Музейн хамтын ажиллагаагаар дамжуулан Швейцар Монголын харилцаа холбоог бэхжүүлэх нь

Local news, 02.02.2024

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Швейцарын Холбооны Улсын Цюрих хотын Ритберг музей хамтран 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан.

Музейн төлөөлөл ШХУ-д
Музейн төлөөлөл ШХУ-д ©ШХА

Хамтын ажиллагааны хүрээнд талууд музейн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, хурал, семинар зохион байгуулах, кураторын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр мэргэжилтэн, куратор, эрдэмтэн, сургагч багш солилцох зэрэг музейн үйл ажиллагааны бүхий л чиглэлд хамтран ажиллахаар тусгасан.

2023 оны сүүлээр Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монголын соёл, музейн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Швейцарын Холбооны Улсын Женев, Берн, Цюрих хотуудын музейнүүдэд туршлага судалж ажиллалаа.

Монголын соёл, музейн мэргэжилтнүүд Швейцарын музейн чиг хандлага, шинэ ойлголт, шилдэг туршлагаар мэдлэгээ баяжуулж, Монголын соёлын өвийн болон музей судлалын арга барилд томоохон ахиц дэвшил гаргах замыг нээж өгсөн хэмээн талууд үзэж байна. Энэхүү музейн туршлага судлах ажлын үндсэн үр дүнгээс авч үзвэл оролцогчид музейн барилгад эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлгийн системээс эхлээд байгальд ээлтэй тогтвортой материал хүртэлх арга барил, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, ашиглалтын зардлыг бууруулах ногоон технологийн талаар туршлага судалсныг онцолсон байна.

Талууд цаашид музейн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд  куратор, сэргээн засварлагч, боловсролын ажилтан сургах сургалтыг 2024-2025 онуудад зохион байгуулах мөн Чингис хаан үндэсний музейд үзэсгэлэн энэ онд гаргахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлуудыг төлөвлөсөн байна.

Санамж бичгийн хүрээний томоохон ажлуудын нэг бол Ритберг музей нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газартай хамтран 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 3 дугаар сар хүртэл Ритберг музейд үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн бөгөөд үзэсгэлэнг баруун Европын болон дэлхийн бусад томоохон музейд үргэлжлүүлэн гаргахаар төлөвлөж байна. Тус үзэсгэлэнг гаргахад Монгол Улсаас Чингис хаан үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хархорум музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн хамтран оролцох юм.

Үзэсгэлэнгээр Монголын шинэ дүр төрх түүхийг олон нийтэд толилуулах бөгөөд Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх 1-14-р зуунд Евразийн соёл, худалдаа бараа таваарын солилцоонд Монголын эзэнт гүрэн гол үүрэг гүйцэтгэсэн тухай өгүүлэх юм. Мөн Монголын нүүдэлчин ахуйд нийцүүлэн агуу их гүрнүүд, томоохон хот суурингууд хэрхэн байгуулагдаж, нүүдлийн соёл байгаль, нийгэмд хэрхэн үр өгөөжтэй оршиж байсан талаар өгүүлэх юм.

Ритберг музей нь Швейцарын Холбооны Улсын хамгийн том урлагийн музейн бөгөөд Ази, Африк, Америк, далай тэнгис дэх улсуудын уламжлалт болон орчин үеийн урлаг, соёл өвийн үнэт цуглуулгатай. Уг цуглуулагад 23 мянга орчим үзмэр, 37 мянга гаруй угсаатны зүйн гэрэл зургийн баялагтай юм.