Улаанбаатар хотын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежментийг сайжруулж байна


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Local news, 15.06.2022

Улаанбаатар хотын хог хаягдлын тээврийн компаниуд нь жилд дунджаар 1,3 сая тонн хог хаягдлыг айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжээс цуглуулж, тээвэрлэн  Нарангийн энгэрийн хог хаягдлын  төвлөрсөн цэг, Цагаан давааны хог хаягдлын төвлөрсөн цэг, Морингийн давааны хог хаягдлын төвлөрсөн цэгүүдэд  дарж, булшилж байна. Дээрх хог хаягдлын төвлөрсөн цэгүүдэд тээвэрлэгдэн ирсэн хог хаягдлыг автопүүгээр жигнэж, бүртгэлийн ажилтнууд  бүртгэдэг. Төвлөрсөн цэгүүдийн диспетчерийн бүртгэлийн мэдээллийг үндэслэн дүүргийн төсвөөс хог тээврийн компаниудад санхүүжилтийг олгодог бөгөөд төвлөрсөн цэг хүргэгдсэн нэг рейсд дунджаар 180,000 төгрөг байдаг. 2021 оны байдлаар нийслэл, дүүргийн төсвөөс хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Улаанбаатарын хогийн цэг
Улаанбаатарын хогийн цэг ©ШХА

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент (УБХХЦТМ) төслийн хүрээнд нийслэлийн хог хаягдлын төвлөрсөн цэгүүдэд хог тээврийн бүртгэл, хяналтын шинэ системийг хөгжүүлсэн. Энэхүү  шинэ систем нь  автомашины улсын дугаар таних камер болон RFID буюу зайнаас радио долгион мэдэрч ашиглан хог тээврийн автомашинуудыг автоматаар бүртгэх цахим систем,  тохижилт үйлчилгээний компаниудын хог тээврийн   бүх машинд мэдрэгч бүхий ялтсыг суулгах,  диспетчерийн байранд хяналтын камер суурилуулах, GPS-д суурилсан нэгдсэн хяналт, удирдлагын системээс бүрдэж байгаа бөгөөд  дээрх ажлуудыг  2020 онд амжилттай хэрэгжүүлсэн.

Энэхүү ажлын үр дүнд хог тээврийн машинуудыг төвлөрсөн цэгт нэвтрүүлэх хурд нэмэгдэж, бүртгэлийн ажилтнуудын ажлыг хөнгөвчилсөн нэгдсэн хяналтын системийг сайжруулахын зэрэгцээ хог тээврийн автомашинуудыг төвлөрсөн цэгт  давхардуулан бүртгэдэг, төвлөрсөн цэгт ирж байгаа хог хаягдлын хэмжээг зориудаар өсгөдөг, олон давтамжтай бүртгүүлж төсвөөс илүү санхүүжилт авдаг зөрчлийг арилгаж төсвийн хөрөнгийг хэмнэсэн үр дүн гарч байна. Төсөл хэрэгжснээр залилан болон авлигын эсрэг ухамсар, ёс зүйн талаар сонирхолтой үр дүн гарсан. Энэ талаар УБ хотын ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дахин боловсруулах үйлдвэрүүд болон хог хаягдлын төвлөрсөн цэг хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбаяр:

Төсөл хэрэгжихээс өмнө Улаанбаатар хотын хог хаягдлын төвлөрсөн цэгүүдэд ирж буй хог тээврийн автомашиныг диспетчерийн оролцоотойгоор гараар бүртгэж бүртгэлийн системд оруулдаг байсан ба автомашины жинг нэмэгдүүлэх, төвлөрсөн цэгт ирж байгаа автомашиныг рейсийг давхардуулан бүртгэх,  рейсийн тоог нэмэгдүүлэх зэрэг зөрчил дутагдал сард дунжаар 60 удаагийн давтамжтайгаар гарч  байсан юм.  Төслөөр хэрэгжүүлсэн хог хаягдлын бүртгэл, хяналтын ухаалаг системийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер төвлөрсөн цэгийг хариуцан ажилладаг Нийслэлийн Хот тохижилтын газар  болон хог тээврийн компаниудад зөвхөн автомашины дугаар танигч камераар болон RF ID бүртгүүлсэн хог тээврийн машинуудад санхүүжилт олгох, төвлөрсөн цэгт нэвтрүүлэхийг үүрэг болгосон. Ингэснээр дээрх зөрчил, дутагдал үндсэндээ арилж жилд дунжаар 130 гаруй сая төгрөгийн төсвийн хэмнэлт бий болж байна.

Төслийн хүрээнд мөн хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг сайжруулахаар журам, стандартуудыг боловсруулж тэдгээрийг олон нийт болон холбогдох байгууллагуудад танилцуулах үйл ажиллагаа хийгдэж байна. Үүний зэрэгцээ хог хаягдлыг бууруулах, дахивар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажиллагааг дэмжих зорилгоор хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилах, ангилсан хог хаягдлыг тээвэрлэх туршилтын төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү туршилтын төслийг хэрэгжүүлснээр цаашид Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлыг ангилан ялгах, ангилсан хог хаягдлыг тээвэрлэх үр ашигтай загвар бий болох юм.

Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үр ашигтай, хэмнэлттэй  менежментийг нэвтрүүлэх, Хог хаягдлын хуульд заасан хог хаягдлын хураамжийг нэг иргэнээр тооцон авах заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор туршилтын төслийг хэрэгжүүлж байгаа Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниудын  санхүүгийн үйл ажиллагаанд бүрэн шинжилгээ хийж одоогийн зардал, үр ашгийн тооцоог хийлээ. Энэхүү зардал, үр ашгийн тооцоо судалгаанд үндэслэн дээрх дүүргүүдийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг төсвийн дэмжлэг, татаасгүй, гаргасан зардлаа нөхөхүйц хэмжээний хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хэмжээг нэг иргэнээр тооцон гаргаж дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох газар, хэлтсүүдэд танилцуулсан бөгөөд зардалд суурилсан хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хэрхэн тооцох талаар зөвлөмж, гарын авлага гаргаж сургалтуудыг зохион байгууллаа. Дээрх үйл ажиллагаанууд хэрэгжилтийн шатандаа явж байгаа бөгөөд  үр дүн гарах хараахан болоогүй байна.

Дэлгэрэнгүй Эерэг давалгаа хуудаснаас аваарай