Швейцарын хөгжлийн агентлагийн үндсэн зорилгын нэг нь засаглалыг дэмжих явдал. Тус агентлагаас Монгол Улсын бодлогын түвшинд хэрэгжүүлсэн төслийн үр дүнг хэлэлцэх хаалтын ажиллагааг Монгол Улсын Төрийн ордонд зохион байгууллаа. “Парламентын ардчиллыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг илүү чанартайгаар иргэдэд хүргэдэг болоход нь нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бидний хамтын үйл хэрэгт гарсан ололт, амжилт Монголд урт хугацаанд тогтвортой үргэлжлээсэй гэж бид хүсэж байна. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон нутгийн удирдлагын байгууллагууд дахь түншүүд, эрдэмтэн судлаачид, төслийн нэгжийн хамт олонд үр бүтээлтэй, үр дүнтэй хамтарч ажилласанд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье” хэмээн Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри хаалтын үеэр онцлон тэмдэглэв.
Төрийн үйлчилгээг чанартай, тогтвортой, чадавхжсан бүрэлдэхүүнтэйгээр иргэдэд хүргэх, чанаржуулах, зорилтот бүлгийг чадавхжуулах, мэдлэг ойлголт олгох замаар оролцоог нэмэгдүүлэх, иргэн төвтэй хяналтын тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэсэн уг төсөл нь гурван дэд хэсгээс бүрдсэн. Тухайлбал, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийг Улсын Их Хурлын Тамгын газар, “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран хэрэгжүүлсэн билээ.
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хянан шалгах болон төлөөллийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд түлхэц өгч, чадавхжуулах, Монгол-Швейцар улсын парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” нь төслийг 2021 оны наймдугаар сараас эхэлж, парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлж, судалгаа, сургалт, нөлөөллийн ажиллагааг явуулж, үндэсний сургагч багш нарыг бэлтгэн, Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хүний эрх, жендерийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээг анх удаа зохион байгууллаа.
Төслийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан бөгөөд энэ хууль 2021 онд батлагдсанаар сүүлийн хоёр жил УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулж, улмаар олны анхаарал татсан, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж мэдэх асуудлыг анхааралдаа авч, уг асуудалд холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах нээлттэй сонсголуудыг явуулж, хууль шүүхийн байгууллагад шалгуулахаар шилжүүлэх шинэ үйл ажиллагаа бий болов.
Харин “Ерөнхийлөгчийн Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх” дэд төслийг 2022 онд эхлүүлж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үндсэн чиг үүргээ үр дүнтэй, түргэн шуурхай, ил тод гүйцэтгэх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран ажиллав. Төслийн хүрээнд нийтдээ 100 орчим төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээс Монгол Улсад анх удаа Улс төрийн намын тухай хуулийн суурь судалгааг явуулж, 20 жил гацсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулан батлуулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн төлөө санаа тавьж, байгаль орчин, тогтвортой хөгжлийг онцгой анхаарч, ажилласан. Эдгээр нь цаашид Монгол Улс ногоон хөгжлийн бодлогоо цогцоор нь тодорхойлж, бодлого, эрх зүйн орчноо сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, ногоон бизнесийн орчинг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Тэгвэл ШХА-аас Монгол Улсын Засгийн газартай 2021 оноос эхлэн хэрэгжүүлсэн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх" дэд төслийн хүрээнд төрийн ажил, үйлчилгээний чанарыг сайжруулах, бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох чиглэлээр орон нутгийн засаглал, нутгийн удирдлагын эрх зүйн орчинг бүрдүүлж, хуулийг хэрэгжүүлэх бодлогын дэмжлэг үзүүлэв. Тухайлбал, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2021-2023 онд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 суманд шат дараалсан олон үйл ажиллагаа хэрэгжүүлжээ. Уг хууль хэрэгжиж эхэлсэн эхний жилд (2021 он) 15.3 тэрбум, 2022 онд 19.9 тэрбум төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд Хурлын төлөөлөгчдийг иргэдийн эрх ашигт нийцүүлж ажиллах, саналыг нь тусган, хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, уялдуулан төсөвлөх, Засаг даргын үйл ажиллагааг хянах зэрэг зүй ёсны, хуулиар хүлээлгэсэн чиг үүрэгт суралцах, чадавхжуулах цогц сургалт, судалгааг явуулсан байна.
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар 2015-2023 онд “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлсэн. Монгол Улсад эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой хуваарилах чиглэлээр хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулан батлуулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажилласан юм.
Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүд нь ардчилсан засаглал, орон нутгийн байгууллагыг бэхжүүлээд зогсохгүй төрийн үйлчилгээ, хууль тогтоомжийн дэвшилд урт хугацааны нөлөө үзүүлсэн. Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан Швейцарын хөгжлийн агентлаг болон Монголын төрийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт нь Монголын ард түмнийг илүү хүртээмжтэй, ил тод, тогтвортой ирээдүйд бий болгоход хувь нэмрээ оруулж байна.