр, бусад санал санаачилгыг Швейцарын хөгжлийн агентлагийн төв оффист амжилттай хүлээлгэн өгнө. Бид соёлын харилцан солилцоог үргэлжлүүлэн дэмжиж, илүү өргөн хүрээнд эерэг үр нөлөө бий болгохын тулд тогтвортой хөгжлийн санаачилгуудыг дэмжиж ажиллах болно.