Малчдын хүүхдүүдэд очсон хүмүүнлэгийн тусламжууд


Diese Seite ist nicht auf Deutsch übersetzt. Bitte wählen Sie Ihre bevorzugte Sprache aus:

14.04.2023

Өнгөрч буй өвөл Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт хүндэрч, олон мянган мал хорогдсон байна. 

Хүүхдүүд тусламж хүлээн авч байгаа нь
Хүүхдүүд тусламж хүлээн авч байгаа нь ©Хүүхдийн Ивээх Сан

Малчид цас зудын үеэр ихэнх орлогоо малдаа өвс, тэжээл авах, отор нүүдэл хийх зэрэгт зарцуулж, хүүхдүүдийнхээ боловсролд болон өдөр тутмын хэрэглээний зүйлсийг авахад мөнгө дутагдах үе гарсан. Мөн их хэмжээний цас орж,  зам даваа цасанд хаагдаж, малчид сумын төв орж хүүхдүүдээ эргэх, хэрэгцээтэй зүйлсээр хангахад хүндрэл бэрхшээл тулгарсаар байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр малчдын хүүхдүүд болон тэдний амьдардаг дотуур байранд зориулсан тусламжийн хөтөлбөрийг Хүүхдийг Ивээх Сангаас амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөр хэрэгжүүлэгчид Зудын эрсдэл хамгийн өндөр байсан аймаг, сумаар явж үнэлгээ хийхэд дотуур байранд амьдардаг малчдын хүүхдүүдэд өдөр тутмын эрүүл ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд, зарим хүүхдэд дулаан гутал, хөнжил зэрэг зүйлүүд хэрэгцээтэй байгаа талаар судалгаа гарсан байна. Тиймээс энэхүү тусламжийн хөтөлбөрийг Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн 15 суманд хэрэгжүүлсэн юм.

Малчдын хүүхдүүд эрүүл ахуйн багц авлаа

Завхан аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нэг өрөөнд амьдардаг дөрвөн хүү эрүүл ахуйн багцын тусламж аваад байгаа нь энэ. Тэс сумын дотуур байрны 83 хүүхэд энэ өдөр эрүүл ахуйн багц авчээ. Т.Рэнчинсамбуу, Т.Сайнсамбуу хоёр, Д.Түвшинбат, Д.Мөнх-Эрдэнэ хоёр ах дүүс. Тэдний нэг Д.Түвшинбат “Дотуур байрны хүүхдүүд бүгдээрээ эрүүл ахуйн багц авсан. Манай тасгийн ариун цэврийн хэрэглээний зүйлүүд дуусаж байсан. Бидэнд хэрэгцээтэй саван, алчуур, оо сойз зэргийг багтаасан эрүүл ахуйн багц өгсөн Швейцарын хөгжлийн агентлагт баярлалаа” гэж хэллээ. Тэгвэл энэ сумын зэргэлдээх Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны 56 хүүхэд эрүүл ахуйн багц авсан юм. Хүүхдүүд өөр өөрсдийн амьдардаг өрөөндөө орж, эрүүл ахуйн багцаа задлан, баяр хөөртэй байлаа. Малчин эцэг эхчүүдээс сэтгэгдлийг нь сонслоо. Завхан аймгийн Баянтэс сумын малчин Ш.Туяа “Манай гурван хүүхэд дотуур байранд амьдардаг. Хөдөө гэр, дотуур байр гээд хоёр газарт ариун цэврийн хэрэгсэл авахад мөнгө төгрөг зарцуулна. Эрүүл ахуйн багц өгсөнд баярлалаа” гэв. Тусламжийн хөтөлбөрөөр 3 аймгийн 15 сумын дотуур байрны 1,030 хүүхдэд эрүүл ахуйн багц, сэтгэл зүйн анхны тусламжийн товхимлын хамт өгсөн юм.  Энэ нь малчид зудын үеэр ихэнх орлогоо малдаа зарцуулдаг, зам даваа цасанд хаагдаж, малчид сумын төв орж хүүхдүүдээ эргэх, хэрэгцээтэй зүйлсээр туслахад бэрхшээл үүссэнтэй холбоотой байв. 

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зөөлөн эдлэл, дулаан гутал өгөв

Зудтай байгаа ихэнх сумууд өвлийн улиралд хүйтэн цаг агаартай байдаг. Тухайлбал, Завхан аймгийн Баянтэс, Тэс сумуудад 2023 оны өвөл шөнөдөө -51, өдөртөө -38 хэм хүртэл хүйтэрч, 40-50 см зузаан цастай байжээ. Тиймээс олон ам бүлтэй айлын хүүхдүүд, өнчин, хагас өнчин, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зорилтот бүлгийн 300 хүүхдэд дулаан гутал өгсөн юм. Орон нутгийн онцлогтой уялдуулан хүүхдүүдэд хүйтнийг тэсвэрлэх, дулаан хадгалах боломжтой өвлийн гутал сонгосон аж. Нийт 15 сумын дотуур байр 400 ширхэг зөөлөн эдлэлийг тусламж болгон хүлээн авлаа. Тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлсэн сумуудын дотуур байрууд сүүлийн 4-8 жилийн хугацаанд зөөлөн эдлэлүүдээ солиогүй, хуучирч, дулаан хадгалах чадвараа алдсан байв. Зөөлөн эдлэлд хөнжил, гудас, цагаан хэрэгсэл багтсан юм.  

Дотуур байрууд боловсролын багц, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн авлаа

Малчдын хүүхдүүд нэг жилийн 9 сард нь дотуур байранд амьдардаг. Дотуур байр бол тэдний хоёр дахь гэр. Тиймээс дулаан тохитой байлгаж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэхэд нь шаардлагатай зүйлсээр хангах шаардлага бий. Тусламжийн хөтөлбөрөөр Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн 15 дотуур байранд ном, тоглоомын багц өгсөн юм. Мөн эдгээр газруудад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд авахад нь зориулан мөнгөн тусламж үзүүлэв. Үүнээс гадна яаралтай үеийн тусламжийн бэлэн байдлыг хангах зорилготой анхны тусламжийн багцыг дотуур байр бүрд өгөв. Энэ багцад анхны тусламжийн үед шаардлагатай боолт, шархны наалт, гурвалжин алчуур, халдваргүйжүүлэх уусмал, шарх халдваргүйжүүлэх тос зэрэг зүйлүүд багтжээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлсэн малчдын хүүхдүүд болон тэдний амьдардаг дотуур байранд зориулсан тусламжийн хөтөлбөр нь цагаа олсон төдийгүй малчдад ч, хүүхдүүдэд ч хэрэгцээтэй, өгөөжөө өгсөн хүмүүнлэгийн төсөл байлаа.