Эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжтай боллоо

Local news, 01.02.2024

ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй болон хаалттай хорих анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тушаалаар анх байгуулагдсан. Хорих анги нь одоог хүртэл тасралтгүй эмэгтэй хоригдлуудыг нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Эмэгтэйчүүдийн хорихын шинээр засварласан ариун цэврийн байгууламж
Эмэгтэйчүүдийн хорихын шинээр засварласан ариун цэврийн байгууламж ©ШХА

Тус ангийн хоригдлын байр нь 2008 онд ашиглалтад орсон 208 хүний багтаамжтай ч одоогоор нийт 300 орчим хоригдол ял эдэлж байна. Хорих анги нээлттэй байр, хаалттай байр, эмнэлэг, халуун ус, нярайн эхчүүдийн байр, үйлдвэрлэлийн байр гэсэн хэд хэдэн хэсгүүдээс бүрдэж үйл ажиллагаа явуулдаг байна.

Хорих ангийн амьдралын бүсэд байрлах хоригдлын халуун ус, угаалгын газар нь анх 1990 онд ашиглалтад орж хоригдлын халуун ус, угаалгын газрын зориулалтаар ашиглаж байсан. Уг барилга нь 150 м2 талбайтай ба халуун ус, угаалгын газрын тоног төрөөхөмжийн хүрэлцээ дутмаг, ашиглах боломжгүй, хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжийн хүчин чадал, даац хэтэрсэн байсан. Уг барилгын доторх засвар тохижилт нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, ашиглалтын хугацаа дууссан, барилга нь чийгшилт ихтэйн улмаас цууралт үүссэн. Халуун ус, угаалгын газраар өдөрт 130-140 орчим хоригдол үйлчлүүлдэг ба 7 хоногт дунджаар 910 орчим хоригдол үйлчлүүлдэг.

Харин нярай хүүхэдтэй эхчүүдийн байрлаж буй байр нь 2013 онд ашиглалтад орсон, 144 мкв талбайтай Дэлхийн Зөнгийн буцалтгүй тусламжаар баригдсан байна. Шинээр төрсөн эхчүүд байрлах 3 өрөө, ариун цэврийн өрөө, угаалга, хатаалгын болон гал тогооны гээд нийт 5 өрөөтэй. Одоогоор 17 ээж 18 нярай, 3 жирэмсэн байрлаж байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр эмэгтэй хоригдлуудын хуулиар олгогдсон эрхийг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмэгтэй хоригдлын ариун цэвэрч байдлыг хэвшүүлэх, эмэгтэй хоригдлуудыг стандартад нийцсэн халуун ус, угаалгын газрын орчныг зохих стандартад нийцүүлэн бүрдүүлэх мөн жирэмсэн хоригдол болон нярай хүүхэдтэй эхчүүдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, нярай хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрхийг хязгаарлахгүй, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхээр 407 дугаар хорих ангитай хамтран жижиг төсөл хэрэгжүүлэн амжилттай ажиллалаа.

Төслийн хүрээнд Монгол Улсад ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих ангид хүний эрхийг хангах нөхцөл бүрдүүлэх, стандартад нийцсэн тохилог орчинг бий болгох, хорих ангийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах мөн эмэгтэй хоригдлуудын сэтгэл зүйн байдалд эерэг үр дүн өгөх зорилгоор халуун ус, угаалгын газрын барилгыг шинэчлэн засаж, угаалгын өрөөний иж бүрэн тоног төхөөрөмжөөр тохижуулж, үсчин болон гоо сайхны үйлчилгээний өрөөг сэргээн засварлалаа. Мөн нярай хүүхэдтэй эмэгтэйчүүдийн байранд хоёр хүртэлх насны хүүхдүүдэд тохиосон тоглох булан байгуулж, гал тогооны болон эхчүүдийн өрөөг шинэчлэсэн байна. 

“Энэ сайхан санаачилгын үр дүнг хараад би маш их баяртай байна. Жендэрийн тэгш байдал ба хэнийг ч үл орхихгүй байх нь бодит Тогтвортой хөгжлийн зорилтын чухал түлхүүрүүдийн нэг юм. Хоригдож байгаа эхчүүд эмэгтэйчүүд аятай тухтай орчинд хүмүүжих нь тэдний цаашдын амьдралд эерэг нөлөө үзүүлнэ гэж итгэж байна” хэмээн Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри хэлсэн үгэндээ онцолсон юм.