D-Parliament – Иргэдийн оролцоог хангана


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

Article, 12.04.2023

Интернет бол мэдээлэл олж авах, мэдлэгээ хуваалцах, ил тод байдлыг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл юм. Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА) нь иргэдийн оролцоог дэмжих, мэдээлэл авахад хялбар болгох зорилгоор энэхүү гол хэрэгслийг ашиглаж байна. 

УИХ-ын даргын зөвлөх Б. Мягмардорж
УИХ-ын даргын зөвлөх Б. Мягмардорж ©ШХА

ШХА нь ардчилсан үйл явцыг хэрхэн дэмждэг талаар илүү дэлгэрэнгүй ойлголт өгье.

Монгол Улсад интернэт 1996 онд анх нэвтэрсэн бөгөөд тухайн үед ердөө 500 хэрэглэгч байсан бол 2022 оны байдлаар нийт хүн амын 80 хувь болох 2.6 сая хэрэглэгч интернэтэд холбогдсон байна. Мөн нийт иргэдийн 87.4 хувь нь харилцаа холбооны ухаалаг төхөөрөмж хэрэглэж байгаа аж. Цахим технологийн хэрэглээ ийм өндөр хэмжээнд байгаа нь веб, аппликэйшн хосолсон  D-parliament цахим системийг ашиглах нь хуулийг боловсруулахаас эхлээд хэлэлцэн батлах, хэрэгжүүлэх, хянах бүхий л үе шатад иргэдээ сонсох, тэдний саналыг тусгах, зөвлөлдөх ардчиллыг төлөвшүүлэх, засаглалыг цахим болгоход чиглэсэн бусад зорилтууд амжилттай, үр дүнтэй хэрэгжих суурь болж буй аж.

“D-parliament цахим системийг 2022 оны 04 дүгээр сард нээж, иргэд, олон нийтэд танилцуулснаас хойш манай системд хамгийн өндөр хандалт авсан үйл явдал бол Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд иргэдийн саналыг нээлттэй хүлээн авсан явдал юм” хэмээн Б.Мягмардорж хэллээ. Мягмардорж бол дулааны инженер мэргэжилтэй ч цахим ертөнцөд дурласан, Монголын шинэ үеийн төлөөлөл болсон 30 гаран насны залуу юм. Б.Мягмардорж одоо Монгол Улсын Их Хурлын даргын Цахим бодлогын зөвлөхийн ажил хийдэг. Монгол Улс бол засаглалын хувьд ардчилсан тогтолцоотой бөгөөд парламент дахь иргэдийн оролцоо, дуу хоолой өргөн хүрээтэй, хяналт шаардлага нь зөв бодитой байж чадвал ардчиллыг амьд, хөдөлгөөнтэй байлгах гол хүчин зүйл болно гэдэгт Б.Мягмардорж итгэдэг.           

Монгол Улсын Их Хурал хууль санаачлагч, төсөл боловсруулагчдад зориулсан lawmaker.parliament.mn, иргэд олон нийт хуулийн төсөлд санал өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлсэн lawforum.parliament.mn гэсэн 2 системийг 2020 оноос ашиглаж эхэлсэн боловч хууль санаачлагчид болон иргэдэд төвөгтэй, уг хоёр систем төдийлөн үр дүнтэй байгаагүй аж. Харин энэхүү хоёр системийг нэгтгэн “D-parliament” вэб, аппликейшн хосолсон цахим системийг өнгөрсөн онд иргэдэд танилцуулж эхэлснээс хойш уг цахим системд 281 хуулийн төсөл байршуулж, 35 улс орноос, 205 328 иргэн үзэж танилцаад байна хэмээн Б.Мягмардорж хэллээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд иргэдийн саналыг “D-parliament” цахим платформоор дамжуулан нээлттэй хүлээн авсан явдал нь Б.Мягмардоржийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Учир нь Монгол Улсын түүхэнд анх удаа улсын төсөв дэх олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилготой хэлэлцүүлэг болсон юм. Улсын төсвийн дийлэнх хэсэг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас төлсөн татвараас бүрддэг тул нийтийн хөрөнгө. Иймд иргэд, аж ахуйн нэгж тухайн жилд татварын орлогоор ямар бүтээн байгуулалт хийж, ямар зүйлд зарцуулж буйд саналаа хэлж, оролцож, хяналт тавих нь төсвийг үр ашигтай зарцуулах, ил тод байдлыг хангахад чухал алхам юм.

Тухайн үед иргэдийн саналыг D-parliament цахим систем, мэйл, утас гэсэн 3 хэлбэрээр аравдугаар сарын 7-17-ны хооронд буюу 10 хоногийн хугацаанд авчээ. Энэ хугацаанд зөвхөн D-parliament цахим системд гэхэд 68,641 хүн зочилж, 15,293 иргэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай танилцаж, 798 санал ирүүлсэн нь энэхүү цахим систем нээгдсэнээс хойших хагас жилийн хугацааны рекорд үзүүлэлт болж, үнэмлэхүй дээд амжилт тогтоосон байна. “Иргэдээс ирүүлсэн санал нэг бүртэй танилцан, хариу өгч, холбогдох ажлын хэсэг, Байнгын хороонд уламжилсан” хэмээн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ. Үнэхээр санал нэг бүртэй танилцаж, хариу өгсөн болов уу. Энэ талаар Монгол Улсын 2023 оны төсөвт D-parliament цахим системээр дамжуулан саналаа өгсөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын  Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэгээс тодрууллаа. Тэрбээр өөрийн хариуцан ажилладаг хүүхдийн 67 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 2023 онд барьж дуусгахгүй бол харьяа айл, өрхийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох боломж хумигдаж, цэцэрлэгийн ачаалал хэтэрч, хүүхдийн эрх зөрчигдөж буй талаар саналаа хэлсэн аж. Тус цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай ч 400 гаран хүүхэд хамрагддаг байна. Харин түүний ирүүлсэн саналыг судлан Монгол Улсын 2023 оны төсөвт тусгасан талаар эргэн хариу мэдэгдэхэд тэр үнэхээр их баярлажээ. Энэ талаар түүнд мэдэгдсэнээ Б.Мягмардорж ярихад түүний нүд очтон гэрэлтэж байлаа.

Цахим системийн хөгжүүлэлт одоо ч үргэлжилж байгаа бөгөөд цаашид олон нийтийн саналд тулгуурлан илүү боловсронгуй, хүртээмжтэй болгохоор зорьж байгаа хэмээн Б.Мягмардорж итгэл төгс хэллээ. Парламент, иргэн гэдэг хоёр ойлголт нэгнээ эгц дээрээс, эсвэл ижил тэнцвэргүй харсан эсрэг, тэсрэг зүйлс биш, харин ч нэг нь нөгөөгөөсөө салшгүй харилцан хамааралтай, байнгын амьд, тэгш холбоотой байх харилцаа бөгөөд үүнд Монгол Улсын Их хурлаас хэрэгжүүлж буй D-parliament цахим систем үр дүнгээ өгөх нь түүнийг хариуцан ажиллаж буй Б.Мягмардоржийн ярианаас тодхон байна.

Дэлгэрэнгүйг мэдээллийг D-parliament-аас аваарай.