Швейцарын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Монгол Улсад айлчилж байна


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Press releases, 05.04.2018

Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд, Холбооны Зөвлөлийн гишүүн Игнацио Кассис дөрөвдүгээр сарын 5-наас 6-ны өдрүүдэд  Монгол улсад айлчилж байна.

Швейцарын Гадаад хэргийн сайд Игнацио Кассис Монголд айлчиллаа.
© FDFA

Ноён Кассис Улаанбаатар хотод ажиллахдаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатартай улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлж, Швейцар, Монголын түншлэлийн харилцаа, нэн ялангуяа Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-аас Монгол улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хөтөлбөрүүдийн талаар ярилцана. Уулзалтын үеэр дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах юм. Мөн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн талаар ярилцах юм. Үүний дараа ноён Кассис Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхана.

Ноён Кассис мөн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт зочилж, агаарын бохирдол, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хотын захын гэр хорооллууд дахь төрийн үйлчилгээний чанар хүртээмж зэрэг хотжилттой холбоотой хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ШХА-аас хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцах болно.

Швейцар Улс 2001 оноос хойш Монгол Улстай ШХА-аараа дамжуулан идэвхтэй хамтын ажиллагаагаа явуулж ирсэн. ШХА тус улсад хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол сургалт болон засаглалыг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. ШХА-ийн амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийн нэг болох Монгол төмс хөтөлбөрийн хүрээнд төмсний үйлдвэрлэлийг сэргээж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсон явдал юм.

Швейцар Улсаас Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарт үзүүлж буй төслүүд нь хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжилтэй ажилтны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангахад илүү анхаарч байна. Түүнчлэн Швейцар Улс засаглалыг сайжруулах, төвлөрлийг сааруулахад дэмжлэг үзүүлж ирсний нэг жишээ бол төрийн олон үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн нэг цонхны үйлчилгээний төвийн сүлжээг амжилттай нэвтрүүлснээр Монгол Улсын Засгийн газар эдүгээ энэхүү санаачлагыг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлээд байна.

Айлчлалынхаа хоёр дахь өдөр тэрээр ШХА-аас орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцахаар Төв, Сэлэнгэ аймгийг зорино. Малчин айлд зочлохдоо тэрээр Ногоон алт, малын эрүүл мэнд төслөөс авч хэрэгжүүлж буй малчдын амьжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн зохистой менежментийг боловсронгуй болгох, малын эрүүл мэндийг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний маркетингийг дэмжих чиглэлээр хийж буй ажлын үр дүнтэй танилцана. Мөн тэрээр Тогтвортой бичил уурхай төслөөс нэвтрүүлсэн мөнгөн усгүй технологиор хүдэр баяжуулах үйлдвэрт зочилно. ШХА нь Монгол Улсад бичил уурхайг албажуулж, зөв зохион байгуулалтад оруулахад дэмжлэг үзүүлж ирсэн юм.

 

Холбоо барих:

 

Швейцарын хөгжлийн агентлаг
Утас: 331422
Имэйл: ulaanbaatar@eda.admin.ch